Монголын улс төрөөр сонин юу байна
2022/02/22
Хавар болохоор Монголын улс төр идэвхиждэг, идэвхжүүлдэг бичигдээгүй хуультай. Үүнийг олон нийт хаврын синдром гэж нэрлэдэг. Хаврын эхэн сар дуусч буй цаг үед энэ хаврын улстөржилт эхэллээ. МАН Хөгжлийн банкийг, АН тамганы маргаанаа тойрч хэрэлдсээр. Үүн дээр МоАХ эвсэл шинэ эзэнтэй болсон уу, хоёр хуваагдсан уу гэсэн маргаан зучил нэмлээ.
Албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж Хөгжлийн банкнаас зээл авсан, авсан зээлээ эргүүлэн төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан улстөрчдийн асуудал өнгөрсөн хугацаанд олны анхаарлын төвд байв. Ялангуяа эрх баригч МАН гишүүддээ ямар хариуцлага тооцох нь анхааралтай ажиглах сэдэв байлаа.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Албан тушаал эрх мэдлээ ашиглан залилсан, дээрэмдсэн, зээл аваад төлөхгүй, асуудлыг хүндрүүлсэн намын гишүүддээ улс төрийн хариуцлага тооцно. Намаас хөөгөөд болчих юм уу гэдэг асуултыг олон нийтийн зүгээс тавьж байгаа. Гол агуулга нь тэр этгээдийг ямар нэгэн байдлаар улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй болгоно гэдэг нь тэр хүний олон жилийн хөдөлмөр үнэгүйдэх нөхцөл бүрддэг учраас өөрсдийн хэмжээнд улс төрийн хариуцлага тооцох юм. Манай намын саяхан Дээд шүүхэд бүртгүүлсэн дүрмээр илтэд ёс зүйн зөрчил гаргасан улстөрчийн дараа дараагийн сонгуульд оролцох боломж хаагдана. Хоёрдугаарт, аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ. Ингээд шүүхээр таслагдаад гэм буруутайд тооцогдох юм бол намын гишүүнчлэлээс гарна. Ингэснээр насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана. Манай намын хувьд сумын ИТХ-д ч нэр дэвшихгүй. Нам дотроо улс төрийн албан тушаал хашихгүй” гэсэн юм. Түүний энэ үгийг сонссон хүмүүс “Ингэж л хариуцлага тооцох ёстой. МАН-ын залуу дарга нар өмнөх дарга нараасаа арай өөрөөр ажиллах нь” хэмээн итгэл найдвар тавьж байлаа. Гэвч МАН-ын гаргасан шийдвэр энэ хүлээлтийн хаана нь ч хүрсэнгүй. Тус намын Хяналтын хороо өнгөрсөн баасан гаригт хуралдаж гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн юм. Хурлаар УИХ-ын гишүүн асан Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Д.Хаянхярваа, Б.Ундармаа нарыг МАН-ын гишүүнчлэлээс гарсанд тооцсон шийдвэр гаргав. Тэд бол шүүхээс аль хэдийнэ ял шийтгэлээ сонсчихсон, улс төрийн хариуцлагаа ч хүлээсэн хүмүүс. Олон нийт тэдэнд бус яг одоо яригдаж буй Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцох, хамгийн багадаа намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэрийг МАН-аас хүлээж байлаа. Гэтэл МАН молиго үмхүүлэв бололтой. Аль хэзээний улс төрөөс гарч буй хүмүүст хариуцлага тооцсон болоод өнгөрөх шив. Эхнээсээ Хөгжлийн банкны асуудлыг жүжиг гэх юмуу, эсрэг фракцаа намнах тоглолт гэж харах хүмүүс нийгэмд олон байв. Энэ ч ортой болж мэдэх юм. Гэвч цаашид үргэлжлүүлэн ажиллахыг нь харах л үлдэв бололтой. Хэрэвзээ үнэхээр албан тушаалаа ашиглаж гэмт хэргийн гэж хэлж болох арга замаар зээл авсан нь нотлогдвол тийм зээл авсан хүмүүстэй хатуу арга хэмжээ авч чадвал энэ намыг өөрчлөгдөж байна гэж үзэж ард түмэн итгэж эхлэх буй за.
АН шинэчлэгдэх хэрэгтэйг бид сануулсаар байгаа. Өнөөдөр сөрөг хүчин гэж хэлэгдэх АН-ын зөрчил хэнээндээ тулсан. Уг нь АН сөрөг хүчний хувьд эрх баригчдын энэ байдал дээр жинхэнэ улс төр хийж байх цаг л даа. Гэвч энэ фактыг эрх баригчдын эсрэг бус дотоод зөрчилдөө ашиглаж нэгнээ намнах оролдлого хийж байгаа нь харамсалтай. “Хөгжлийн банкны асуудалд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг буруутай” гэсэн байр суурийг МАН, АН-ын гишүүд илэрхийлж байна. Нэгэн цул болж үнэмлэхүй олонх эрх баригчдын эсрэг дуугарах ёстой АН-ынхан энэ мэтээр нэгнээ намнаад дуусах нь. Улмаар энэ нам эрх баригчдын бодлого үйл ажиллагаанд хяналт тавьж, сөрөг хүчний үүргээ биелүүлэх бус өөрөө орших уу, эс орших уу дээрээ тулчихсан яваа. 2020 оны сонгуулийн дараа эхэлсэн тамганы хэрүүл нь одоо хүртэл эцэслэгдээгүй. Магад 2024 оны сонгуулийн өмнө энэ хэвээрээ байхыг үгүйсгэхгүй болчихоод байна. Нийтлэлч Баабар “АН ёроолдоо тултал унах ёстой. Тэгж байж сэргэнэ” хэмээн хэлж байсан удаатай. Гэвч АН-ын уналтад ёроол гэж алга. Хамгийн сүүлд Онц их хурлаа хийж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг намын даргаар сонгосон ч Улсын дээд шүүх энэхүү шийдвэрийг нь бүртгэж авахаас татгалзсан. Тиймээс гуравдугаар сарын 3-нд АН Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, дахин Их хурлаа товлохоор болоод байна. Гэвч нөгөө талд нь “С.Эрдэнэ намын дарга хэвээрээ байгаа. Энэ асуудалтай холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригтой холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана” гэсэн хэсэг бүлэг хүмүүс бий.
АН намынхаа даргын суудал, тамга тэмдгээ булаацалдаж буй тэдний хэрүүл тэмцэл бүр жижгэрч, “доторх МоАХ фракцыг хэн удирдах вэ” гэсэн тэмцэл рүү шилжлээ. Тус холбоог олон жилийн турш удирдаж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас холбооны удирдлагыг салгаж авах гэсэн тэмцэл эхэлчихсэн. Үүний эхлэл болгон УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, Г.Баярсайхан, гавьяат жүжигчин Д.Сосорбарам нар өнгөрсөн долоо хоногт МоАХ-ны зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд 21 аймгаас хүрэлцэн ирсэн гишүүд, МоАХ-г үүсгэн байгуулагчид оролцсон. Зөвлөгөөнөөр МоАХ-тавдугаар Их хурлыг хийх нь зүйтэй гэж үзсэнээс гадна Д.Монголхүүг тэргүүнээр нь сонгох саналыг зарим гишүүд нь гаргажээ. Удахгүй МоАХ-ны тавдугаар Их хурлын товыг тогтоох юм байна. Гэхдээ энэ бүхэн тэдний санаснаар үргэлжлэхгүй нь бололтой. Учир нь, МоАХ-ны зөвлөгөөнийг зохион байгуулахын өмнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс тус холбооны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогтын хүсэлтээр шалгалтын ажиллагаа явуулж “Иргэн Д.Монголхүү, Л.Ганхөлөг нар МоАХ ТББ-ын гишүүнчлэлгүй, төлөөлөх эрхгүй. Мөн МоАХ ТББ-ын нэр, туг, бэлгэдлийг зөвшөөрөлгүй ашигласан болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн байна. Одоо ингээд л улс төрийн тоглолт эхлэх сайхан шалтаг гаргаж өгч байгаа нь энэ юм. Эрхтэй, эрхгүй гэсэн хэрүүл дахин дахин шүүхэд өгөх зэрэг үйл явдлууд үргэлжилсээр дараагийн сонгууль хүргэнэ. Энд танил арга барил байгаа нь илт харагдаж байна.Уул нь МоАХ-д хэн ч хамаагүй элсэж орж болдог, харин тэр элсэн орсон хүн нь бичигтэй баримттай байдаг гэж дуулдаагүй л юм байна. Энэ сайн дурын байгууллага, ямар ч намаас хэн ч гишүүн дэмжигчид нь байдаг биш бил үү. Хэзээнээс “монтажтай” хүн энэ байгууллагад ордог болчихсон юм бүү мэд.
АН-ын алдчихаад буй сөрөг хүчний орон зай дээр тоглох боломжтой нам бол УИХ-д суудалтай ХҮН. Энэ нам Хөгжлийн банкны асуудалд ганц мэдэгдэл гаргаад л орхичихлоо. Өөрсдийгөө боловсрол өндөртэйг гайхаад бардаггүй энэ намын кандидатуудаас эрх баригчдыг дорвитой шүүмжилж байхыг ард түмэн харсангүй. Хэт ухаалаг бодлого бариад байгааг нь хүмүүс ойлгодоггүй юм уу, тийм зөөлхөн эрх баригчдын амыг харсан хүмүүс байдаг юм уу. Хоёр МАН-тай болохдоо тулбал хүмүүс хуучин МАН-ыг л сонгох нь мэдээж тул дараагийн сонгуулиар ХҮН олон суудал авах эсэх нь эргэлзээтэй. Тэгээд ч 2028 онд намууд дор хаяж 30 гаруй мянган гишүүнтэй байж нам байгуулах эрхтэй болно. Энэ жижиг намууд хүссэн, хүсээгүй аль нэг том намд нэгдэж л таарах байх. Ирээдүй нь тодорхой болчихсон учраас аль намтай нь нэгдвэл ашигтай вэ л гэж харж байгаа байх гэсэн таамаглалыг улс төр судлаачид хэлдэг нь ортой. Хаврын их “бужигнааны” өмнө манай улс төр нэг иймэрхүү л өнгө аястай байна. Жижиг намууд бол бүр юу ч хийхээ больсон нь дээрх Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой биз.
хошного дарга нар · 2022/02/22
Хошногоо ухаж үнэрлэсэн бүдүүн дээрэмчид л байна.Өөр юу ч алга.