Н.Бат 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны сүүлчээр “Шинэ сэргэлтийн бодлого” зарлахдаа  Боомтын сэргэлт,  Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт хэмээн зургаан бодлогыг онцолж хэрэгжүүлэхээ олон нийтэд мэдээлсэн. 

УИХ-аар баталгаажуулсан  Шинэ сэргэлтийн бодлогын нэг цөм нь мэдээж Аж үйлдвэржилтийн сэргэлт. Ерөнхий сайдын хэлснээр “Аж үйлдвэржилт бол зуун дамнасан бодлогын үргэлжлэл. Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодоосоо хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох Аж үйлдвэржилтийн сэргэлт бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа” юм. 

Тиймээс Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг яаралтай цэгцлэн, Монгол Улсын хөгжлийн төлөөх төслүүдэд тэр тусмаа “Эксем” банкны жишгээр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг, экспортыг нэмэгдүүлэгчдийг дэмжиж, хөрөнгө оруулалт хийдэг банк болгож, хэвийн ажиллагааг нь хангаж ажиллуулна гэж буй. 

Ерөнхий сайд  чанаргүй гэх ангилалд багтсан 1,8 их наяд төгрөгний зээлийг нэн яаралтай барагдуулахыг  Хөгжлийн банкны удирдлагуудад даалгаж, шат шатандаа ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.Хөгжлийн банкны удирдах бүрэлдэхүүн өнгөрсөн баасан гарагт чанаргүй зээлийг барагдуулах ажлын явцын талаар мэдээлэл өгсөн. Энэ оны нэгдүгээр сарын 20-нд шүүхэд өгсөн зарим зээлдэгчдээ тус банкны зүгээс зарласнаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 49 тэрбум 750 сая төгрөгний зээлийн эргэн төлөлт хийгдсэн аж. Гэвч муу зээлийн хэмжээ 1,8 их наяд төгрөг гэхээр ёстой дуслын төдий л санагдах. 

Анхан шатны шүүх дээр Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 750 орчим тэрбум төгрөгний үнийн дүнтэй 16 хэрэг шийдвэрлэх шатанд байгаа аж. Хамгийн  удаан нь "Монгол Драй милк" төсөл. 886 хоног шүүхийн шатанд яваа гэнэ.  Давж заалдах шатны шүүх дээр 1, хяналтын шатны шүүх дээр 6 хэрэг буюу нийт 373 тэрбум төгрөгний зээлийн асуудал шийдлээ хүлээж буй. 

Шүүхийн процесс дээр гацсан 1,2 их наяд төгрөгний зээлийн зөрчилд төгрөгөөр илэрхийлээд нэхэмжлэл гаргасан учраас хугацаа удаашрах тусам ханшийн эрсдэлд орж байгаа гэдгийг Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар хэлж байв. Тэрбээр “зээлүүд дээр нарийн судалгаа хийгээд үзвэл улстөрийн нөлөөлөл байна гэж харж болох юм. Хамаарал бүхий этгээдийг тодорхой албан тушаалд томилуулах байдлаар нөлөөлөл байсан.

Зээлийн шийдвэр гаргалтанд оролцоод эрсдэлгүй гэсэн дүгнэлт хийсэн ч одоо эрсдэлтэй болсон зээлийг нэгбүрчлэн шалгаж, хариуцлага алдсан ажилтнуудыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч байна. Мөн 64 зээлдэгчийн 71 зээлийн баримтын бүрдүүлбэрийг шалгаж үзэхэд 47 зээлийн баримт нотлох баримт дутуу, зөрчилтэй гарсан. Алдагдсан, устгасан байж болзошгүй гэж үзээд холбогдох байгууллагуудаа шалгуулж байна” гэлээ. Тухайн өдрийн мэдээллүүд хэвлэлд нэгэнтээ гарсан учраас энд хүргээд тасалья. Харин Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн шийдвэрээр томилогдоод 14 хоног ажиллаж байна хэмээн тодотгосон Ж.Эрхэмбаатар захирал үгэндээ “Зарим нэг зээлдэгч нар Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд   үнэтэй хувь нэмэр оруулаад том үйлдвэр байгуулсан гэж ярьж байгаа. Энэ бол тухайн хүний л бизнес. Тэр хүн л хувьцааг нь эзэмшиж,  ашиг олбол тэр хүн хүртэж байгаа.

Тэгэхээр энд бол  Монгол Улсын төлөө үйлдвэр байгуулсан байхад Хөгжлийн банк хураах гээд үйл ажиллагааг нь зогсоох гээд байгаа гэх мэдээлэл үндэслэлгүй. Тэдгээр  зээлдэгч нар 1200 хоног, 800 хоног үндсэн  зээл хүүгээ төлөөгүй. Уулзаа ч үгүй. Энгийн бизнес түншүүд хоорондоо учраа олдог арга хэрэгслээр шийдэгдэхгүй хэмжээнд очсон. 

Тиймээс өрөө төл” хэмээн хэлсэн нь нэг талаар өрөөсгөл дүгнэлт болсныг анзаарахгүй өнгөрч чадсангүй. Зээл авсан бол төл хэмээн түүний зүгээс тавьж байгаа шаардлагыг зүй ёсных гэж харж байгаа. Гэхдээ “Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулаад том үйлдвэр байгуулсан гэж ярьж байгаа” хэмээн буруушаасан өнгө аясаар хэлснийгээ өөрөө нэг тунгаан эргэж харсан байх гэж найдья. Бид хэнийг ч өмөөрч, хэний ч талд орохыг хүссэнгүй.

Харин үйлдвэр байгуулна гэдэг Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байна гэдэг үгийг хүлээн зөвшөөрч байна.Ердөө зургаа долоон жилийн өмнө бид бүтээн байгуулалтын гол түүхий эд болсон цементийн хувьд урд хөршөөс хараат байв. Гэтэл өнөөдөр 100 хувь дотоодынхоо хэрэгцээг хангаж байна. Цементийн зах зээлд дотоодын 4 том үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хөтөл цемент, Монцемент, Макцемент бол дотоодын үйлдвэрүүд. Улаан цемент гэх хятадын хөрөнгө оруулалттай нэг үйлдвэр бий. Дотооддоо цемент үйлдвэрлэх болсноор сүүлийн жилүүдэд барилгын салбар ямар хурдацтай хөгжсөнийг хэн бүхэн мэднэ. Наад зах нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил байна. Монголчуудын үйлдвэрлэсэн өндөр чанарын цементээр газар доор уул уурхайн том бүтээн байгуулалт хийж байна. Энэ бол улс орны хөгжилд тус компаниудын оруулсан зүй ёсны үнэтэй хувь нэмэр.

Монгол Улс 2021 оны 6 тэрбум 849 сая ам.долларын импортын бараа бүтээгдэхүүн авчээ.  Үүнээс 40 хувь нь буюу 2 тэрбум 760 сая ам.долларын  машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл  барилгын материал  авсан байгаа юм. Зөвхөн барилгын материал 727 сая ам.доллараар авчээ гэсэн тооцоо бий. Гэтэл бид 9 тэрбум 247 сая ам.долларын экспорт хийжээ. 92 хувь нь  уул уурхайн бүтээгдэхүүн. Энэ нь 83 хувь урд хөршөөс хараат. 

Гадаад валютын нөөц маань 12 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрээгүй. Тиймээс Монгол Улс хөгжлийн гарц бол үйлдвэржилт гэдгийг УИХ-ын дарга хэд хэдэн уулзалт дээрээ онцолж байсныг дурдая.

Эндээс харвал бид цементээ бас гаднаас авдаг хэвээр байсан бол сүүлийн жилүүдэд ийм эрчимтэй бүтээн байгуулалт өрнөх үү?Цементийн чанарын асуудал гэх гомдол ч дуулдахаа байсан гээд  цементийн үйлдвэрүүд дагасан нааштай сайн үр дагавар эдийн засагт маш их гэдгийг эрхбиш тооцоолж үзсэн байх. Гэхдээ нийгэмд олон эерэг нөлөөлөл үзүүлж байгаа гээд тулган шаардсан элдэв шаардлага тавих нь зохисгүй нь ойлгомжтой. 

Яг үнэндээ, Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй МАК цемент ХХК, Монполимент ХХК-ийн төслийг харьцуулахын арга алга.  Хөтөл ХХК гэхэд 2012 онд Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларын зээл авсан ч  өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Одоогоор төгрөгөөр тооцвол 295 тэрбум, ам.доллараар 103 саяын өртэй. 

“Мак цемент” 2014 оны аравдугаар сард 70 сая ам.долларын зээл аваад  одоо зээлийн үлдэгдэл 53 сая, төгрөгөөр 164 тэрбум. Монцемент  төсөл  2014 оны аравдугаар сард 65 сая ам.долларын зээл аваад 39 сая доллар буюу төгрөгөөр 113 тэрбум үлдэгдэлтэй гэж Хөгжлийн банкнаас мэдээлсэн. 

Тэгэхээр, судалгаа, хяналт хийж байгаа мэргэжилтнүүд маань үүнийг анзаарч байгаа биз. Хамгийн гол нь дээрх хоёр үйлдвэрээс Засгийн газрын шийдвэр төгрөгөөр гарсан боловч зээлийг ам.доллараар олгосон гэдгийг хэлж буй. Засгийн газар анхнаасаа гаднаас ам.долларын эх үүсвэр татсан учраас зээлийн шийдвэрээ ч ам.доллараар гаргах ёстой баймаар. 

Үнэхээр үйлдвэрлэгчдийн хэлснээр төгрөгөөр гаргасан бол валютын ханшийн эрсдэлийг үүрэхээр шийдэж байсан хэрэг үү. Энэ мэт төрийн хөрөнгө оруулалтын эмх замбараагүй эрх зүйн орчин, үйлдвэрлэгчдэд бас томоохон дөнгө болдгийг төр засаг нэгэнт дуугарсныг цэгцлэх биз.  Энэ бүхнээс үүдэж эдийн засагчид, судлаачид, улстөрчид Хөгжлийн банкнаас зээл авсан төслийг хоёр хувааж үзэж ёстой хэмээн байн байн сануулж буй биз. 

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН