Бар жилийн өнгө зурхайд ингэж буужээ
2022/01/28
Монгол зурхайн Түвдэнпэджээлин хийдийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, хамба лам Ж.Гончигсүрэн:БУЯН ХИЙЖ БАЙЖ САЙЖИРНА
-Энэ жилийн шороон үхрийн зураг ямар байна вэ?
-XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийг шороон үхрийн шинжээр авч үзвэл, хөх толгойтой, хөх ногт бурантагтай, цагаан ходоодтой, улаан омруу, хөх шийртэй, эвэр, чих, сүүл нь шар, ногоон зүсмийн үхэр амаа ангайж сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай дүрслэгдсэн. “Үхэрчин” нь хөх царайтай, шар дээлэн дээр ногоон бүс бүсэлсэн. Малгайныхаа баруун чихийг буулгаж, зүүнээ дээш сойсон, нэг гэзгээ зүүн чихнийхээ араар, нөгөөгөө баруун чихнийхээ урдуур унжуулсан, өвсөн сологтой бургасан шар шилбүүр барьсан, чадархаг идэр залуу, үхрийнхээ баруун талд нь хөл нүцгэн, алгуур тайван алхаж явна.
“Шороон үхэр”-ийн шинжээр жилийн ерөнхий байцыг дүгнэвэл, салхи ихтэй, навч цэцэг дэлгэрэн хий өвчин тархана. Хавар болон улирлуудын эхээр хуртай. Улс орны ерөнхий нуруу сайн. Жилийн эхээр гандуу боловч жилийн дундуур хур бороо ихтэй. Залууст амгалан, нялхас болон өвгөдөд ширүүн жил болно. “Жаран жил”-ийн үрийн зурхайд “Сайжруулагч” хэмээх бар жилд алт, мөнгө элбэг, хүмүүн жаргалтай хэмээн буусан. Төвөдөөр “Гижид” буюу буян үйлдэгч гэсэн утгатай. Гэхдээ ямар жил байх нь хүнээс өөрөөс нь шалтгаална. Хүн бүр буян хийж муу муухай зүйлийг тэвчих юм бол сайхан жил байна.
-Ямар жилтэй хүмүүс онцгой анхаарвал зохилтой вэ?
-Мэнгэ голлох гэж ойлголт байдаг. 25, 37, 49, 61, 73 насанд жил орж, мэнгэ голлодог. Мэнгэ голлосон жилтэй улсууд засал ном хийлгэнэ. Мөн нашидүрсүмийн гурван засал хийлгэнэ.
-Хүмүүс заавал шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой юу?
-Жил гарч байгаатай холбоотой хүн бүрийн төрсөн гараг, өдөр, жил, сараар зурхайн зурлагууд өөр өөр гардаг. Гарч байгаа жил нь хүний амьдрал, амь нас, эрүүл мэнд, эд агуурс, хийморь лундаа, ажил үйлс, нас буянд нөлөөлөх нь бий. Иймд сайн талаа арвижуулж, сөрөг талаа засч сайн сайхан байлгахын тухайд засал хийлгэдэг. Шинийн нэгнээс 15-ны хооронд ерөөл хурдаг.
Ерөөлд амьтан бүгдийн амгалан байх, урт удаан наслах, өвчин зовлонгүй байх, эв эетэй байхын тухайд айлддаг. Тиймээс хүмүүс эдгээр өдрүүдэд бие, хэл, сэтгэлээрээ ном хуруулбал өөрт нь тустай.
-Өнгөрч буй жил Богд Зонховын хөшөө босгоно, босгохгүй гэх хэл амтай өндөрлөлөө. Тасганы овооны энгэрт монгол зурхай, өв соёлын цогцолбор болсон хийд бүтээн байгуулсан хүний хувьд та юу гэж бодож байна?
-Хөшөө босгох уг нь хамгийн буянтай ажил юм. Тиймээс барьчихаасай гэж дотроо бодож байсан, одоо ч тэгж бодож байна. Монголчууд амьдрал ядруухан байсан 2011 онд Жанрайсаг бурхныг бүтээсэн. 1990-ээд онд картын барааны хүнд үе сүсэгтэн олны хүсээр цогчин дуганаа босгосон. Хүн болгон буян үйлдэх аваас бүтэхгүй зүйл үгүй. Богд Зонховын ганц хөшөө бус түүний эргэн тойронд аялал жуулчлалын бүс байгуулах тухай ярьж байна лээ. Ингэвэл улс орны хөгжил, эдийн засагт ч тустай. Тиймээс би Ц.Цэрэнпунцаг гишүүний ярьж байгааг даган баясч байгаа. Би Тасганы овоонд 2004 онд ирж, эхлээд 1000 зул өргөж байсан. Сүүлдээ ном уншлага хийх болсон. Яваандаа хийд байгуулах санаа төрсөн.
Нийтдээ 36 жил, хийд бариад 22 жил болж байна. Тасганы овооны энэ хавийг өгөөжтэй газар гэж Далай лам Монголд ирээд айлдаж байсан. Гэсэр сүмийг хятадууд барьсан, Бакула Ринбүүчий Бэтүб хийдийг бариулсан. Дараа нь би хийдээ бүтээн босгосон. Тэгвэл хүний сэтгэлийг яаж төлөвшүүлэх вэ, яаж хүн байх вэ, хэрхэн бурхан болох вэ гэдгийг заасан номлогч багш Богд Зонховын хөшөө энд байхад буруудах юмгүй. Энэ асуудал эртнээс яригдсан ч бүтээгүй. Хожим цогцолбор босгоно гэсэн нь өнөө хүртэл биелээгүй байна. Хөшөө босгочихвол Монголын шашин соёлын том төв, давтагдашгүй бүтээл болно. Харамсалтай нь буруутгаад явчихлаа. 700-800 метрээс дээш татах цахилгаан, дулааны сүлжээ, цэвэр бохирын шугам гээд төсөв зардлыг тооцвол өндөр тусахаас аргагүй. Ганц хөшөө бус цогцолбор талаас нь асуудалд хандах учиртай. Манайхан хэцүү үед түүгээр яах вэ гээд байна. Тийм биш, бид хэцүү үедээ бүтээж, босгож ирсэн. Хүн төрөлхтөн хэлээрээ, сэтгэлээрээ, үйлдлээрээ буян сайн хийж байж сайжирна. Улс орон ч ялгаагүй. Үүнийг хаана хаанаа ойлгоосой.
“Их хүрээ” хийдийн хамба номун хаан, зурхайч, гэвш З.Санждорж: ЭВИЙГ САХИЖ, ЁСЫГ ЭРХЭМЛЭ
-Энэ жилийн ёгт нэрийг зарим нь “сайжруулагч”, нэг хэсэг нь “буян үйлдэгч” бар жил гэж байна. Аль нь оносон нэр вэ?
- Жилийн нэрэн дээр эндүүрэл байгаа. Гарч буй жилийг би “XVII жарны сайжруулагч хэмээх усан бар жил” гэж хэлж байгаа. Үүнийг өнөөдөр хэлж байгаа юм биш одоогоос 12 жилийн өмнө гаргасан “Үндэсний цаг тооны бичиг” дээрээ тэгж нэрлэсэн байгаа. Буян үйлдэгч гэдэг нэрийг буруутгах аргагүй, гэхдээ энэ бол төвд нэр. Тэрийг нь махчилж орчуулахаар “буян үйлдэгч” болчихоод байгаа юм.
Шороон, модон, төмөр гээд олон бар дотроос зөвхөн усан бар жилийг төвдүүд “Гижид” буюу буян үйлдэгч гэж нэрлэдэг. Харин монголчууд сайжруулагч гэж нэрлэдэг, иймд ялгаж салгаж ойлгох нь зүйтэй.
-Жилийн ерөнхий өнгө зурхайд хэрхэн буусан бол?
-Монголын уламжлалт ном сударт тухайн жилийн өнгө, ерөнхий төлөв байдлыг хаврын урь орох өдрөөр тодорхойлдог уламжлалтай. Би энэ дагуу жилийн өнгийг уншдаг. Сайжруулагч хэмээх усан бар жилийн хаврын урь орох өдөр нь хоёрдугаар сарын 4-нд буюу Цагаан сарын дараа тохиож байгаа. Ихэнх хаврын урь орох өдөр Цагаан сарын өмнө нь болдог байсан бол энэ удаагийнх дараа нь болно, тэр нь шар хулгана өдөр байгаа.
Энэ өдөр нь дөрвөн ногоон мэнгэтэй, гал суудалтай, баасан гариг. Хаврын амьсгал орох өдрөөр нь жилийн ерөнхий төлвийг шинжиж үзвэл хавартаа салхи шуурга бага, баяр баясгалантай. Зундаа өвс ногооны гарц сайн, хур бороо элбэг, намартаа өмнө зүгийн нутгаар гандуу байх ч үр тариа арвин.
Өвөлдөө цас бага өнтэй сайхан жил болно. Хаврын урь орох өдөр тэнгэр цэлмэг бол түмэн бодис дэлгэрнэ. Бүрхэг байвал үер усны аюултай. Тэнгэрт зүүн зүг үүл ихээр бөөгнөрч байвал өнтэй жил болно.
Энэ өдөр зүүн зүгээс салхи их бол будаа тариа боловсрох нь муу. Баруун зүгээс салхитай бол хур тундас арлин байх магадлалтай гэх мэтээр монголчууд байгаль цаг уурын байдлаар шинждэг ёс бий.
Зурхайн ном сударт сайжруулагч хэмээх усан бар жил алт мөнгө элбэг, ард олон амгалан жаргалантай гэсэн товч айлдвар бий. Хаврын урь орох өдрөөр шороон үхрийн дүрслэлийг тодорхойлбол шар хулгана өдөр, үхэр хариулаач нь шар өнгийн дээл, малгайтай байгаа. Өдөр нь дөрвөн ногоон мэнгэтэй тул үхрийн биеийн ихэнх хэсэг ногоон байгаа. Гал суудалтай учраас үхрийн туурай, омруу улаан өнгөтэй. Үхэр хариулаач үхрийнхээ урд биш хойно нь алхаж яваа. Хаврын урь орох өдөр шинийн 4-нд байгаа учраас ийм. Салан дагзал, шороон үхрийн зураглалаар харахад үхэр хариулаач залуу хүн байна.
Энэ дүрслэлээр бар жил Монголын идэр залууст ээлтэй, уран бүтээл ундармал, үйлдвэрлэгч нар үр шимээ үзнэ. Уурхайд ажиллагсад алт мөнгөөр арвин байх нь. Нялхаст ширүүн байх тул анхаарах хэрэгтэй. Ихэс дээдэс, хөгшдөд хатуу, иймд мөн л асарч анхаарах нь зүйтэй. Ихэс дээдэс гэдэг нь төрийн өндөр суудалтнууд байх тул улстөрчид, эрх мэдэлнтүүд буруу үйл хийвэл хатуу цээрлэл амсч суудлаасаа гулсах, хариуцлагаа хүлээж ял зэм эдлэх, хоорондоо хэрүүл тэмцэл маргаан их хийвэл цөвтэй, сөрөг нөлөөтэй жил байна. Задлаад тайлбарлавал олон юм бий.
-Бар жилийн онцлог, түүхэн үйл явдлуудаас сонирхуулна уу?
-Ганц нэг зүйл онцолж хэлье. VII жарны “Барагдагч” хэмээх улаан барс жилд (1206 он) Их Монгол Улсыг байгуулан тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанаар залсан. Өндөр гэгээн Занабазар “Барагдагч” хэмээх улаан барс жил (1686 он) 52 сүүдэртэйдээ алдарт Соёмбо үсгээ зохиосон. Өндөр гэгээн “Сайжруулагч” хэмээх усан барс жил (1722 он) 88 сүүдэртэйдээ Бээжинд морилон очсон гэх мэт түүхэн үйл явдал барс жилүүдэд тохиож байсан түүхтэй. 1206 онд Их засаг хууль батлагдсан. Түүнд “Аливаа шашныг хүндэтгэмой” гэж зарлигдсан байдаг. Энэ мэтчилэн барс жил монголчуудын түүхэнд мартагдашгүй олон үйл явдал өрнөж, түүхт ялалт, амжилтыг авчирсан байдаг.
-Заслын тухайд юуг анхааруулж хэлэх бол?
-Монголчууд шинийн 15-ны дотор засал номоо хийлгэдэг уламжлалтай. Тэр дагуу өөр өөрийн заслыг хийлгэх биз ээ. Бүх зүйл нээлттэй, техник, технологийн дэвшил нэвтэрсэн үед хэн ч хаанаас ч цахимаар ном, заслын үйлчилгээ авах боломжтой болсон цаг шүү дээ.
-Өнгөрч буй үхэр жилийн тухайд та “Байгаль цаг уурын тухайд хур бороо сайтай урт намар болно. Эдийн засаг, хөрөнгө мөнгө дутагдалтай, газар хөдлөх нигуртай, халдварт хижиг өвчин дэлгэрнэ” гэж айлдсаныг уншигчид яг таарлаа гэцгээж байна?
-Ер нь өнгөрч байгаа жилээ дүгнээд дараагийн жилээ угтан авах нь зүй ёсны юм. Харьцуулж харж, таарсан эсэхийг дүгнэж урам өгч байгаад монголчууддаа баярлалаа. Сар шинэдээ өргөн олноороо сайхан шинэлээрэй.
Гарма Гаржүд Үржин Пэрэнлайлин хийдийн тэргүүн Д.Тайвансайхан:АРД ИРГЭДЭД ӨГӨӨЖТЭЙ БАЙНА
Урган гарч буй усан бар жил хүн ардад өгөөжтэй сайхан байна. Хур ус тэгширсэн жил байх тул ургац сайн хурааж авна. Залууст ээлтэй. Харин хөгшдөд ширүүн, нялхаст ширүүвтэр байхаар байна. Настангуудад Цэнд, Дарь Эх сайн уншуулж тойлох хэрэгтэй. Eр нь ямар ч насны хүмүүс жилийнхээ заслыг сайн хийлгэх нь зүйтэй! Энэ жил өвчин амирлана. Дээдсүүд өөрсдөд оноогдсон ажлаа эрчимтэй сайн хийвэл тэмцэл хөдөлгөөн намжмал тогтуун байна гэж зурхайд буусан. Түмэн олондоо эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөе. Санасан хүссэн бүхэн нь номын ёсоор ёсчлон бүтэж байхын өлзийтэй eрөөлийг өргөн дэвшүүльe. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Очирваань дуганы тэргүүн Ч.Эрдэнэбаатар: ИЛҮҮ САР БУЮУ ХОЁР ЗУНТАЙ ЖИЛ БОЛНО
Төгс буянт шинэ зурхайд билгийн сарыг сарны тоолол, аргын сарыг нарны тоолол гэдэг. Бар жилийн могой сар буюу зуны тэргүүн сар нь илүү сартай байгаа. Илүү сар гэдэг нь их, бага сарын хоногоор ялгагдана. 29 хоногтой сарыг бага сар гэнэ. 30 хоногтой сарыг их сар гэнэ. Энэ хоёр сарын дундаас гарсан хоногууд нь 2 - 3 жил болж байгаад нэг илүү сар гарч ирдэг. Аргын тооны тавдугаар сарын 31-нд зуны илүү тэргүүн сар эхэлнэ. Энэ жил хоёр зунтай сар болно. Илүү сар тохиовол урт зун болж хур бороо элбэг дэвшин дээшлэхийн ерөөлтэй байна.
Сайжруулагч гэдэг нь ёгт нэр үг юм. Монгол хүн амны билгээр гэдэг. Зөв сэтгэл үүсгээд сайн бүхнийг хүсээд эвлэлдэн нэгдэж чадваас сайжрах нь магад үнэн болно. Сүсэгтэн олондоо
Санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх
Санаа бодол нэгдэн бүрэлдэх
Сайжруулагч хэмээх усан бар жилийн
Сар шинийн амар мэндийг өргөн дэвшүүлье.
Төгс Төгөлдөр Лхадэн Лусын сүм хүрээ хийдийн тэргүүн Д.Энхболд:Луу, хонь жилтэн засалд анхаарах хэрэгтэй
XVll жарны буян үйлдэгч хэмээх усан хар барс жилийн өнгийг зурхайн зурлагаас харахад маш сайхан жил гарна. Эд баялаг дэлгэрч, тариа ногоо сайн ургаж, мал сүрэг аривдах, хаад ноёдод амгалантай, өвчин тахал илаарших, худалдаа наймаанд сайн байна. Зурхай ёс дотроо 21 төрөл байдаг.Монгол зурхай, хар зурхай, шар зурхай, амьдын зурхай, бэрийн зурхай, үхэгсдийн зурхай, одон зурхай, үйлийн зурхай. бүтээлийн зурхай, шашны зурхай, үрийн зурхай, махбодын зурхай, цагийн зурхай, насан титмийн зурхай, замын зурхай, тотгорын зурхай, шороон үхрийн зурхай, сарны зурхай, гэрийн зурхай, тэжээхүйн зурхай гэж байдаг.
Цаг улирал, тооны бичгийг одон орны зурхайг авч хийдэг. 28 одны шинжээр шинжиж гаргадаг ёс юм. Энэ жил онцгой анхаарвал зохих жилүүд бол морь жил өөрийн харш, хулгана жил нь өрөөлийн харш, могой, гахай жилтэн шишид буюу дөрвөн муу зүгийн харш, бич жилтэй хүмүүс дүнсэр харштай. Эндэж болзошгүй жил нь луу, хонь жилтэн байх тул анхаарах хэрэгтэй.
Эдгээр жилтэй хүмүүс зурхайн заслаа хийлгэж, сүлд хийморио дуудуулж байвал болох юм. Ер нь жилийн жилд дээрх долоон жилтэн анхаарвал зохино, бусад нь гайгүй байдаг юм шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин