Шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг зургаадугаар сарын 5-ны өдрөөс нийслэл, аймаг, суманд болох барилдаанд оролцуулахгүй
2022/03/14
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Цэцдийн зөвлөлийн гишүүд бөхийн өмсгөлийн стандартыг баталсан. Энэхүү шаардлагыг 2022 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн барилдаанаас эхлэн тавьжээ.
Уг шаардлагыг тавдугаар сарын 29-ний өдрийн барилдаанаар дуусгавар болгох бөгөөд заагдсан хугацаанд шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг 2022 оны зургаадугаар сарын 5-ны өдрөөс Монгол бөхийн өргөө болон аймаг сум, орон нутагт болох барилдаанд оролцуулахгүйг тус холбооноос мэдэгдсэн байна.
Бөхийн өмсгөлд тавигдаж буй шаардлага:
- Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,
- Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,
- Элэг бүс 1.5 см голчоос багагүй байна,
- Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,
- Зодогны ширээс 8см хүртэл өргөнтэй 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),
- Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,
- Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),
- Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,
- Шуудагны уяа 0.8 см голчтой байх.
- Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байна.
Монгол бөхийн өмсгөл, зодог шуудаг, малгай, залаа урладаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагууд болон тэргүүлэгч гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, "Барилдааны дүрэм"-д заасны дагуу нэгдсэн стандартаар хувцас хэрэглэл хийж ажиллах шийдвэр гаргасан аж.
Зочин · 2022/03/15
Zodog syydag oyodog yraldag hymyyst heregtei bolj dee!!!yyhai yyhai yyhai!!!