Ц.Билэгтсайхан: Цэцэрлэг, ЕБС, их, дээд сургуульд кластер халдвар нэмэгдэж байгаа
2022/02/18
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн долоо хоногт халдвар их бүртгэгдэж байгаа улс орнуудын дунд манай улсын иргэдийн их зорчдог улсууд буюу Турк, Япон, БНСУ багтаж байгааг дурдъя.
Тандалт судалгааны ажлууд ХӨСҮТ-д үргэлжлүүлэн хийгдэж байна. Тухайлбал, нэг эх уурхайгаас таван тохиолдлоос дээш халдвар батлагдсан халдварын 13 кластер голомт бүртгэгдсэн.
Мөн өнгөрсөн долоо хоногоос танхимын сургалт эхэлсэнтэй холбоотойгоор ЕБС, Их, дээд сургуулиуд, цэцэрлэгийн кластер халдвар нэмэгдэж байгаа. Гэсэн ч одоогоор Омикроны давлагааны эд ачаалалтай харьцуулахад орны ачаалал 50 хувиар буурсан.
Харин ХӨСҮТ дэх нэн хүнд буюу эрчимт эмчилгээний заалттай орны ачаалал улсын хэмжээнээс 7-8 дахин, хүнд буюу хүчил төрөгчийн хэрэгцээ шаардлагатай орны ачаалал 3-4 дахин өндөр байгааг хэлье.
УОК, Засгийн газраас гаргасан шийдвэр нь боловсролын хоцрогдлыг арилгахыг дэмжсэн шийдвэр байсан. Гэхдээ халдварын эрсдэл огт буураагүй байна. Тиймээс ААН болон иргэд аялал жуулчлал, албан томилолтоо төлөвлөж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатайг хэлье.
Түүнээс гадна ХӨСҮТ-д PCR шинжилгээ өгч байгаа иргэдийн 49 хувь нь ойрын хавьтал болсон хүмүүс бол 15 хувь нь албан байгууллагаас шинжилгээ шаардсан байна. ААН-үүдийн хязгаарлалтыг сулруулсан тул PCR шинжилгээ иргэдээс шаардахгүй байхыг хүсье.
Өөрөөр хэлбэл, шаардлагагүй шинжилгээний тоог нэмэгдүүлэхгүй байхыг сануулж байна. Гадаад руу явах иргэдийн урсгал өндөр байна. Иймд ХӨСҮТ гадаад улсыг зорих иргэдэд хэрхэн шинжилгээ хийж байгааг өөрийн албан ёсны хуудсаар тогтмол хүргэж байгаа" хэмээн ярилаа.
ESUIGEN · 2022/02/20