Хөгжлийн банкны зээлдэгч нарын нуугдмал хөрөнгийг илрүүлэн, битүүмжилж төрийг хохиролгүй болгоно
2022/02/10
Нэгдүгээр сарын сүүлээр Хөгжлийн банкнаас 52 зээлдэгчийг шалгуулахаар АТГ-т хандсан. Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн
-Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг эргэн төлүүлэхийн тулд 13 дансыг хааж, олон тооны үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн барилга зэргийг битүүмжиллээ. Чухам ямар байгууллагын дансыг хаав гэдгийг прокурорын зөвшөөрөлтэй мэдээлнэ.
Чанаргүй болон хугацаа хэтэрсэн 52 зээлийн мэдээллийг АГТ өнгөрсөн сарын 28-нд хүлээн авсан. Эдгээрт “Хөтөл”,“Бэрэн групп” зэрэг багтсан. Тэгэхээр 52 зээлийг АТГ дэлгэрэнгүй шалгана.
"Бэрэн” гурпиийн захирал Мөнхтөр, ТОСК-ийн захирал Н.Гантулга, хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдсэн. Энэ хэрэгт нийт 11 хүн холбогдсон. Хөгжлийн банкны анхны захирал асан Н.Мөнхбатын хэргийг мөн шүүх шийдсэн. Гэхдээ Н.Мөнхбатын хэргийг шүүхээс гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Гэхдээ түүнийг ажлаа хийх явцдаа Хөгжлийн банканд хохирол учруулсан гэж үзэн, 8 тэрбум төгрөгийг эргүүлэн төлүүлэх шийдвэр гарчээ. Энэ хохирлыг төлсөн эсэхийг та бүхэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодруулаарай.
Бид өргөн хүрээний мөрдөн шалгах ажиллагаа явуулах болно. Болсон үйл явдал гэмт хэргийн шинжтэй байвал шүүх шийднэ.
Хөгжлийн банкны дараагийн захирал болох Батбаярыг шалгах ажил одоо үргэлжилж байна. Дээрх 52 зээлийг хуулийн дагуу олгосон эсэх, зээл олгосон албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж зээлдэгчид давуу байдал олгосон эсэх, хахууль авсан эсэх, улсад хохирол учруулсан эсэх зэргээр ажлын хэсэг байгуулсан.
“Иргэдэд хандаж нэг зүйлийг анхааруулмаар байна. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр, бүртгэлийн маргаантай эсэх, аль нэг банкны барьцаанд байгаа эсэх эсвэл хуулийн байгууллагын хязгаарлалт тогтоосон эсэхийг нягталж байхыг анхааруулж байна.
Жишээ нь, “Гантиг вилла” төслийн есөн блок Хөгжлийн банкны барьцаанд байгаа. Мөн дээрээс нь хуулийн байгууллагаас хязгаарлалт тогтоосон. “Гантиг вилла” хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамааралтай буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн компанийн барьж байгуулсан хөрөнгө юм” гэлээ.
"Хөгжлийн банкнаас нэгдүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан 52 зээлийг
- хуулийн дагуу олгосон эсэх,
- зээл олгосон албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж зээлдэгчид давуу байдал олгосон эсэх,
- хахууль авсан эсэх,
- улсад хохирол учруулсан эсэх зэргээр ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ.
Хөгжлийн банканд учирсан хохирлыг арилгуулахаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд,
- Зээлийн зарцуулалтыг зориулалтын бусаар ашигласан бол гэрээг цуцлах, мөн зээлийг эргэн төлүүлэх
- Зээлдэгч компанийн болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, дансыг захиран зарцуулахад хязгаарлалт тогтоох,
- Зээлдэгч ААН-үүдийн эцсийн өмчлөлийг тогтоох, эздийн нууцлаг хөрөнгийг илрүүлэн битүүмжлэх зэргээр төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн" гэлээ.
Zochin · 2022/02/12
Shuuhee shudraga bolgo,tghgui bol nemergyui
Зочин · 2022/02/10
Мөрдөн шалгаад илрүүлдэг юм байж. Харин шүүх хэр шудрага ажиллах бол. Эцсийн цэг дээрээ ноотой болоод явчихдаг шүү. Ард иргэд эртнээс сайн шахаж өгөх хэрэгтэй.