Монгол Улсаас анх удаа олон улсын баримт шалгагчдын баталгаат эрх авсан Mongolian Fact-Checking Center буюу Монголын баримт шалгагчдын төвийн баримт шалгагч, редактор Э.Батцэцэгтэй ярилцлаа.

-Сэтгүүл зүйн салбарт факт-чек буюу баримт шалгах гэдэг нэр томъёо нэвтрээд удаагүй байна. Үүнийг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлүүд голчлон ашигладаг. Танай төвийн үйл ажиллагаа үүнтэй адил гэсэн үг үү?

 

-Бага зэргийн ялгаатай. Сэтгүүлчид эх сурвалжаа нууцлах эрхтэй байдаг бол баримт шалгагчид эх сурвалжаа нээлттэй мэдээлэх үүрэгтэй. Мөн сэтгүүл зүйн бүтээлд адилтгал, зүйрлэл, жаргон ч хэрэглэж болдог бол баримт шалгалтын тайланд сэтгэл хөдлөл, тойм тоо илэрхийлсэн утгатай үг хэрэглэхийг хориглодог. Харин нөгөө талаас баталгаат баримт шалгагчдад технологийн сүүлийн үеийн дэвшлүүд, автоматжуулалтыг ашиглах эрх олгож, сургалт ордог учраас сэтгүүлчдээс арай давуу талтай.

Сүүлийн үед баримт шалгах үйл ажиллагаа Монголд нэвтэрч, хөгжиж байгаа нь олон улсын түвшинд хүрч буйн нэг сайн жишээ л дээ. Гэхдээ Олон улсын баримт шалгагчдын сүлжээ /International Fact-Checking Network/-ээс тогтоосон ёс зүйн код, үйл ажиллагааны зарчмуудыг баримталж, хараат бус, нээлттэй ажилладаг байх нь чухал. IFCN-ийн шаардлага гэдэг нь нам бус, эх сурвалжаа нээлттэй мэдээлдэг, санхүүжилт нь ил тод, мөн алдаа гаргасан тохиолдолд залруулга хийх бодлоготой, баримт шалгах арга зүйгээ мэдээлдэг, хуваалцдаг байх гэсэн зарчмаар зохицуулагддаг. Эдгээр шаардлагыг хангаж, тодорхой хугацаанд сургалтад хамрагдаж, баримт шалгагчдын ёс зүйн дүрмийг баримталж, жил орчим тогтмол хуурамч мэдээллийг таньж, түүнийгээ олон нийтэд мэдээлсэн. Энэ процессоо хөндлөнгийн шинжээчдээр үнэлүүлж, баримт шалгагчдын код, ёс зүйн дүрмээ чанд баримталсан эсэхийг шалгуулсны дараа манай Mongolian Fact-Checking Center буюу Монголын баримт шалгагчдын төв 2021 оны зургадугаар сард албан ёсны баталгаажуулалтаа авч, Олон улсын баримт шалгагчдын сүлжээний албан ёсны эрхтэй Монголын анхны төв болсон юм. Ингэж олон улсын сүлжээний гишүүн болсноор баримт шалгалт хийх автоматжуулалт, сошиал хяналтын түүлс, бусад тусгай эрхийг эзэмшиж, үйл ажиллагаандаа хэрэглэх боломжтой болсон. Түүнчлэн олон улс дахь баримт шалгагчидтай нэг сүлжээнд мэдээллээ хуваалцаж, тухайн улстай холбоотой агуулгыг нягтлахад туслалцаа авдаг.

 

-Энэ лхагва гарагт дэлхийн баримт шалгагчид YouTube-д хандаж шаардлага хүргүүлсэн байсан. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

-IFCN-ээс YouTube платформын Гүйцэтгэх захирал хатагтай Сьюзан Вочицкид хандан нээлттэй захидал илгээсэн юм. Уг нээлттэй захидалд YouTube-ээр цацагдаж буй хуурамч болон ташаа мэдээллийг бүрэн ил тод мэдээлэх үүрэг хүлээх, мөн зохицуулалтын бодлогоо сайжруулах, хуурамч мэдээлэл тогтмол нийтэлдэг хаягуудыг цэгцлэх, цаашлаад бидэнд хамгийн их хамаатай зүйл нь англиас бусад хэл дээрх хуурамч мэдээллийн эсрэг технологийн шинэчлэлт хийх зэрэг асуудлыг шийдвэрлэх санал тавьсан.

Сүүлийн жилүүдэд YouTube ашиглан хуурамч болон ташаа мэдээлэл түгээх тохиолдол эрс ихэссэн нь олон улсын баримт шалгагчдын хяналтын үйл явцад илэрч ирсэн. Гэвч үүнийг бууруулах талаар YouTube-ийн зүгээс үр дүнтэй арга хэмжээ авахгүй байгаа тул ийнхүү дэлхий даяараа нэгдэж, хуурамч болон ташаа мэдээллийг бууруулах талаар хамтран ажиллах санал тавьж байгаа юм. Энэ ажилд манай Mongolian Fact-Checking Center цагийн бүсээс хамаарч Ази тивийг хариуцсан хэвлэлийн төлөөлөгч байгууллагаар ажиллаж байна.

 

-YouTube-ийн зохицуулалтын бодлогыг сайжруулах гэдэг нь юу гэсэн үг вэ?

 

-YouTube платформд оруулсан хэрэглэгчийн контентыг өөр нэг хэрэглэгчид үзүүлэх тэр явцыг ямар алгоритм хэрхэн шийддэг юм бэ, өөрөөр хэлбэл ямар зарчмаар үүнийг надад үзүүлж байгаа юм бэ гэдгээ энгийн ойлгомжтой байдлаар ил тод тайлбарлаж өгөхийг хүсэж байгаа юм. Мөн YouTube байршсан агуулга нь хуурамч болон ташаа гэдгийг тодорхойлбол шууд устгах арга хэмжээ авдаг. Гэтэл тэрхүү хуурамч бичлэг үзсэн хүмүүс тэр чигтээ л агуулгад нь итгээд үлдэх юм. Харин үүний оронд уг бичлэг байршсан хэвээр, дээр нь баримт шалгалтаар ийм учраас хуурамч, ташаа мэдээлэл байна гэдгийг нь тамгалаад өгөх нь зүйтэй гэдэг санал оруулж байгаа. Энэ нь нэгэнт хуурамч мэдээлэлд итгэсэн бүх хүний ойлголтыг залруулах боломжгүй ч шууд устгахаас арай дээр хувилбар юм л даа.

 

-Хуурамч мэдээлэл тогтмол нийтэлдэг хаягуудыг цэгцлэх арга замыг юу гэж тодорхойлсон бэ?

 

-Энэ нь ихэвчлэн нөлөөлөгчдөд хамаатай зохицуулалт байж магадгүй. Учир нь их хандалттай, олон сая хүн үздэг нөлөөлөгчид санамсаргүй болон санаатай байдлаар батлагдаагүй, ташаа мэдээлэл цацсан тохиолдолд тухайн контентын үзэгдэлтийг бууруулах, цаашлаад YouTube-ээс авдаг орлогыг багасгах хүртэл арга хэмжээ авах хувилбарыг санал болгосон.Үүнээс гадна Ковид-19 цар тахал, вакцинжуулалттай холбоотой хуурамч мэдээллүүд, батлагдаагүй эмчлэх аргууд, мөн хорт хавдар зэрэг өвчнийг эмчлэх тухай, цаашлаад үймээн самуунд турхирсан, бусдын нэр төрд халдсан, гэмт хэргийн шинжтэй агуулга оруулсан хаягуудыг цэгцлэх ажлыг эрчимжүүлэхийг хүсэж байгаа юм.

 

-Баримт шалгагчдын шаардлага хэр хүчтэй вэ. Технологийн аварга компаниуд та бүхнийг сонсож, үйл ажиллагаандаа саналыг нь тусгана гэдэгт хэр итгэлтэй байгаа вэ?

 

-Өнгөрсөн жилийн Нобелийн Энхтайваны шагналыг Филиппины Rappler вэбсайтын үүсгэн байгуулагч Мариа Ресса гэдэг баримт шалгагч, сэтгүүлч хүртсэн нь хуурамч мэдээлэлтэй тэмцэх үйл хэрэг ямар үнэ цэнтэй байгааг илэрхийлсэн явдал боллоо. Дэлхий нийтээр хуурамч, ташаа мэдээлэлд автахгүй, түүнийг ялгаж таньдаг, хараат бус, нээлттэй, шударгаар олон нийтэд мэдээлдэг байх нь энхтайван, амар амгалан оршихын үндэс гэж үзсэн учраас ийнхүү Нобелийн шагнал олгосон байх. Түүнээс гадна IFCN сүлжээнд дэлхийн таван тив дэх 100 гаруй улсын баримт шалгах төв нэгдэн орж, ярилцлагын эхэнд дурдсан шаардлагуудыг хангаж ажилладаг. Энэ нь жил бүр сунгагддаг учраас дунджаар 120-150 орчим байгууллага баталгаажуулалттай төв болон үйл ажиллагаа явуулдаг.

 

 

 

Технологийн компаниуд хуурамч мэдээллийг бууруулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, дэмжиж ажилладаг. Тухайлбал Мета компани дэлхий даяар хамгийн их хэрэглэдэг Facebook платформ дахь хуурамч мэдээллийг бууруулахад баримт шалгах төвүүдтэй нягт хамтран ажилладаг. Манайх шиг IFCN-ий баталгаажуулалттай баримт шалгагчдын худал болон төөрөгдүүлсэн мэдээлэл гэж дүгнэсэн агуулгыг Facebook платформ дээр үзэгдэлтийг бууруулахаас гадна орж үзэх боломжгүй болгож тамгалдаг.

 

 

 

Ингэхдээ “Баримт шалгагчдаас хуурамч гэдгийг нотолсон тул энэ агуулгыг үзэх боломжгүй байна. Яагаад гэвэл…” гээд баримт шалгалтын тайланг шууд орж үзэх холбоосыг оруулж өгсөн байдаг. Манай төв энэ сараас энэхүү эрхийг авах төгсгөлийн буюу гурав дахь шатны сургалтдаа хамрагдаж, эхний улиралд багтаан Facebook-т хаалт тавих боломжтой болох юм.

 

-Олон улсын хэмжээнд оролцоотой баримт шалгах төв манайд үйл ажиллагаа явуулдагт талархаж байна. Цаашид дотооддоо та бүхэн хуурамч мэдээллийн эсрэг ямар үйл ажиллагаа явуулахаар зорьж байна вэ?

 

-Бид Монголд анх удаа олон улсын стандартыг ханган ажиллаж байгаагийн хувьд олж авсан мэдлэг, мэдээллээ хуваалцаж, илүү олон хүн хуурамч болон ташаа мэдээллийг ялган таньдаг болгохыг зорьж ажилладаг. 2020 оны гуравдугаар сард байгуулагдсан цагаасаа хойш хийсэн баримт шалгалтуудын 98 гаруй хувийг сошиал сүлжээнд хувь хүний түгээсэн мэдээлэл эзэлдэг. Харин мэргэжлийн редакцтай хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, агуулга маш цөөн буюу дөнгөж 1.8 хувийг эзэлж байна. Энэ нь ихэвчлэн судалгаа дутуу, эсвэл орчуулгын алдаа болон хууль эрх зүйн мэдлэг дутсанаас үүдсэн мэдээлэл байдаг.

Манай төвийн зүгээс байгууллага болон хувь хүмүүст баримт шалгах үйл ажиллагааны талаар үе шаттай сургалт явуулдаг. Цаашид илүү олон хүнд л хуурамч мэдээллийг ялгаж чадах мэдээллийн боловсролтой болгохыг зорьж ажиллаж байна.

 

 

Х.Хатан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин