Ардчилсан намын 30 жил, Үндэсний анхдугаар чуулган болон цаг үеийн асуудлаар АН-ын зөвлөхүүдийн танхимын гишүүн С.Эрдэнэ, АН-ын дэд дарга Ц.Алтанцэцэг,  Д.Ганбаяр нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ С.Эрдэнэ: "2021 оны 12 сарын 4-6-ны хооронд АН Үндэсний анхдугаар чуулганаа зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. 12 сарын 4-нд хүндэтгэлийн бөхийн барилдаанаар үйл ажиллагаа маань эхлээд, 12 сарын 5-нд чуулган эхэлж, 6-нд үргэлжилж дараа нь орон нутгийн удирдлагуудтай чөлөөт уулзалт ярилцлагууд хийнэ. Энэ чуулганыг зохион байгуулах шалтгаан, шаардлага юу вэ? гэхээр өмнө нь бүсийн чуулганыг 20 гаруй удаа, үндэсний аянг 4 удаа зохион байгуулсан. Энэ бүхнийг нэгтгэсэн чуулган хараахан хийгдэж амжаагүй байсан. Тийм учраас энэ удаа Үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулж байгаа юм.

 

Чуулганы гол зорилго нь өнөөдөр үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд намын гишүүд, анхан дунд шатны байгууллагуудын оролцоо, тэдний үзэл бодол, байр суурийг сонсох, нөхцөл байдлыг хангах юм.

 

1206 хүн уг чуулганд оролцоно. Үндсэн 3 том илтгэл тавигдана, салбар 4 мэдээлэл, илтгэл тавигдана. Уг чуулганы үеэр нэгдүгээрт улстөрийн намын тухай хуулийн төслийг танилцуулна. Хоёрдугаарт АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг танилцуулна. Гуравдугаарт өнөөдөр үүсээд байгаа нөхцөл, байдлын хүрээнд хүний эрхийн асуудлыг онцгойлж тавих юм. Сүүлийн арваад жил хүний эрхийн оролцооны асуудал хумигдсан.Эрх баригчдын зүгээс дарангуйлал бий болгох санаархлыг ил далд хэлбэрээр явуулж ирсэн нөхцөл байдлуудыг дүгнэж, уг асуудлыг хэлэлцүүлнэ гэсэн зорилготой байна." гэв.