Г.Гантулга: Гаалийн бүрдүүлэлтийн дарааллын дагуу ачаа барааг чингэлэгт тээврээр авчирч байна
2022/01/18
Коронавируст халдварын улмаас Эрээн-Замын-Үүдийн авто замын боомт хаагдаж, дотоодод бараа бүтээгдэхүүний ховордож эхэлсэн.
Мөн иргэдийн ачаа бараа хилийн цаана гацсаар хэдэн сарын нүүрийг үзэж байна. Харин энэ сарын 13-наас чингэлэгт тээврийг эхлүүлснээр Эрээн талд гацсан ачаанууд ирсээр байна. Харин чингэлэгт тээврээр ирэх ачаа бараа ямар дарааллаар ирж байгааг ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулгаас тодрууллаа.
Тэрбээр "Ачаа бараа нь гаалийн бүрдүүлэлтийн дарааллын дагуу ирж байгаа. Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ачаа барааны эрэмбэ дараалал өөрчлөх эрх хэнд ч байхгүй. Зөвхөн стратегийн холбогдолтой эм, эмнэлгийн хэрэгсэл, хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой ачааг хариуцсан яамных нь албан бичигтэйгээр эрэмбэ дарааллыг хил дээр ажиллаж буй хүмүүс өөрчилж болно. Бусад төрлийн бараа бүтээгдэхүүн нь гаалийн бүрдүүлэлт хийсэн дарааллын дагуу ирнэ" гэлээ.
Засгийн газрын 26 дугаар тогтоолын дагуу Замын-Үүд боомтод тусгай журам хэрэгжүүлэхээр цагдаагийн 161 алба хаагч, 28 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгааг ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ууганбаяр хэллээ.
Мөн тэрбээр ачаа тээвэртэй холбоотой авлигын талаарх санал гомдол иргэн, хуулийн этгээдээс ирээгүйг мөн онцолсон юм.
Цагдаагийн дэд хурандаа Б.Ууганбаяр "Хилийн 0 цэгээс Замын-Үүд хүртэлх тээвэрлэлтийн үнийг улсаас дааж байгаа. Тиймээс үүн дээр авлига өгөх, ачаа бараагаа урагшлуулах асуудал огт байхгүй.
Гаалийн бүрдүүлэлтээ хийгээд логистикийн төв дээр очсон хойно нь иргэд, хуулийн этгээд ачаагаа авах нь чөлөөтэй" гэлээ.