Ирэх өвөл цар тахал хэрхэн өөрчлөгдөх вэ?
2022/02/23
Коронавирусний халдварын Омикрон хувилбарын тархалтын дараах нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяртай ярилцлаа.
-Таныг УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайдын зөвлөх гэж мэддэг. Та ер нь яг ямар мэргэжилтэй хүн бэ?
-Миний үндсэн мэргэжил хүний их эмч, мэргэшсэн салбар маань нийгмийн эрүүл мэнд ба нийгмийн эрүүл мэнд судлалын суурь нь өвчний тархвар зүй судлал. Би “London School Hygiene and Tropical Medicine” буюу Лондоны Халуун орны Өвчин судлалын сургуульд Мастерын зэргээ 2004 онд хамгаалсан. Манай сургууль 1899 онд байгуулагдсан эртний сургууль, нийгмийн эрүүл мэнд ба халуун орны өвчин судлалаар дэлхийд тэргүүлэх сургуулийн нэг юм. Одоо хэр нь 120 жилийн өмнөх энэ нэрээ солиогүй байгаа. Лондон хотын Оксфордын гудамжны хойх нь байрладаг, эртний түүхтэй сургууль.
ДЭМБ-ын одоогийн тэргүүн Тедрос Аданом Гебреисус болон ДЭМБ-ын КОВИД-19 техникийн багийг одоо толгойлж байгаа хатагтай Марко Ван Керкхов нар манай сургуулийн төгсөгчид. Мэдээж өөр олон төгсөгч бий. Манай сургууль 2021 онд КОВИД-19-тэй тэмцэхэд оруулсан хувь нэмрээрээ Их Британийн Хатан хааны шагналыг авсан байсан. Одоо ч сургуулийнхаа багш, судлаачид, төгсөгчидтэй холбоотой байдаг.
-КОВИД-19-ийн халдварын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ? Өмнөх давлагаануудтай харьцуулахад сүүлийн давлагааны онцлог юу байв?
-Монгол Улсын хувьд давлагааны оргил үе нэгдүгээр сарын сүүлээр тохиож, улмаар буурч эхэлсэн ба Цагаан сарын баярын дараагаар тодорхой хэмжээнд нэмэгдсэн ба одоо буурах хандлагатай байна.
Омикрон хувилбарын давлагааг вакцины хамралт сайн улс орнууд “SHARP and SHORT” буюу ОГЦОМ ба БОГИНО давлагаа боллоо гэж дүгнэж байна. Дунджаар сар орчим үргэлжилсэн. Хязгаарлалт хийсэн улс орнуудад бол арай удаан, хөдөлгөөний чөлөөтэй, элдэв хязгаарлалтгүй улсуудад богино байсан гэж ойлгож болно. Харин вакцины хамралт муу нэмэлт тунгийн хамрагдалт бага улс орнуудад нас баралт өндөр байсан.
Өнгөрсөн долоо хоногийн тооноос харахад урьд долоо хоногоосоо дэлхийн хэмжээнд 19 орчим хувиар тохиолдлын тоо буурсан байна. Харин 15-20 хувийн өсөлттэй гарсан бүс нутаг нь Номхон далайн баруун бүс. Тэр дундаа Өмнөд Солонгос улсад өдөрт 100 мянга орчим тохиолдол бүртгэж байгаа ба цаашдаа 200,000 хүрэхээр байна. Тус улсын нийт нас баралт 7,000-д хүрсэн. Япон улсад халдварын тохиолдлын өдөрт мөн 100,000 орчим байгаа бол нийт нас баралт 20 мянга орчим болсон байна. Тохиолдлын тооны өсөлт мөн Хонг Конгт бүртгэгдсэн байна. Хонг Конгийн хувьд өдөрт бүртгэгдэх тохиолдол 20 мянгад хүрч, эмнэлэгт хэвтэх 10 мянган хүний хүлээгдэл үүсээд байгаа.
Дээрх орнууд нэгдүгээр сарын эхээр давлагаанд өртсөн ба хязгаарлалтыг нэгдүгээр сарын эхнээс хийж эхэлсэн боловч одоо болтол давлагаа нь дуусаагүй байна. Эдгээр улсад вакцины бүүстер тунгийн хамрагдалт бага, мөн хүн амын дунд ахмад настай хүний эзлэх хувь өндөр байдаг нь нас баралт өндөр байхад нөлөөлж байгаа юм.
Европын орнуудаас ОХУ-ын тохиолдлын тоо 150,000-180,000 бүртгэгдэж өдөрт 800 орчим хүн нас барж байна. ОХУ-ын хувьд Спутник вакцины сонголт байгаа. ОХУ-д вакцины хамралт 30 хувь хүрээгүй, нас баралт өндөр хэвээр байна.
-КОВИД-19-ийн халдварын талаар БНХАУ баримталж буй бодлого юугаараа онцлог бэ?
-БНХАУ хувьд Зеро-КОВИД буюу тохиолдлын тоог тэглэх бодлого баримталж байна. Энэхүү бодлого нь нэг талаасаа зөв боловч шүүмжлэлтэй хандах эрдэмтэд ч байна. Учир нь хөл хориогоо сулруулаад Омикроны дэгдэлт эхэлбэл 260 сая орчим хүн өвчлөх, 60 сая орчим хүн хүндрэх, 2-3 сая хүн амь насаа алдах эрсдэл байна гэж БНХАУ-ын эрдэмтэд өөрсдөө тооцож гаргаж ирсэн байсан. Энэхүү тооцоолол нь вакцины үр нөлөөг 68 хувиар, вакцины хамрагдалтыг хүн амын 90 хувиар тооцсон тооцоолол юм.
БНХАУ-ын хувьд өндөр настай хүн амын эзлэх хувь их байдаг нь сөргөөр нөлөөлнө. Хятадын хувьд мөн энэ эрсдэлээ үнэлээд уламжлалт вакцин буюу сулруулсан вирусээр хийсэн вакцин дээрээ өөрийн шинээр бүтээсэн уураг суурьт вакцинаа бүүстерээр тарих шийдвэр гаргалаа. Манай хувьд уламжлалт вакцин буюу сулруулсан вирусээр хийсэн Синофарм вакцин дээр mRNA вакцинаар бүүстер тун хийсэн нь мутацад ороод байгаа хувилбарууд дээр сайн үр нөлөөтэй байна. Олон орны эрдэмтэн уламжлалт вакцин буюу сулруулсан вирусээр хийсэн вакцин дээр mRNA вакцинаар бүүстер хийсэн улс орнуудад нас баралт, хүндрэл бага байгааг онцолж байна.
Хятадын уламжлалт вакцин буюу сулруулсан вирусээр хийсэн Синофарм вакцин 0.5 мл буюу нэг тундаа 600 ширхэг сулруулсан үржих боломжгүй вирус агуулсан байдаг нь дархлааны системийг 21 төрлийн эсрэг биеийг үйлдвэрлэхээрээ давуу талтай. Тэгвэл бусад вакцины тухайд ганцхан сэртэнгийн уургийн эсрэг биеийг үйлдвэрлэхийг сэдрээдэг.
Файзер вакцины хувьд вирусийн сэртэнгийн уургийн эсрэг биеийн хэмжээг хамгийн өндөр нэмэгдүүлж чаддаг бөгөөд дархлааны эсийн тоог ихээр нэмэгдүүлдэг. Их Британи улсын судалгаагаар АстраЗенека вакцин мөн нас баралтаас хамгийн сайн хамгаалсан судалгаа гарсан ба эсрэг биеийн түвшингийн бууралтын хугацаа нь Файзер вакцинаас илүү удаан байсан. Тэгэхээр вакцин бүр онцлогтой гэж ойлгож болно. Гэхдээ аль ч вакцины үр нөлөө 3-5 сарын дараа буурч байгааг мөн бүүстер тун хийхээр үр нөлөө нь өсөж байгааг эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн.
-КОВИД-19-ийн халдварын Дельта ба Омикрон давлагааны ялгаа ямар байв?
-Улс орнуудад Дельта давлагааны оргил үеэс Омикрон давлагааны оргил үед 2-4 дахин нэмэгдэж байгаа. Манай улсын хувьд ч оргил үе нэгдүгээр сарын сүүлээр тохиосон ба тохиолдлын тоо эрс нэмэгдсэн. Бид юуг ойлгох ёстой бэ гэвэл вирус тасралтгүй мутацад орж байна. Үүнээс хамаарч эсэд нэвтрэх буюу халдварлах чадвар өөрчлөгдөж мөн вакцинаас зайлсхийх чадвар ч өөрчлөгдөж байна. Олон эрдэмтэн Омикрон хувилбарын 30 гаруй мутацаас шалтгаалж халдварлах чадвар эрс нэмэгдэхээс гадна вакцинаас зайлсхийх чадвар эрс нэмэгдэнэ гэж айж байсан. Харин одоо халдварлах чадвар эрс нэмэгдсэн юм байна. Тухайлбал, Омикрон нь Дельта хувилбарын вирусээс 3-4 дахин халдварлах чадвартай болсон ч вакцинаас зайлсхийх чадвар тэгтлээ өөрчлөлт ороогүй гэдгийг эрдэмтэд тогтоосон. Мөн иргэд ч бодит амьдрал дээр харж байна. Вакцины 3 дахь тунг хийлгэснээр халдвараас 70-75 хувь, хүндрэл ба нас баралтаас 95 хувь хамгаалж байгаа нь олон судалгаагаар нотлогдсон. Харин вакцин хийлгээд 3 сараас дээш болсон бол аль ч вакцины хамгаалах чадвар эрс суларч байгаа. Бүх вакцин дээр ийм судалгаа гарлаа. Мөн вирус тасралтгүй мутацад орж байгаа тул бид ч тэмцэх аргаа өөрчилж байна.
-Омикрон дэд БА2 хувилбар эрсдэл учруулах уу?
-Шинэ хувилбар тул эрдэмтэд судалсаар байна. Энэ хувилбарыг илрүүлэх шинжилгээг нэгдүгээр сарын 31-н гэхэд дэлхий даяар 10,000 удаа л хийсэн байна. Үүнээс дийлэнхийг хөгжингүй орнууд болох Дани, Их Британид хийсэн байна.
Японы эрдэмтэд энэ сарын 14-нд чухал ач холбогдолтой судалгааг нийтэллээ. Тэд лабораторийн орчинд хулганад БА2 хувилбарыг халдварлуулж үзэхэд БА1 хувилбараас илүүтэйгээр уушги рүү нэвтрэх чадвар нэмэгдсэн байгааг онцолсон нь хатгаа үүсгэх чадвартай болсон гэсэн үг. Мөн вакцинаас зайлсхийх чадвар нэмэгдсэнийг вакцин хийлгэсэн хүний цусны сийвэнд туршилт хийж нотолсон байна. Мөн хамрын салстын хучуур эсэд илүү хурдан үржин хуваагдан олшрох чадвартай болжээ гэдгийг нотолжээ. Тэгэхээр эрсдэлтэй болж байна гэж үзэж болно.
-Ер нь коронавирусийн халдвар хүний ямар эрхтнийг илүү гэмтээдэг вэ. Өвдөөд эдгэсэн болон урьдчилан сэргийлэх журмаар иргэд ямар арга хэмжээ авах вэ?
-Коронавирус хүний цусны бүлэгнэлтийн механизмыг идэвхжүүлдгээс шалтгаалж халдвар авсан хүмүүсийн элэг төдийгүй бүх эрхтэн системд жижиг хялгасан судасны бөглөрөл үүсгэж, улмаар бүх л эрхтэн системүүдэд үхжил үүсдэг. Үүнээс шалтгаалж бөөрөнд бөөрний хурц дутагдал үүсэх, элгэнд элэгний хурц дутагдал үүсэх, зүрхэнд зүрхний булчингийн үхжил үүсэх, тархинд тархины эсүүдийн үхжил үүсэх гэх мэтээр хамгийн гол нь уушгинд уушгины эд эс хатгаанаас болж сорвижиж амьсгалын багтаамж багасдаг. Иймээс аль ч хувилбараар хүнд өвдсөн хүмүүс амархан ядарч цуцдаг нь дээрх эрхтэн системүүд үйл ажиллагааны дутагдалд орж байгаа гэсэн үг.
Хүүхдүүд урьд урьдын давлагаан дээр коронавирусээр хүнд өвдвөл мөн олон эрхтэн системийн дутагдалд орж байсан. Дельта давлагааны үед их олон гарч байсан. Ковидын вирус мөн өөхний эсүүдийг довтолдог нь тарган хүмүүс ковидоор хүнд өвдөж байгаагийн үндсэн шалтгаан болж байгаа юм.
-Халдвар аваад эдгэсний дараа янз бүрийн өвчний шинж тэмдэг илрээд байгаа талаар тайлбарлахгүй юу?
-Лонг-Ковид буюу өвдсөний дараах урт хугацааны эрүүл мэндийн сөрөг нөлөө тарган хүмүүст ихээр үүсэж байгаа талаар судалгаанууд гарч байна. Тарган хүмүүсийн өөхний эсэд вирус удаан хугацаанд оршиж, халдварын голомт болж, дархлаа буурмагц идэвхжиж байна гэжүзэж буй эрдэмтэд ч байна. Лонг Ковидын шинж тэмдэг бүхий хүмүүст вакцин нэмэлтээр хийхэд шинж тэмдэг арилж байгаа судалгаанууд гараад байгаа бөгөөд энэ нь хүний дархлаа идэвхжиж вирусийг бүрэн устгаж байна гэж ойлгож байна. Лонг Ковид бол вирус таны эд эрхтэнд байсаар байна гэсэн үг гэж үзэж буй эрдэмтэд байна.
Тэгэхээр энэхүү вирусээс болж олон хүн насан турш архаг өвчтэй болж үлдэх эрсдэлтэй байна. Тийм учраас вакцинаа хийлгэж өвчлөхгүй байх нь чухал.
Залуу, хөнгөн өвдсөн хүмүүст ч тархины эд эсийг гэмтээх сэтгэцийн өөрчлөлттэй болгох мөн дараагийн шатанд альцхаймерийн өвчтэй болох суурийг тавьж байна гэсэн судалгаа саяхан гарсан. Хүний дархлааны систем вирусийн эсрэг хэт идэвхжсэнээс болж тархины эд эсээ устгаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, аутоиммуны өвчин болж хувирсан байна.
Ковидын хурц үед тархины судасны харвалт, орчноо мэдрэхгүй болох, мэдрэл булчингийн үйл ажиллагааны хямрал үүсгэдэг бол ковидын дараа толгой өвдөх, депрессд буюу сэтгэл гутралд орох, психоз буюу сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгүүд өгөх зэрэг тархины эд эсийг гэмтлээс үүсэлтэй шинж тэмдгүүд өгч байна. Мөн ой тогтоолт муудаж оюуны чадавх буурч байгаа нь ажиглагдаж байна.
Зүрхний хувьд мөн КОВИД-19 зүрхний эд эсэд нэвтэрдэг ба хүний дархлааны систем эдгээр халдвар авсан зүрхний булчингийн эсийг устгахдаа мөн эрүүл эд эсээ устгаж байгаагаас зүрх гэмтэж байна. Улмаар зүрхний инфаркт буюу шигдээс хоёр механизмаар үүсэж байна. Нэгдүгээрт цус өтгөрснөөс, хоёрдугаарт хамгийн элбэг нь буюу зүрх КОВИД-19 халдварын үед ихээхэн ачаалал авч хүчилтөрөгчийн дутагдалд ороод зүрхний инфаркт буюу шигдээс өгч байгааг АНУ-ын Жон Хопкинсын их сургуулийн судлаачид онцолж байна. Энэ үед буюу коронавирусийн өвчлөлийн үед цусанд тропонин ихсэж байгаа ба энэ нь зүрхний булчин гэмтэж үхэж байгааг илэрхийлдэг бол зүрхний цахилгаан бичлэгт зүрхний инфарктын үеийнхтэй адил бичлэг гарч ирж байгаа.
Халдварын дараа амьсгаа авахад хэцүү болох, ихээр шээх, хөл хавагнах, хэвтэхэд амьсгалахад хэцүү болох зэрэг шинж тэмдэг нь таны зүрх КОВИД-19-ийн дараах дутагдалд орж байгаа гэсэн үг буюу таны зүрх гэмтсэн гэсэн үг. Германы судлаачид саяхан халдварын дараах 100 хүний зүрхний булчинд хийсэн судалгаагаар зүрхний булчингийн үхжил сорвижилт 70 гаруй хүнд илрүүлсэн ба хүнд өвдсөн хүмүүст илүү их байгааг тогтоосон.
Бөөрний хувьд ч адилхан коронавирус бөөрний эд эсэд нэвтрэн орж гэмтээдэг ба мөн цусны бүлэгнэлээс шалтгаалж бөөрний түүдгэнцэр гэмтэж шээсээр уургаа их алддаг ба хэрвээ хүнд өвдсөн бол насан туршдаа гемодиалзд ордог болох ч эрсдэл бий. Хүнд өвдөх үед үүссэн цитогены шуурга бөөрийг гэмтээдэг. Хөнгөн өвдсөн хүмүүст харин зүрх ба бөөрний гэмтэл нөхөн сэргэх боломжтой байгаа.
Элэгний хувьд бас адилхан элэгний эсэд коронавирус нэвтрэн орж элгийг гэмтээдэг ба хүний дархлааны систем халдварласан эсийг устгахдаа эрүүл элэгний эсээ устгадаг мөн элэгний хурц дутагдал буюу элэгний үйл ажиллагааны доголдол үүсдэг. Энэ үед манай иргэд сайн мэддэг АЛАТ, АСАТ ихээр нэмэгддэг.
Судалгаагаар элэгний архаг өвчтэй, В, С вирустэй хүмүүс Ковидоор өвдөх үед элэгний гэмтэл хамгийн ихээр үүсэж байна гэж гарч байгаа. Ковидоор өвдсөн хүмүүсийн 14-52 хувьд нь элэгний үйл ажиллагааны доголдол гарч байна.
-КОВИД-19-өөр дахин халдварласан иргэдэд эмийн багц өгч байгаа юу? Мөн эмийн багцад багтдаг С болон Д витамин өндөр тунтай байгаа нь хүмүүст муугаар нөлөөлнө гэсэн байсан. Үүнд тайлбар өгнө үү?
-Дахин халдварласан иргэдэд эмийн багцыг даатгалтай ч бай даатгалгүй ч бай олгож байгаа. Манайхаас өөр улсад ингэж өгч байгаа улс байхгүй. Мөнгө нь ЭМДЕГ-аар дамжиж төсвөөс гарч байгаа гэж ойлгож болно. Тунгийн хувьд витамин С болон Д тун нь өвчилсөн хүмүүст энгийн үеэс илүү тунгаар өгдөг жишиг байдаг. Витамин С үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бол олон судалгаагаар Витамин Д хүний дархлааг үрэвслийн үед идэвхжүүлдэг ба Ковид хүндрэлээс үр дүнтэй сэргийлж байгаа.
-Хүүхдийн вакциныг хийх асуудал яагаад одоог хүртэл хөндөгдөхгүй байгаа бэ?
-Уханьд гарсан эхний хувилбарын үед хүүхдийн өвчлөл эрсдэл бага байсан. Альфа хувилбарын үеэс хүүхдийн эрсдэл өсөж эхэлсэн ба 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлсэн бол Дельта хувилбарын үед бүр их өссөн. АНУ-ын засаг захиргааны зүгээс Дельта хувилбарын үед 5-11 насанд хүүхдийн өвчлөл нэмэгдэж эмнэлэгт хэвтэлт нэмэгдэж улмаар энэ насны 94 хүүхдийн нас баралт бүртгэгдсэн тул энэ насны бүлгийг вакцинжуулж эхэлсэн. Файзер компанийн 5-11насны хүүхдийн дунд хийсэн вакцины судалгаа үр дүн өгсөн тул ийм шийдвэр гаргасан. Файзер компанийн зургаан сартайгаас таван насны хүүхдийн дунд хийсэн вакцины судалгаа үр дүн өгөөгүй тул одоогоор энэ насанд вакцинжуулалт эхлээгүй байна. Хятад улс гурван наснаас дээш Синофарм вакцинаар вакцинжуулалт хийж байна.
Харвардын Бостоны хүүхдийн эмнэлгийн судалгаагаар Омикрон давлагааны үед хүүхдийн сэхээний хэвтэлт Дельта давлагаанаас 70 хувь буурсан. Олон хүүхэд өвдөж байгаа тул хавсарсан өвчтэй дархлаа сул 5-10 хувьд нь хүндрэл гарч байна. Омикрон давлагаа хүүхдэд хатгаа болох нь бага харин илүү амьсгалын дээд замын үрэвсэл хэлбэрээр явж байна. Манай улсад хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна, хүүхдүүд ларингит их өгч байна. Гэхдээ ларингиттэй хүүхдүүд 1-2 хоногт эмчилгээний үр дүн өгч байгаа. Бронхоспазм бас их өгч байна. 3-5 хоногт утлага эмчилгээ хийж байж үр дүн өгч байна. Амьсгалын дутагдал нь их хөнгөн байгаа нь сайн байна гэж эмч нар ярьж байна. Омикроны шалтгаанаар Эх, Хүүхдийн Үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт байгаа хүүхдүүд дийлэнх нь зүрхний төрөлхийн олдмол гажигтай дээр нь Омикроны халдвар авсан хүүхдүүд байсан. Тэгэхээр эрсдэлт бүлэгт эрсдэл хамгийн өндөр хэвээр байна. Харин хүүхдүүд улирлын томуу төст коронавирусээс халдвар авдаг нь SARSCov2 вирусээс давхар хамгаалж буй гэсэн судалгаа байгаа. Бид 12-17 насны хүүхдүүдэд нэмэлт бүүстер хийх эсэх мөн 5-11 насны хүүхдийн вакцины асуудлыг судалж байна. Омикроны давлагааны үед олон улс орон хүүхдийн эрсдэлийг үнэлж үзээд 12-с доош насанд вакцин хийхгүй байхаар шийдсэн.
-Омикрон хувилбарын давлагаан дээр ЭМЯ ямар бодлого баримталж хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Омикроны халдварлах чадвар эрс өссөн тул хөл хорио хийгээд ч тогтоож дийлэхгүй гэж үзэж буй эрдэмтэд байна. Үүний нэг жишээ бол БНХАУ юм. Вакцины хамралт өндөр, өвдсөн хүмүүсийн тоо өндөр мөн сүргийн дархлаа өндөр улсуудад Омикроны давлагаа хөнгөн явж байгаа. Хөнгөн гэдэг нь нас баралтын тоог хэлж байгаа гэсэн үг. Бид Дельта давлагааны оргил үед өдөрт 20 нас баралт бүртгэж байсан бол Омикроны оргил үед буюу одоогоор өдөрт 1-2 нас баралт бүртгэж байна. Өөрөөр хэлбэл 10 дахин бага гэсэн үг. Гэхдээ энэ бол тайвшир гэсэн үг биш. Учир нь маш олон хүн өвдөж байна. Эрсдэл бол байгаа.
Бид аль болох хөл хорио хийхгүйгээр нийгэм, эдийн засгаа бодсон дасан зохицох бодлогыг өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн баримтлан ажиллаж байгаа.
Өнгөрөгч арванхоёрдугаар сард бид Омикроны давлагааг орж ирэх хугацааг хойшлуулах хил дээр хяналт хийх ажлыг эрчимжүүлсэн. Энэ хугацаанд Дельта давлагаанаас дөнгөж гарч ирсэн эрүүл мэндийн салбарын хүний нөөцөө амраах, эм эмийн хэрэгслээ базаах, вакцины бүүстер тунгаа идэвхжүүлэх, шаардлагатай судалгааг хийх гэх мэт ажлуудыг амжуулсан.
Бидний хувьд өрхийн эмнэлгээр дамжуулан иргэдээ эмчлэх мөн хүнд өвчтөнийг хэвтүүлэх эмнэлэг орыг эрчимтэй нэмэх аль болох хохирол багатайгаар даван туулахыг хичээсэн. Манай улсын хувьд эмнэлгийн ачааллыг тохиолдлын тоотой уялдуулан зохицуулах төлөвлөгөөг урьд нь ч гаргаж ажиллаж байсан, одоо ч гаргаж ажиллаж байна. Тухайлбал бид энэ удаа Омикрон давлагааны онцлогт тохируулан зөвхөн хүнд хүмүүс хүндрэх эрсдэлтэй бүлгийг хэвтүүлэн эмчлэх тактикийг баримталж байна. Энэ ажлын хүрээнд Дельта давалгааны үед 22,000 ор дэлгэж байсан бол энэ удаа 10,000 орыг дэлгэж ажилласан. Бид үндсэн тусламж үйлчилгээ буюу Ковидын бус тусламж үйлчилгээг орхигдуулж болохгүй тул бүх орыг КОВИД-19-ийн өвчтөнүүдэд дэлгэж болохгүй. Нэг сая хүнд дэлгэж буй Ковидын орны тоогоор манайх хамгийн олон орыг дэлгэж буй орны тоонд ордог. Тухайлбал манай улсад Дельта ба Альфа давлагааны үед хэвтэж эмчлүүлсэн хүн нийт өвчлөгчдийн 20-30 хувь нь хэвтэж эмчлүүлсэн нь өндөр үзүүлэлт юм. Омикрон давлагааны үед зөвхөн эрэмбэлж шаардлагатай хүмүүсийг л хэвтүүлсэн. Энэ үед томуугийн дэгдэлт мөн идэвхжсэн. ЭМЯ цаашдаа ч дэгдэлтийн үед орыг нэмдэг буурмагц нь хасдаг уян хатан байдлаар ажиллана. Ингэж болохыг бид сая томуу ба Ковидын том дэгдэлтийн үед харуулж чадлаа. Орыг цахимаар хянадаг болно.
-Халдвар эрчимтэй тархаж байгаатай зэрэгцэн эмч эмнэлгийн ажилтан олноороо халдвар авч байна. Энэ үед хүний нөөцөө хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Манай улсын эрүүл мэндийн салбарынхан олноор өвдөж байгаа нь үнэн. Үнэхээр монгол хүний тэсвэр тэвчээрийг гаргаж байж манай эмч сувилагч ба эмнэлгийн аж ахуйн ажилчид ажиллаж байж урьд урьдын хүнд давлагааг давсан энэ давлагааг ч бид тэгж давлаа. Олон эмч сувилагч өөрсдөө халдвар авсан ч улаан бүсэд ажиллаж байна. Хүний нөөц дээр 1,000 гаруй резидент эмч нар мөн МУЗН-ын зохион байгуулсан сайн дурын ажилчид маш ажилласан.
-Манай улсын вакцины нөөц болон иргэдийн IV тунгийн хамрагдалт хэр байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас вакцины хангалтыг эрчимтэй хийж вакцины өргөн сонголтыг олгосон нь манай улсын КОВИД-19-тэй тэмцэхэд хамгийн чухал зэвсэг болсон. Улмаар манай улс томоохон давлагаануудыг хохирол багатай даван туулсан. 2022 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар Их Британи, Итали, АНУ зэрэг улсууд нэг сая хүнд ногдох нас баралт 2,200-2,400 орчим бүртгэгдсэн нь манай улсаас 3 дахин өндөр байна. Монгол Улсад нэг сая хүнд 580 орчим нас баралт бүртгэгдсэн ба нас баралт бага байхад вакцины хамралт сайн, өрхийн тусламж сайн, орны тоог хангалттай байсан нь нөлөөлсөн. Эдгээр нь манай гол тактик юм. Одоогоор IV тунд 96,000 хүн, III тунд сая гаруй хүн хамрагдаад байна.
Вакцины нэмэлт тунгийн хамрагдалт өндөр улсууд Омикроны давлагаанд хохирол бага гарлаа. Манай хувьд өндөр настнууд вакцины нэмэлт тунд маш сайн хамрагдсан нь сайн боллоо. Бид 2021 оны долоодугаар сараас хязгаарлалтыг хийхийг зогсоож энэхүү вирустэй дасан зохицох тактик баримталсан. Цар тахал Омикроноор дуусаж энэхүү вирус томуу төст вирус болон хувирч байгааг олон эрдэмтэд зарлаж байна. Аливаа вирус хувьсал хөгжлийн явцад хурдан тархах хөнгөн өвдүүлэх чадвартай болж оргилдоо хүрдэг.
Өнөөдөр дэлхий дахинд улирлын томуу төст коронавирусийн 6 төрөл нь хүн төрөлхтөнтэй зохицон амьдарч байна. Энэ КОВИД-19 ч ийм хувилбар руугаа орох ёстой юм. Тийм учраас цар тахал ингээд дуусаж байна гэж үзэж буй эрдэмтэд бий. Гэхдээ вакцингүй хүмүүс хөнгөн өвдөх магадлал бас л байгааг анхаарах ёстой. Энэ вирусийн сэртэнгийн уураг нь сахарын молекул уургаар бүрхэгдсэн байдаг ба хүний дархлааны эс танихад энэ бүрхүүл нь сөргөөр нөлөөлдөг ба ингэж дархлаанаас зугтаж чаддаг нь энэ вирусийн хамгийн давуу тал юм, энэ сэртэнгээрээ дамжиж эсэд хялбар нэвтрэх чадвар нь энэ вирусийг супер вирус болгож байгаа гэж ойлгож болно.
-Халдварт өртсөн хүмүүс хэд хоногийн дараа ажилдаа орж болох бэ?
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар Омикрон давлагааны үед хэрхэн тусгаарлахыг зохицуулсан. Ер нь шинж тэмдэг анх эхэлснээс хөнгөн өвдсөн бол 5 хоног гэрээр, хүнд бол 7 хоног, маш хүнд өвдсөн бол 10 хоног тусгаарлана. Гол нь шинж тэмдэггүй болсны дараа ажилдаа орох ёстой. Хүнд өвдөх тусам эдгэсний дараа ПГУ шинжилгээ удаан эерэг байгаа, тухайлбал маш хүнд өвдсөн хүмүүст 12 долоо хоног хүртэл эерэг байгаа. Өөрөөр хэлбэл үхсэн вирусийн РНХ уураг бас ПГУ дээр илэрдэг тул халдваргүй хүн ч эерэг гарах тал бий. Харин хурдавчилсан тест вирусийн сэртэнгийн уургийг илрүүлдэг тул яг халдвартай хүнийг илрүүлдэг гэж ойлгож болно. Олон хүн тэрэн дотроо вакцины 2 ба 3 тунтай хүмүүс эхний өдөр ПГУ эерэг гараад маргааш нь сөрөг болчихлоо гэдэг нь бүх вирусийг нь хүний дархлааны эсүүд маргааш нь устгачихсан гэж ойлгоход болно. Вирусүүдэд үржиж олшрох боломж олдоогүй гэсэн үг. Тэгвэл маш хүнд өвдсөн хүмүүс 90 хоног хүртэл эерэг байдаг нь вирусийн уургийн үлдэгдэл салстад байсаар байна гэж ойлгож болно.
-КОВИД-19-ийн шар түвшин рүү шилжих үндэслэл юу байв?
-Цар тахал буюу Пандемикийн үед давлагаа өндөр ба нас баралт өндөр байдаг. Эндемик үед халдвар алга болохгүй байсаар байна, гэхдээ нас баралт буурдаг томуугийн түвшинд нас баралтын эрсдэл орж ирсэн тул олон орон энгийн түвшин рүү шилжиж буй үндэслэл юм. Томуу боллоо гэж үзэж байна. Манай хувьд мөн вакцины хамралт өндөр байгаа, судалгаагаар хүн амын дундах энэхүү вирусийн эсрэг биеийн төрөгч тархалт 90 хувиас өндөр болсон байна. Цаашдаа улс орнууд үнэгүй Ковидын шинжилгээг цуцлах, халдвар авсан хүмүүс заавал тусгаарлах хуулиа цуцлах, мөн халдвар авсан хүмүүсийн тандалтыг зогсоож байна.
-КОВИД-19 цар тахлын дараа халдварт өвчинтэй тэмцэх бүтэц хэрхэн өөрчлөгдөх вэ?
-Цар тахлын дараа алдаа оноон дээр суурилж өөрчлөлтийг хийх ёстой. Цар тахлын дараа халдварт өвчний тандалт маш хүчирхэг болох ёстой юм. Энэхүү тандалт нь цахимжсан, BIG DATA дээр суурилсан хүчирхэг тандалт байх ёстой юм. ЭМЯ-ны зүгээс АНУ, Тайвань, Өмнөд Солонгос шиг Өвчний Хяналтын төвийг байгуулахаар ажиллаж байна. Мөн Нийтийн эрүүл мэндийн хуультай болох шаардлага үүсээд байгаа.
-Ирэх өвөл нөхцөл байдал ямар байхаар төлөвтэй байна бэ?
-Олон орны эрдэмтэд хоёр төлөв байгааг дурдаж байна. Эхний төлөв бол сайн буюу Омикроны давлагаатай төстэй давлагаа явах хувилбар. Үүнээс сэргийлэхийн тулд нэмэлт вакцинжуулалт хийх шаардлагатай. Түүн дотроо эрсдэлт бүлгээ вакцинд нэмж хамруулах гэсэн зөвлөгөөг өгч байна. Муу төлөвийн тухайд вакцины дархлаанаас зайлсхийх чадвар өндөртэй шинэ хувилбар гарч ирж нөхцөл байдал хүндрэх тул вакцинжуулалтыг улам эрчимжүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгч байна. Гэхдээ дийлэнх эрдэмтэд эхний байдлаар дэгдэлт үүснэ гэдэг дээр санал нэгдэж байгаа.
Тиймээс аль ч тохиолдолд иргэдийг вакцины нэмэлт тунд хамрагдах шаардлагатай гэж үзэж байгаа бол цаашдаа жил бүр эрсдэлт бүлэг нэмэлт тунг хийлгэдэг болно гэж эрдэмтэд дүгнэж байна. Дархлааны Т эсүүдэд дархлааны гол санамж байдаг тул энэ санамж буюу вирус орж ирмэгц таньж устгах мөн эсрэг биеийг үйлдвэрлэх эсүүдийг идэвхжүүлэх чадавх нь хадгалагддаг 3, 4 дэх тунгийн дараа энэ санамж илүү сайн бэхжиж байгаа. Нэг асуудал бол халдварлах чадвар эрс нэмэгдсэн вирусийн хувилбарууд хүний дархлааны эсүүд таньж хариу урвал өгөхөөс өмнө эс рүү хурдан нэвтэрч байгааг эрдэмтэд онцолж байна. Тийм учраас урьд нь өвдсөн араас нь вакцин тариулаагүй хүмүүс дахин дахин өвдөөд байгаа. Өвдсөний дараах байгалийн дархлаа хангалттай сайн тогтдоггүй. Нэгдүгээр сард Омикроноор өвдсөн хүмүүс дахин өвдөх эрсдэлтэй байна. Харин өвдөөд араас нь вакцин тариулсан хүмүүст хамгийн сайн дархлаа буюу ХАЙБРИД дархлаа тогтож байгааг эрдэмтэд онцолж байна.
Жил бүр вакцин үйлдвэрлэгчид тухайн өвөл ямар томуу давамгайлахыг тогтоож урьдчилж вакциныг үйлдвэрлэдэг түүн лугаа Ковид вакцин ч ийм байдал руу орж тухайн өвөл ямар хувилбар гарахаар байна түүн рүү чиглэсэн вакциныг үйлдвэрлэнэ. Дараагийн шатанд UNIVERSAL буюу Ковидын вирусийн мутацад ордоггүй сэртэнгийн уургийн хэсэг рүү чиглэсэн вацкиныг бүтээхээр эрдэмтэд ажиллаж байна.
Цаашдаа вирусийн сайн ба муу хувилбарууд гарч ирсээр байх болно, хэцүүхэн өвлүүд ч тохиолдоно. Гэхдээ сүүлийн хоёр жил шиг хүнд өвөл хүн төрөлхтөнд дахиж тохиохгүй гэж эрдэмтэд үзэж байна.
Зочин · 2022/02/23
Хамуу тэмбүү биднийг төрөхөд байж л байсан түүн шиг ковид байсаар л байх болно бид дасаж зохицож л амьдрах ёстой
В.Жемчугов · 2022/02/23
«Он («Омикрон» — Ред.) постепенно вытеснит все предыдущие более опасные конструкции и обойдет всю планету. И на этом процесс завершится. Многие страны законодательно уже признали его социально неопасным. Это значит, что он действительно стал сезонным ОРВИ. Нашему здравоохранению нужно сконцентрироваться на амбулаторной помощи, что Минздрав сейчас и выполняет»,
Сүх · 2022/02/23
ДЭМБ бол олон улсын санхүүгийн корпорацийн байгууллага Белл Гейтс Рокффелерийн сангаас санхүүждэг. Цар тахлыг далимдуулж вакцины наймааг дэлхийн хэмжээнд хийж байгаа байгууллага шүү дээ