Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууг цагдан хорьж, "Алтай констракшн"-ы Х.Бат-Эрдэнэд хилийн хориг тавилаа
2022/02/22
Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн Банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбуу, "Монгол драй милк” ХХК буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ нартай холбоотой хэргийг хянан хэлэлцсэн байна.
Тодруулбал, Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарыг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд
- Яллагдагч Б.Чойжилжалбууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “....гэрчийг ...дарамталсан, ...сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа...” гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэн өчигдөр буюу хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
- Харин яллагдагч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэрчийг ....дарамталсан, сүрдүүлсэн гэх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.
"Монгол драй милк" компанийн Хөгжлийн Банкнаас авсан зээл чанаргүй ангилалд орж, 49.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа талаар тус банк мэдээлсэн юм. Хөгжлийн Банктай холбоотой албан тушаалтнуудыг шалгах үүргийг Ерөнхий сайд өгөөд байгаа билээ.