Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк “Ковид-19"-ын халдвар, хямралын эсрэг тэмцэх, эдийн засгийг сэргээх сан”-гийн санхүүжилт хүссэн өргөдөл гаргах сүүлийн хугацааг 2023 оны сүүлч хүртэл сунгаж, гишүүн орнууд нь даамжирсан хэвээр байгаа дэлхийн цар тахлын халдварын нөхцөл байдал болон эдийн засгийг сэргээх сорилтын эсрэг тэмцэхэд туслахыг зөвшөөрчээ.

Ингэснээр тус банкны гишүүд цар тахлын халдвараас олон нийтийн эрүүл мэнд, эдийн засаг болон санхүүгийн системд учирч буй сөрөг нөлөөг бууруулахад туслах зорилготой аж. Мөн өмнө нь 13 тэрбум ам.доллар байсан санхүүжилтыг 20 тэрбум ам.доллар болгон өргөжүүлэхээр шийджээ.

 

 

Энэ тухай Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны дарга, ТУЗ-ийн дарга Жинь Личюнь хэлэхдээ: “Ковид-19 цар тахал дэлхийн эдийн засаг, нийгэмд урьд өмнө байгаагүй сөрөг нөлөө үзүүлж, маш олон тодорхойгүй сорилтуудыг дагуулсан. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк олон улсын бусад байгууллагатай хүчээ нэгтгэж, гишүүд цар тахлын эсрэг тэмцлээ сайжруулахыг цаашид ч дэмжинэ” гэжээ.

 

 

 

Ковид-19 цар тахлын эсрэг олон улсын зохицуулалтын арга хэмжээний нэг хэсэг болсны хувьд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк “Ковид-19"-ын халдвар, хямралын эсрэг тэмцэх, эдийн засгийг сэргээх сан”-гийн үйл ажиллагааг 2020 оны 4-р сард эхлүүлсэн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтарч, цар тахлын халдварын эсрэг тэмцэхийн сацуу гишүүдийн олон нийтийн эрүүл мэнд, эдийн засаг зэрэг талын тулгамдсан санхүүжилтийг хийх зорилт тавьсан аж.Тус сангийн хүрээнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нийт 46 төслийг баталж, зөвшөөрөл олгосон санхүүжилтийн нийт хэмжээ 11.5 тэрбум ам.доллараас давжээ.

 

 

Г.Бямба