1. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2020 оны 11 сараас хойш нийслэл хотын нутаг дэвсгэрт байрлах иргэн аж ахуй нэгжийн ажлын байрны вакуум цонхоор нэвтрэх, хаалгыг эвдэх зэргээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, 70 удаагийн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн 23-35 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Б нарын 8 этгээдийг баривчлан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны баривчлах үед тухай этгээдийн гэрээс эд мөрийн баримтаар хар өнгийн зөөврийн компьютер, проктер, зөөврийн хард диск, гуулин бурхан 3 ширхэг зэрэг эд зүйлийг хураан авсан.  Б нь урьд өмнө хулгайлах гэмт хэрэгт 3 удаа ял шийтгүүлсэн, нийт гэмт хэрэг үйлдсэн 8 этгээдийн 2 нь хулгайлах гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлсэн байна.
  2. Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрээс нийт 34 тооны адууг хулгайлан, Хэнтий аймаг руу тууж,  бэлчээр орчимд 5 тооны адууг нядлан зарж борлуулсан 35-45 насны эрхэлсэн тодорхой ажилгүй А, Б нарыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдаас шуурхай эрэн сурвалжлан олж тогтоосон байна. Хэргийн холбогдогч А нь урьд хулгайлах, танхайрах, хүнийг санаатай алах гэмт хэргүүд үйлдсэн 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, гэмт хэргийг хамтран үйлдсэн Б нь хүнийг санаатай алах, хулгайлах гэмт үйлдсэн 4 удаагийн ял шийтгэл хүлээсэн байна.
  3. Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн буюу өглөөний 05 цаг орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд “зодуулсан хүн амьсгалахгүй байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу шуурхай шалгахад  тус тоотод оршин суух эмэгтэй 45 настай иргэн Н-ийг нөхөр 44 настай  Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас зодож амь насыг нь хохироосныг шалгаж байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс:

-Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Авто худалдааны төвд эрхэлсэн тодорхой ажилгүй  37 настай, эрэгтэй Б  нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэр бүхий 8 иргэний дунд хууль бус мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулсан,

-Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “English Garden” хотхонд эрхэлсэн тодорхой ажилгүй  39 настай, эрэгтэй, Б,Ц нар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэр бүхий 13 иргэний дунд хууль бус мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулсан

- Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 7 дугаар байранд Т” гэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэр бүхий 4 иргэний дунд хууль бус мөрийтэй автомат тоглоом зохион байгуулсан зэрэг гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.  Т нь урьд өмнө хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар нийт есөн удаа торгуулын арга хэмжээ авахуулж байсан.

Тухайн тоглоомын газруудаас хууль бус үйлдэлд ашиглаж байсан хөзөр, четон, бэлэн мөнгө болон гадаад вальют зэргийг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ