“Сургалтын байгууллагын орчин дахь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, зогсоох арга зам, шийдэл” хэлэлцүүлгийн үеэр Үе тэнгийнхний ялгаварлан гадуурхал, дээрэлхэлтийн талаар сурагчид ямар бодолтой байгааг хүргэж байна. 

Сурагч хүү "Хүүхдүүд дээрэлхүүлэхээрээ хэнд ч хэлмээргүй байдаг. Зориглоод хэлэхээр ээж, аавуудад бол дээрэлхэлт нь энгийн зүйл шиг санагддаг. Чи эрэгтэй хүүхэд учраас ийм асуудал тохиолдож л таараа гэж. Энэ тун түгээмэл" гэв.

"Би ч бас өсвөр насыг туулсан, мэдэж байна гэдэг ч аав, ээж ямар байснаа мартчихсан ч юм уу, эргэж санадаггүй байх"

Сурагч охин "Багш нар 20-50 хүүхэдтэй харилцахад зарим нь дунд хаягдах асуудал гарна. Харин эцэг эхчүүд 1-5 хүүхэдтэй л шүү дээ. Эцэг, эхчүүд бол чи эр хүн, чи эмэгтэй хүүхэд гэж ялгаж харьцаад байдаг. Намайг охин учраас гэрийн ажлаа сайн хийж, эмэгтэйлэг байх хэрэгтэй гэдэг ч эсрэгээрээ би нийгмийн идэвхтэй оролцоотой байхыг хүсдэг. 

Эцэг, эхчүүд өөрсдийнхөө бага насыг ерөөсөө боддоггүй, яг одоогийнхоо байгаа байдлаар л бүхэнд ханддаг. Би ч бас өсвөр насыг туулсан, мэдэж байна гэдэг ч аав, ээж багадаа ямар байснаа мартчихсан ч юм уу, эргэж санадаггүй байх. Миний хүү, миний охин ямар хүн билээ гэж хандахгүй байна" гэсэн юм.

"Жаахнаас нь эцэг, эхээсээ айдаг болгож өсгөчхөөр хүүхдүүд яаж тэдэнтэйгээ ярилцах юм бэ?"

Сурагч хүү "Асуудлаа ээж, аавдаа яагаад хэлдэггүй вэ гэвэл, бага ангиас эхлээд л бидэнд ээж, ааваасаа айх айдас суулгачихдаг. Жаахан байхад багш нар "Ээж, аавыг чинь дуудна шүү, хувийн хэргийг чинь өгөөд сургуулиас явуулна шүү" гэдэг байв. Ээж, аавыг дуудах л юм бол сургуулиас хөөгдөх юм байна, загнуулах юм байна гэдэг ойлголтыг суулгачихсан.

Би сургуулийнхаа Өсвөрийн цагдаагийн дарга хийдэг юм. Хүүхдүүд ямар нэг асуудал тариад ирэхдээ сургалтын менежерт, нийгмийн ажилтанд, аав, ээжид битгий хэлээч гэдэг. Гэтэл гарах арга зам нь нийгмийн ажилтан, менежерт, эцэг эхэд нь хэл гээд байдаг.

Жаахнаас нь эцэг, эхээсээ айдаг болгож өсгөчхөөр хүүхдүүд яаж тэдэнтэйгээ ярилцах юм бэ?

Багш нар үгийн зөрүүгүй цохиод авдаг, хэл амаар доромжилдог байтал тийм хүмүүстэй яаж бид чөлөөтэй харьцах юм бэ? 

Энэ талаар удирдлагуудад хэлэхэд тэр багш хангалттай хэмжээний туршлагатай, ур чадвартай гэдэг. Ур чадвар, туршлага нь биднийг зодох гэж хөгжсөн юм уу? гэж асуумаар байна" гэлээ.

БИЧЛЭГ: