Монголоос БНСУ-д очсон иргэдээс эерэг тохиолдол гарч байгаа тул нислэгийг долоо хоног хязгаарласан
2022/02/18
Омикрон давлагааны үед халдвар авсан иргэд вакцины нэмэлт тун хийлгэх хэрэгтэйг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр сануулав.
Тэрбээр "Иргэдэд анхааруулж хэлэхэд, Омикроны үед халдвар авсан иргэд вакцин нэмэлтээр хийлгээгүй тохиолдолд дахин халдвар авах эрсдэл бий.
АНУ-д хийсэн судалгаагаар энэ нь нотлогдож байгаа.
Монголд ч өнгөрсөн нэгдүгээр сард буюу Омикроны давлагааны эхэн үед халдвар авсан иргэд дахиж халдвар авч байгаа тохиолдол бүртгэгдэж байна. Тиймээс бид халдвар авсан иргэдэд 21 хоногийн дараа вакцины нэмэлт тунг хийлгэхийг зөвлөж байгаа юм.
Манай улсын хувьд гадаад руу явахаар төлөвлөж байгаа иргэдээс ХӨСҮТ шинжилгээ авч буй.
Учир нь БНСУ руу нисэх зөвхөн хоёрдугаар сарын 11-ний өдрийн нислэгт л гэхэд гурван эерэг тохиолдол батлагдсан. Үүнтэй холбоотойгоор БНСУ-д Монголоос очих нислэгийг хоёрдугаар сарын 17-23-ны хооронд буюу долоо хоногийн хугацаатай хязгаарласан.
Үүнээс болж олон иргэн хохирч байгаа тул бид аль болох иргэдийг зөвхөн нэг лаборатори буюу олон улсын лавлагаа лабораторитой ХӨСҮТ-д шинжилгээг хийж, бусад лабораториор хийлгэхгүй байх шийдвэрийг гаргасан.
Мөн Монголоос БНСУ-д очсон иргэдээс эерэг тохиолдол гарч байгаа тул МИАТ компанийн нислэгийг тус улсын талаас 60 хувиар хязгаарлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгос улсаар дайрч, эх орондоо ирэхээр төлөвлөсөн иргэд хохирч байна. Учир нь нислэгүүд нь цуцлагдаж байгаа юм.
ЭМЯ-ны зүгээс аялал жуулчлалыг дэмжиж байгаа ч биднээс шалтгаалахгүй ийм нөхцөл байдал үүсээд байна. БНСУ-д очоод эерэг батлагдсан монгол иргэдийг 14 хоног тусгаарлаж буй" гэсэн мэдээлэл өглөө.