Хөгжлийн банкны зарим зээлдэгч болон өмнөх захирлуудыг саатуулан шалгах хүсэлтийг АТГ-аас гаргажээ
2022/02/18
Хөгжлийн Банк чанаргүй гэдэг ангилалд багтсан зээлүүдээ нийтэд зарлан, уг асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаад буй. Үүнтэй холбогдуулан зээлээ төлөөгүй, чанаргүй зээлдэгчдийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхлээд байгаа билээ.
Тэгвэл АТГ-аас нэр бүхий зээлдэгчид болон өмнөх тус банкны өмнөх захирлуудыг цагдан хорьж шалгах саналыг прокурорын байгууллагад гаргасан байна. Нийслэлийн прокурорын газар уг саналыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Яллагдагчаар татан цагдан хорьж шалгах шаардлагатай зээлдэгчдийн тоонд “Монгол драй милк” ХХК буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ, “Монгол мах экспо” махны үйлдвэрлэлийн чиглэлээр зээл авч, түүнийгээ зориулалт бусаар зарцуулан “Бишрэлт групп” компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн хэрэгжүүлсэн “Гантиг вилла” хотхоны төсөлд хөрөнгө оруулсан үндэслэлээр “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг нарын зээлдэгчид байгаа гэх мэдээлэл байна.
Мөн Хөгжлийн Банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, 2013-2016 оны хооронд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, тэргүүн дэд захирал Ч.Энхбат, дэд захирал Б.Чойжилжалбуу, 2016-2019 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр тэргүүтэй албан тушаалтнуудыг цагдан хорих санал хүргүүлсэн байна.
Зочин · 2022/02/18
Ард түмэн минь параламентаа 2 тахимтай болгож төрд төсвийн эзний хяналт тавихгүй бол хүний шунал хэцүү эдийн засгаа сэргээхгүй тамын тогооны үлгэр үргэлжилсээр