Тэрбум модоо түр азнаад, тэрбум шил архи асгах хөдөлгөөн эхэллээ
2022/03/21
Монгол Улсын Ерөнхийлөгч архинаас татгалзах уриалга гаргаадахлаа. Тэрбум мод тарих гайхам гоёхон санаагаа түрдээ азнаад тэрбум шил архи асгах хөдөлгөөн өрнүүлээд эхэллээ, манай төрийн тэргүүн. Ядуурал, зовлон, элдэв өвчин, түмэн асуудлын уг шалтгаан нь архи гэж үзжээ, Ерөнхийлөгч маань.
Сэтгүүлчид төдийгөөс өдий хүртэл архидалт тойрсон асуудлаар өчнөөн жил бичсэн. Ингээд харахаар “Сархад гээч ундаа болж бүтэхгүй зүйлсийн уг шалтгаан” гэх дүгнэлт хэлбэр төдий гаргалгаа. Архидалтын суурь шалтгаан нь ерөөсөө л ажилгүйдэл, ядуурал. Ковидоос үүдэлтэй эдийн засгийн хямралаас болж ядуурлын хувь цаасан дээр 30 дөхөж, амьдрал дээр хүн амын талаас илүү хувийг даваад явчихсан гэж эдийн засагчид сануулж хэлсээр байгаа. Ирэх өдрүүдэд доллар 3000 төгрөгтэй тэнцэж, инфляци арав хол давах нь тодорхой болчихлоо. Энэ асуудлаа уг сууриар нь шийдэх л архидалттай дайн зарлах бодитой тэмцэл. Иргэдээ ажилтай орлоготой болгочихвол архидалт толгой өвтгөсөн асуудал байхаа болих нь хоёр дээр хоёрыг нэмэхэд дөрөв гардаг шиг тов тодорхой зүйл. Маргааш нь ажилтай хүн архи уудаггүйг захын монгол хэлээд өгнө.
Архины эсрэг Ерөнхийлөгчийн тэмцэл хэрхэн яаж өрнөх нь вэ гээд ажтал Монголын залуучуудын холбоо гэх байгууллага оройлох нь тодорхой болж байх шиг. Хуучин нийгмийн үеийн Монголын Хувьсгалт залуучуудын эвлэл гэх сүржин нэртэй байгууллага МЗХ болоод зүсээ хувиргачихсан явааг монголчууд өнөөдөр л илүү тодоор мэдэрч байна. МХЗЭ-ийн бүр эртний түүхийг сөхвөл Бошгыг халах залуучуудын эвлэл нэртэйгээр өмнөх зууны хориод онд байгуулагдаж байсан юм. Залуусын дээлийн нударга, хүүхнүүдийн гэзэг үсийг тайрч сүржигнэж явсан байгууллага. “Бошгыг халах”-чуудад гэзэг үс тайрах юу ч биш байв. Хүн зодох, хардаж сэрдсэнээ хоморголон баривчлах гэх мэтээр элдвээр авирлаж байсан, дарга нар нь цаанаас тараасан буутай тээхэлзэн алхаж явсан түүх өнгөрсөнд бий. Тээр цагийн тэр байгууллага өнөөдөр ч сүнсээ гээгээгүй, сүнсээ гээгээгүйгээр барах уу мэнд саруул аж төрж явааг төрийн тэргүүний зарласан архины эсрэг дайны эхлэл үед мэдэж авлаа, бултаараа. Шуудхан хэлэхэд, МЗХ гэдэг байгууллага хуучны яг тэр дадлаараа элийрч сүржигнээд эхэллээ.
Манай улс өнгөрсөн зууны ерэн онд ардчилал, зах зээлийн замыг сонгож улаан коммунистуудаас салсан нь худлаа гэдгийг бүхий олноороо харцгааж сууна, өнөөдөр. Архины эсрэг тэмцлээ албан ёсоор эхлүүллээ гэж сүр дуулиантай зарлангуутаа архи асгаж попорцгоосон “бошгыг халах”-чууд энэ сарын 18-нд хоёр мянган шил архи асгаж сархадтай тэмцэнэ гэж өвчигнөцгөөж сууна. Өнгөрсөн зууны эхээр бүсгүйчүүдийн гэзэг үсийг тайрч, эрчүүдийн нударгыг хяргаж явсантай өнгө ижил өвчигнөл л дөө энэ. Өнөө цагийн өнгөнд хөх инээд хүргэхээс цаашгүй элий үйлдэл хийж яваагаа олж харахгүй суугаа шинэ үеийн “бошгыг халах”-чуудаа тараах цаг болжээ. Наад захын том асуудал гэхэд л хуучин нийгмийн үед тэдэнд гэж өгсөн байрны эзэмшил яг тэр хэвээрээ өнөөдрийг хүрчихэж. Зүй нь социализмд баяртай гэж хэлсэн тэр өдрүүдэд байраа хураалгах ёстой байсан юм, социалист залуучууд. Гэвч байраа хураалгаагүйгээр барахгүй, хотын А хэсэг дэх барилгаа түрээсээр ашиглуулж өчнөөн мөнгө олж, олсон мөнгөөрөө социализм, коммунизмыг санагалзсан үйлдлүүдээ хийсэн шигээ тарвалзаж байна. Ардчилсан нийгэмд бол яаж ч хичээгээд ойлгомгүй үзэгдэл. “Бошгыг халах”-чууд сая гарч ирж сархадын эсрэг сүржин тэмцэл өрнүүлж хэдэн шил архи асгаж шоудаагүй бол тэднийг өнөө цагт аятай таатай аж төрж суугааг нийгмээрээ анзаарч мэдэхгүй өнгөрөх байж.
Одоо ганц л шийдэл байна. МЗХ-ноос байрыг нь хурааж аваад хүүхдийн эмнэлэг болгоё. Захын нэг дүүргийн эмнэлгийн үүдээр шагайхад л Украины дайнаас ялгаагүй нүд халтирам дүр зураг угтаж байгаа. Тэр хэцүү дүр зурагтаа улс хотлоороо дасчихсан суугаа нь өнөөдрийн Монголын гашуун үнэн. Хурган коммунистуудын хотын төв дэх тансаг байрыг эмнэлгийн хүйтэн хонгилд гудас дэвсэн зулж хэвтэх нялхастаа зориулж эмнэлэг болгон тохижуулъя. Социализмаас угшилтай иймэрхүү амь нь тасарч, сүнс нь явж өгдөггүй өөр ямар байгууллага байдаг билээ? Тийм байгууллагууд байж таараад, МЗХ
шиг байр саваа аваад үлдчихсэн коммунизм ханхлуулж суудаг бол байр савыг нь хурааж авч хүүхдийн эмнэлэг, сургуулийн зориулалтаар ашиглая. Тэгж ашиглах боломжгүйг нь дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгөөр нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг барья.
Яг нарийндаа архинд живж алиагаа алдан таахалзаж яваа хэсэг бол Ерөнхийлөгчийн хэлээд байгаа жирийн олон биш. Харин өнөөдрийн том дарга нарын арчилж ургуулж буй хурган коммунистууд,
бүр тодруулж хэлбэл МЗХ гэх нэрийн дор нэгдсэн залуус архины халуунд аархаж, аль муу бүхэнтэй нэр холбогдсоор ирсэн. Коммунизм ханхлуулсан байгууллага дор нэгдэж даргын цүнх барьж, ах нарынхаа эрх ашгийн төлөө ажилладаг залуус л сархдад хөлчүүрч, саагьж яваа. Долоон буудлын дугаар гудамжинд амьдардаг таван хүүхэдтэй Батын хувьд хүүхдүүдийнхээ ходоодыг божийлгох таван төгрөг олохын төлөө архитай манатай зүтгэж яваа. Хүүхдүүд нь хоол нэхсэн харцтай бүлтийгээд сууж байхад ямар л аав, ээжийн толгойд архи уугаад алхайгаад суух бодол сэдэл төрөх вэ дээ. Ингэж ухаж эргэцүүлэхээр төрийн тэргүүний ард түмнээ архичин гэж зарлаад суугаа нь тохуурхал гэж харагдаад байна. Ерөнхийлөгч өө, таны хувьд архидалт онцолж хэлээд байгаа шиг тань ард түмэнд биш, та бүхний цүнхийг төдийгөөс өдий хүртэл амжилттай барьж ирсэн МЗХ-ны залууст л том асуудал болоод байна. МЗХ гэдэг байгууллагаас жигүүрээ дэлгэсэн улстөрчдийн тухайд архидалтаас болж элдэв ял сонсож, улс төрийн карьераа дуусгахаас аргагүйд хүрсэн жишээ ганц нэгээр тогтохгүйг та ч сайн мэдэж байгаа.
Эцэст нь онцлоход, архийг хичнээн мянган шилээр нь асгаж, тас хориод архидалтыг шийдэж чадаагүйг хүн төрөлхтний өнгөрсөн түүхээс харчихаж болно. Архийг тас хориод хулгайн наймаа л цэцэглэнэ. Хөшигний ард өрнөх тэр наймаа чанаргүй сархад, архинд хордох жирийн иргэд, татваргүй архины худалдаа гэх мэт түмэн асуудлыг ундраана. Архитай амжилттай тэмцсэн, архидалтад баяртай гэж хэлж чадсан улс гүрнүүдийн түүхийг харахаар ерөөсөө л ядуурал, ажилгүйдлээ шийдэж, иргэдээ ажилтай, хөрөнгөтэй болгож, аятай тухтай амьдрах нөхцөлөөр хангачихсан байдаг.
Зочин · 2022/03/21
Архины бүх үйлдвэрийг устгаад одоо байгаа бүх архийг асгаад гадаадаас архи оруулж ирэхээ больсон цагт л архигүй амьдрах байх даа. Дэлхий дээр архи үйлдвэрлэдэггүй гаднаас архи оруулдаггүй архи худалдахыг хориглосон Алжир улс байж бас болох юм.
Зочин · 2022/03/21
Ddavaa · 2022/03/21
Ennui alham ni 750ml savlagaatai arhiig niitleg heregleenees hasah arhiig ( yalanguyaa iron nutagt) zeeleer hudaldaalahiig horigloh. Arga hemjee got margaashaas heregjuulehed arhidalt bagasna
Zochin · 2022/03/21
Архийг асгаад яах вэ. Ард олон өөрсдөө л хэрэглээгээ зохицуулах хэрэгтэй байх.
Зочин · 2022/03/21
Архидалттай тэмцэх нь ажилгүйдэл, арчаагүйдэлтэй тэмцэх нэгээхэн хэсэг нь мөн. Бүхий л талаар тэмцэж байж ажилгүйдэл ядуурлыг багасгана. Үгүйсгэх шаардлагагүй.