Тэтгэвэр нэмсэн "тэсэлгээ"
2022/01/31
Саяхан чуулган завсарласан. Өнгөрсөн долоо хоногт гишүүд эргэж цуглав. Тэгээд тэтгэвэр нэмэх шийдвэр гаргалаа. Түүгээр, 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөж, 500 мянган төгрөгөөс дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхээр болов.
Үүнд 673 гаруй тэрбум төгрөг шаардагдах юм байна. Тиймээс Засгийн газрын энэ сарын 28-ны ээлжит бус хуралдаанаас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн барьжээ.
Тэтгэвэр нэмсэн 673 гаруй тэрбум төгрөгийг Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх, улсын төсвийн давсан орлогыг ашиглах, тэвчиж болох зардлуудыг танах, зураг төсөл нь тодорхойгүй болон төсвийн хэлэлцүүлгийн явцад шинээр нэмэгдсэн зарим төслийг хасах зэргээр бүрдүүлнэ гэж Засгийн газар тооцжээ. Хамгийн гол нь ингэснээр 2022 оны төсвийн нийт зардал нэмэгдэхгүй. Мөн орлого буурахгүй юм байна. Ийм мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д танилцуулжээ.
Үхэр жилийн сүүл хавьд болсон энэ үйл явдлын “автор” болох гэсэн улстөрч, чуулган дээр гоё үг хэлэх гээд “халтирсан” гишүүд цөөнгүй байна.
“Би чиглэл өгсөн”, “Бид хууль санаачилсан”, “Манай Байнгын хороо чиглэл өгсөн” гээд л явж өгч байна. Эдгээр улстөрч бүгдээрээ л сэргэлэн нөхдүүд аж. Гэвч ингэж тэтгэвэр нэмсэн нь Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэнтэй л холбоотой.
Энэ бүтээн байгуулалтын эхний тэсэлгээг хэдхэн хоногийн өмнө хийсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт, 2022 оны нэгдүгээр сарын 25-нд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх ёслол болсон. Засгийн газрын ажлын хэсэг Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчтай тодорхой тохиролцоонд хүрч, гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж байгаа юм. Оюу толгой төсөл эхлэхэд анхлан тохирсон Монголын тал 53 хувь, хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэсэн эдийн засгийн тооцоолол алдагдсан. Үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн нийт 2.3 тэрбум ам.долларын өрөнд орж, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүссэн. Тэгэхээр ногдол ашиг хэзээ ч авахааргүй нөхцөл байдал бий болсон байв. Улмаар хөрөнгө оруулагч талд Монголын ард түмэн итгэл алдарч, Оюу толгой төсөл зогсох хэмжээний улс төрийн эрсдэлд орчихоод байсан юм. Өөрөөр хэлбэл, олон жил гацаанд байсан энэ асуудал нэг тийш болсныг амжилт гээд хэлчихэд болно.
Чухамдаа энэ үйл явдал дотоодод “мөнгө орж ирэх” итгэл бий болгосон бол гадаад ертөнцөд Монгол руу хөрөнгө оруулалт нэмэгдэхүйц эерэг мэдээ болж түгсэн юм. Мөн энэ “тэсэлгээ”-г хийсэн өдөр “Туркойз Хилл ресурс”-ийн хувьцааны ханш олон улсын бирж дээр сүүлийн дөрвөн сард байгаагүй өндөр хувиар огцом өссөн.
Тиймээс зарим гишүүн “Тэтгэвэр нэмэх асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлж, эдийн засгийн эргэлтэд орохтой холбоотойгоор бид илүү ирээдүйдээ итгэлтэй болж байх шиг байна. Хэрэв энэ шийдвэр гараагүй байсан бол 630 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тэтгэвэр нэмэх асуудлыг ярихгүй байх байсан” гэж чуулганы хуралдаан дээр хэлсэн биз.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч “УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Оюу толгойн Гүний уурхай ашиглалтад оруулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих эдийн засгийн томоохон төслүүд хэрэгжиж эхлэх шанг татаж, олон улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг мэдээлэл болж чадлаа” гэсэн юм.
Оюу толгой төсөлд ийм зөв хөдөлгөөн орсноор гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэж хоёр тал тохирсон. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болно. Олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдоно. Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ.
Оюу толгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийнэ. Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюу толгой компани дангаар үйлдвэрлэнэ. Энэ хэмжээгээр Монгол Улсад төлдөг татвар, АМНАТ гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байна.
“Таван толгой” ДЦС барих боломж бүрдсэн. Ингэснээр Оюу толгойн жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монголд үлдэнэ. Ийм мэдээллийг албаны эх сурвалжууд өгч байгаа юм.
Ер нь тэгээд Монголын эдийн засаг энэ мэт цөөхөн хэдэн том төсөл дээр тогтдог. Тэдгээрийн нэг болох Оюу толгой төсөлд ахиц гарахад л бид ингээд ач холбогдлыг нь үзчихэж байна. Нэг үгээр хэлбэл, “тэсэлгээ” л тэтгэврийг нэмж байгаа юм л даа.
Б.Тулгат