Б.Жавхлан: Шатахууны нийлүүлэлтэд доголдол үүсэхгүй, тайван байж болно
2022/03/02
Сангийн сайд Б.Жавхлан шатахууны асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар Украин, ОХУ хоорондын зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотойгоор эдийн засгийн ямар нөлөөлөл Монголд орж ирж болох вэ, үүнээс яаж урьдчилан сэргийлэх, хариу ямар арга хэмжээ авах талаарх эхний судалгааг Монголбанк, Сангийн яам, ГХЯ-ныхан хийсэн. Энэ талаар ярилцлаа.
Олон нийтийн анхаарлыг татаж буй асуудал бол шатахуун. Үүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан судлаад мэдээлэл хийсэн. 36-70 хоногийн нөөц шатахууны төрөл бүр дээр байна. Хэвийн үед ч ийм статистик гардаг. "Роснефт" компаниас шатахууны дараагийн гурван сарын гэрээ хийхэд бэлэн байгааг хэлсэн. Өөрөөр хэлбэл шатахууны нийлүүлэлтийн хувьд доголдол үүсэхгүй, тайван байж болно.
ОХУ-д байгаа нэр бүхий хоёр банктай манай арилжааны банкууд харилцаатай бөгөөд үүгээр дамжуулж шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хийх боломжтой. Тиймээс шатахууны төлбөр тооцооны асуудал дээр зургаадугаар сарын 24-ний өдөр хүртэл ямар нэг саад бэрхшээл гарахгүй.
АНУ-аас шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хязгаарлалтад оруулахгүй гэж зарласан. Манай улс гадаад худалдааны хувьд хойд хөрштэйгөө алдагдалтай, урд хөрштэйгөө ашигтай ажилладаг. ОХУ-тай хийдэг гол худалдаа шатахуун байдаг. Оргил үедээ 1.8 тэрбум ам.долларын шатахууны төлөлт хийж байсан.
Сүүлийн жилүүдэд нэг тэрбум орчим ам.долларын шатахууны төлбөр хийгдэж байгаа. Одоогоор бол шатахууны нийлүүлэлтэд ямар нэгэн байдлаар доголдол гарахгүй гэж мэдэгдсэн. ОХУ-аар дамжиж Европоос ирдэг гадаад худалдааны тээвэрлэлтийн асуудал дээр цаашид ямар нөхцөл байдал үүсэхийг хэлж мэдэхгүй.
Тэгэхээр эдийн засагт одоо үүсээд буй нөхцөл байдал ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг одоо хэлэхэд эрт байна. Харин ямар ухаалаг арга замаар тухайн нөлөөллийг багасгах вэ гэдэг нь чухал" гэлээ.