Эмэгтэйчүүдийн дийлэнх нь огт хуримтлалгүй, санхүүгийн шийдвэрийг бие даан гаргаж чаддаггүй байна
2022/03/07
Эмэгтэйчүүдийн 32.8 хувь нь буюу ойролцоогоор гурван хүн тутмын нэг нь тодорхой хэмжээний хуримтлалтай, 67.2 хувь нь огт хуримтлалгүй талаар "Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021" судалгаанд дурдсан байна.
Тэгвэл хуримтлалтай эмэгтэйчүүдийн 61 хувь нь дөнгөж нэг сараас дотогш хугацаанд өөрийн санхүүгийн эрсдэлийг даах чадамжтай гэж хариулжээ.
Эмэгтэйчүүд өрхийн орлогын 43.4 хувийг бүрдүүлдэг боловч санхүүгийн шийдвэрийг бие даан гаргаж чаддаггүй, орлогын эх үүсвэр бага байна.
Орлогын эх үүсвэрийн хувьд гурван эмэгтэй тутмын нэг нь үндсэн цалингийн орлого, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь гэр бүлийн болон бусдын дэмжлэг, 10 эмэгтэй тутмын нэг нь бизнесийн орлогоос санхүүждэг.
Судалгаанд оролцсон гурван эмэгтэй тутмын хоёр нь сарын тогтмол зардлуудаа төлөхөд хүндрэлтэй байдаг гэжээ. Сарын тогтмол зардлын бүтцийг авч үзвэл, байрны түрээс, ипотекийн зээл, байр ашиглалтын зардал, хоол хүнс зэрэгт буюу амьжиргааны наад захын нөхцөлийг хангахад орлогын 81.5 хувийг зарцуулдаг аж. Таван эмэгтэй тутмын нэг нь ипотекийн зээлтэй.
Орон сууц өмчлөгчийг тодруулахад 25.3 хувь нь өөрийн, 15.2 хувь нь хамтран эзэмшдэг гэж хариулжээ.