Оюутан цэргийн бүртгэл “e-Mongolia” системээр гуравдугаар сарын 1-10-ны хооронд үргэлжилнэ
2022/02/22
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл “e-Mongolia” системээр явуулах болсон тухай өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
2022 он гарснаас хойш “e-Mongolia” системд төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг оруулсан бөгөөд иргэд давхардсан тоогоор 8.5 сая гаруй үйлчилгээг цахимаар авсан байна.
Үүний 56 хувь нь нийслэл хотын иргэд байгаа бол 44 хувь нь хөдөө, орон нутгийн иргэд байгаа юм.
Шинээр нэмэгдсэн үйлчилгээнүүдийг товч танилцуулбал,
- Барилга, хот байгуулалтын яамны таван тусгай зөвшөөрөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг ойн 12 төрлийн үйлчилгээ,
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэдэд үзүүлдэг “Хүүхдийн мөнгө авах хүсэлт” зэрэг 18 үйлчилгээ нэмэгдэж өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээтэй болоод байна.
Үүний зэрэгцээ, бид ирэх гуравдугаар сарын 1-нд “Оюутан цэрэг"-ийн бүртгэлийг цахимаар буюу “e-Mongolia”-гаар дамжуулан авах гэж байна. Батлан хамгаалах яамны зүгээс 2022 оны нэгдүгээр сард цэргийн бүртгэлийн улс орон даяар амжилттай зохион байгуулж, нийтдээ 100,000 гаруй иргэн цахимаар амжилттай цэргийн бүртгэлээ хийлгэсэн. Иймээс тус яамны зүгээс цахимжуулж буй хоёр дахь үйлчилгээ болох “Оюутан цэрэг"-ийн бүртгэлтийг цахимаар хийхээр болоод байна.
"Оюутан цэрэг"-ийн бүртгэл “e-Mongolia” системд 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр нээгдэж, гуравдугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Үүний зэрэгцээ, 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академи хамтран 21 аймгийн нутгийн захиргааны 1,200 гаруй үйлчилгээг цахимжуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
2021 онд нийт найман аймгийн 498 үйлчилгээг цахимжуулж, “е-Mongolia” системд нэгтгэсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн Засаг дарга нартай уулзалт хийж, санал солилцсон.
Уулзалтаас “цахим жишиг аймаг” хэмээх концепц боловсруулан энэ Пүрэв гарагт аймгийн Засаг дарга нарт хүргүүлэхээр ажиллаж байна. Аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдийн цахим ур чадварыг сайжруулах зорилгоор үе шаттай сургалт зохион байгуулна. Мөн “e-Mongolia” систем иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвийг аймгуудад байгуулахаар төлөвлөж байна хэмээн мэдээллээ.