3-5 настнуудыг цэцэрлэгт хэрхэн хамруулах талаар маргааш мэдээлнэ
2022/02/07
Цэцэрлэгийн сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлж, 3-5 настнуудыг хамруулах болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж өмнө нь зөвхөн 4-5 настнуудыг цэцэрлэгт хүлээн авч байсан бол ирэх долоо хоногоос эхлэн гурван настнууд суралцах боломжтой болж байна.
Ингэснээр өмнө нь суралцаж байгаагүй хүүхдүүдийг хэрхэн бүртгэх талаар болон суралцагчийн тоо хэдээр нэмэгдэх тооцоололтой байгааг БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмараас тодруулахад "Өнөөдөр алба хэлтсүүд тоон мэдээллүүдээ нэгтгэн, цахимаар хуралдаж байна. Маргааш дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно" гэлээ.
Хэдийгээр 2-3 настнуудыг цэцэрлэгт хэрхэн хамруулах төлөвлөгөөг 2021 оны аравдугаар сард танилцуулна хэмээж байсан ч КОВИД-19 болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдал зэрэг шалтгааныг харгалзан үзэж, эрсдэлийн үнэлгээг удаа дараа хийснээр хугацааг хойшлуулсаар байсан юм.