Хэвлэл мэдээллийн редакцууд нэгдэж, ХБ-ны асуудлаар Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд ШААРДЛАГА хүргүүллээ
2022/03/22
Хэвлэл мэдээллийн редакцууд нэгдэж, Хөгжлийн банкны асуудлаар Улсын Ерөнхий прокурорт шаардлага хүргүүллээ.
Энэ үеэр zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг "Хөгжлийн банктай холбоотойгоор хэвлэлүүд нэгдэж үндсэн дөрвөн ажлыг хийхээр болсон.
Нэгдүгээрт, Хөгжлийн банктай холбогдсон МАН-ын эрх бүхий улс төрчидтэй хариуцлага тооцох шаардлагыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгаланд өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Хүлээж авч, энэ долоо хоногт хариу өгнө гэдгээ мэдэгдсэн.
Хоёрдугаарт, УИХ-ын дарга Г.Зандашатартай уулзаж нээлттэй сонсголд хэвлэлийнхний оролцоог нэмэгдүүлэх талаар уулзалт хийсэн.
Гуравдугаарт, өнөөдөр Улсын Ерөнхий прокурортой сэтгүүлчдийн төлөөлөл уулзаж байна. Нийслэлийн прокурорын газарт таван прокурор зөвхөн Хөгжлийн банктай холбоотой асуудалд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн прокурорын газарт 29 хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгагдаж байгаа, 12 хэрэг мөрдөн байцаалтын ажиллагааны шатанд яваа юм байна. 22 хүнийг холбогдуулан шалгаж байгаагийн 11-ийг цагдан хорьсон гэх мэдээллийг өглөө. Сэтгүүлчдийн шаардаж байгаа ажлууд тодорхой хэмжээнд үр дүнд хүрч байна" гэлээ.
Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Ариунболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сэтгүүлчдийн тавьсан шаардлагыг хүлээн авч байна. Хөгжлийн банктай холбоотой асуудалд 2016 оноос хойш шалгагдаж, тодорхой хэргүүдэд ажиллагаа явагдаж, шийдэгдсэн.
2022 оноос хойш Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллага эрчимтэй шалгаж байна. Тодруулбал, хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, 44 хэрэгт 74 ААН-ийг шалгаж байна. 2 их наяд 383 тэрбум төгрөгийн зээл олголт хуулийн дагуу явагдсан эсэх, мөнгө угаалт, авлига авсан эсэх зэрэгт мөрдөн байцаалт явуулж байна.
Мөрдөн байцаалт явуулж буй 12 хэрэгт нийт 22 хүн холбогдон шалгагдаж байна. Үүнээс 14 нь Хөгжлийн банкны албан тушаалтнууд байна. 8 нь ААН-ийн удирдлага албан хаагчид байна. Эрүүгийн хэрэг шалгах явцад 11 хүнийг цагдан хорьсон. 641 ширхэг үл хөдлөх битүүмжилсэн. 763 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 ширхэг хадгаламжийн дансыг битүүмжилсэн. 25 ААН-ийн хувьцаа арилжаалах эрхийг зогсоосон. Эрүүгийн хэрэг үүсгэгдэж, яллагдагчаар татагдсан 12 хэрэгт УИХ-ын гишүүн холбогдсон асуудал байхгүй" гэлээ.
Сэтгүүлчдийн шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР
Б.ЖАРГАЛСАЙХАН ТАНАА
Шаардлага хүргүүлэх тухай: 2022.03.22
Монгол Улсын Хөгжлийн банкнаас тус банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотой мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 21, 31-ний өдрүүдэд тус тус мэдээлж нийт 66 зээлдэгчтэй холбоотой баримтыг олон нийтэд ил болгосон. Тус банкнаас зарласан зээлдэгч нартай холбоотой мэдээллийн дагуу зээлийн зориулалт, зээл олголтод нөлөөлсөн нөлөөлөл, хууль бус үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээ, сурвалжлага бэлтгэсээр байна. Гэвч хууль хяналтын байгууллага Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хүмүүст хариуцлага тооцож ажиллаж байгаа эсэх талаар мэдээлэл ил тод бус байгаа нь хуулийн байгууллага ажиллаж байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.
Иймд Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан таныг Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулан, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлж, Хөгжлийн банкны эргэн тойрон дахь асуудалд хууль хяналтын байгууллагаас явуулж буй үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй мэдээллэх боломжийг хангаж ажиллахыг шаардаж байна.
ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН
СЭТГҮҮЛЧ: Г.БАТ-ЭРДЭНЭ
У.БОЛОРТУЯА
Г.ЛХАГВАДОРЖ
Ч.ЛОДОЙСАМБУУ
Н.ӨНӨРЦЭЦЭГ
М.ОТГОНБАЯР
Ө.ОТГОНБААТАР
С.ЭРДЭНЭБАЯР