Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн хоёрдугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлаар Монгол Улсын эдийн засгийн төлөв, гадаад орчинд үүсэж буй эрсдэл, тодорхой бус байдлын талаар хэлэлцээд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд доорх чиглэлээр бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх зөвлөмж гаргалаа. 

Үүнд:

  1. Эдийн засгийн гадаад орчинд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан олон улсын төлбөр тооцооны тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллах.
  2. “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулахад чиглэсэн боомтуудын өргөтгөл шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлыг яаралтай дуусгах, БНХАУ-ын талтай харилцан тохиролцож, хилийн боомтуудын төлөвлөлт зохион байгуулалтыг нягт уялдуулан үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх.
  3. Хил орчмын бүс нутагт халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хил нэвтрүүлэх зохион байгуулалтыг сайжруулах, экспортын тээвэрт хүний шууд оролцоог бууруулсан чингэлэгт тээврийн терминал, ухаалаг тээврийн хэрэгслийг (AGV) нэвтрүүлэх ажлуудыг шуурхайлах замаар экспортыг нэмэгдүүлэх.
  4. Замын-Үүд, Булган, Бичигт, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтууд, импортын бараа тээвэрлэлтийн шинэ замуудыг судалж, ашиглах замаар импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулах.
  5. Гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалан нэмэгдсэн инфляцыг Улсын Их Хурлаас баталсан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн хүрээнд Төв банкны дунд хугацааны зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
  6. Эдийн засгийн сэргэлтийг дэмжих, үйлдвэрлэлийн суурь зардал, хэрэглээний үнийн дарамтыг бууруулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах хүрээнд эрчим хүч, цахилгаан дулаан, сайжруулсан түлш, цэвэр бохир ус, сургалтын төлбөр зэрэг төрийн зохицуулалттай үнэ болон бензин шатахууны үнийн тогтвортой байдлыг ханган ажиллах.
  7. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гадаад төлбөрийн чадварыг дэмжиж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлого, үйл ажиллагаа, санхүүгийн зохицуулалтыг уялдуулан хэрэгжүүлэх.