Ариун цэврийн хэрэглэл үнэгүй тараах нь яагаад ТОМ АСУУДАЛ вэ?
2022/02/09
Ариун цэврийн хэрэглэлийг сургууль орчимд үнэгүй болгох тухай УИХ-ын эмэгтэй гишүүд санал гаргаад байгаа билээ. Энэ асуудлыг ямар ч хэрэггүй ажил хэмээн хүлээж авах нэг хэсэг байхад хүний эрхийн маш том шүгэл үлээлээ гэх хэсэг ч байгаа юм.
Учир нь 2016 онд Өмнөд Солонгосын сургуулийн насны охид сарын тэмдгийн өдрүүддээ улавч ашигласан нь олон нийтийн сүлжээнд ил болж шуугиан тарьсан юм. Тус асуудлаас үүдэн маш олон хүний эрхийн байгууллагууд охидын сар бүр учирдаг эмзэг асуудлыг улсаас шийдэх ёстой гэж үзжээ. Өдгөө тус улсын охид сар бүр зөвхөн ариун цэврийн хэрэглэлд зориулсан 10,500 вонын ваучер авдаг ажээ. Мөн яг тухайн жил Нью-Йорк хотын 25 сургууль бага орлоготой өрхийн охидод ариун цэврийн хэрэглэл үнэгүй тараасан юм. Эмэгтэй хүний сар тутмын энэхүү хэрэгцээ нь ямар чухал болохыг ойлгуулахад тус үйл явдал чухал нөлөө үзүүлжээ. Ингэснээр томоохон байгууллага, үйлчилгээний газар, метро, автобусны буудал зэрэгт “ариун цэврийн хэрэглэл”-ийн хайрцаг байршуулах болсон бөгөөд охид сарын тэмдгийн үйл явцаа нуух, түүнээсээ ичих, санаа зовсны улмаас бусдаас тусламж гуйж чадалгүй сонин, даавуу, улавч зэргийг ашигладаг тухайгаа хуваалцсан. Тиймээс дэлхийн ихэнх улсын бага сургуулиуд ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй тараах, охид хүссэн үедээ авч болохоор хайрцаг байршуулан, дэмжлэг үзүүлсээр иржээ. Саяхны нэгэн жишээ дурдахад, Япон улс ковидын улмаас бизнесийн хүрээ нь хумигдаж, оюутнуудын хийдэг цагийн ажлууд үүдээ барихад хүрсэн тул оюутнууддаа нэг удаагийн хүнсний тусламж үзүүлж эхэлсэн байна. Ажилгүйн улмаас хичээлээ орхигдуулах, сэтгэл санаа, санхүүгийн хүнд байдалд орж эхэлсэн оюутнуудад энэ нь ямар их тус болж байгаа тухай сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа юм. Харин охидод бор цаасанд ороосон ариун цэврийн хэрэглэлийг хүнсний тусламжинд багтаасанд “хүний эрхийн хамгийн том мэдрэмж” хэмээн нэлээд үнэлэгджээ.
Харамсалтай нь хүний үндсэн эрхийн талаар төдийлөн сайн ойлголтгүй манай улсын иргэд охидод ариун цэврийн хэрэглэл үнэгүй тараах асуудлыг үл ойшоож, өөр зүйл хийвэл таарна, хийх юм аа олж ядаж байна, ийм тэнэг хүмүүс ч байх гэж гэх мэт элдвээр шүүмжлэн сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа юм. Нэг талаараа олон улсад хэдийнээ бий болчихсон, тогтсон зүйл ч гэлээ манай улс шиг хөгжлийн түвшин тааруу, улс төрийн тогтворгүй байдалтай, өрхийн орлого тааруу оронд ариун цэврийн хэрэглэл үнэгүй тараах асуудал нь яаралтай, нэн даруй гэх ангилалд багтахгүй нь мэдээж хэрэг. Үүний оронд ажлын байр нэмэгдүүлэх, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, цалин тэтгэвэр нэмэгдүүлэх дээр ажил санаачилсан нь хөрсөн дээрээ буух зүйл л дээ. Гэвч төрийн хайр халамж зөвхөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, ядуу буурай иргэдэд очих ёсгүй. 2020 оны хүн амын тоон судалгаар манай улсад 10-14 насны 146,724, 15-19 насны 107,000 охид бий. Ингэхээр сар бүр 200 мянга гаруй охид сарын тэмдгийн үеийн зовиуртай нүүр тулдаг гэсэн үг. Үүнээс гэр бүл нь бага орлоготой, өнчин, анхаарал халамж хүртдэггүй гэх мэт охидын тоог гаргавал хэн нэгэнтэй хуваалцаж чаддаггүй энэ асуудлаа хэрхэн шийддэг бол гэдэг дээр сургууль болон төрөөс зайлшгүй дэмжлэг үзүүлж, анхаарал тавих нь зүйтэй мэт.
Чимэг-очир · 2022/02/09
100000- төгрөгөөрөө авсан нь дээр.