Ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2950 төгрөгт хүрээд байна. Иймд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 2.5 хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Тодруулбал, мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, есөн хувь болгох шийдвэр гаргасныг "Өнөөдрийн нөхцөл байдалд авч буй цочир арга хэмжээ" гэж Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцлов.

Төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш өссөн шалгаан болон цаашид ямар арга хэмжээ авах ёстой талаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын байр суурийг сонирхлоо.

-Ам.долларын ханш бараг 3000 хүрчихлээ. Цаашид ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Яагаад ам.доллар өссөн шалтгааныг эргэж харах ёстой. 2022 оны нэгдүгээр сарын тооцоо судалгаагаар Монгол Улс 400 сая ам.долларын төлбөрийн тэнцлийн алдагдалд орсон учраас долларын ханш өссөн. Үүний шалтгаан нь бид уул уурхайн баялгаа хүссэн хэмжээнд экспортолж чадахгүй байна. БНХАУ-д цар тахлын тархалт өндөр байгаагаас хил гааль, боомтын нэвтрэх чадвар тааруу болсон. Бидний нэн шаардлагатай хийх зүйл бол Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын үйл ажиллагааг сэргээх ёстой.

Энэ оны долдугаар сараас Тавантолгойн нүүрсийг галт тэргээр тээвэрлэж, экспортод гаргана. Энэ нь мэдээж экспортод сэргэлт үзүүлнэ. Ирэх жилээс Оюутолгойн ордын далд уурхайн үйл ажиллагаа үр өгөөжөө өгч мэдрэгдэнэ. Тэгэхээр онолын хувьд долларын ханш суларч, төгрөгийн ханш чангарах боломжтой.Хоёрдугаарт, дэлхий даяар алт болон долларын ханш нэмэгдсэн. Энэ нь геополитикийн ойлгомжгүй байдлаас болж байна. Бусад улсуудын мөнгөн дэвсгэрттэй харьцуулахад долларын ханш чангарлаа.

-Ам.долларын ханшийг тогтвор­той байлгах талаасаа ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Бодлогын хүүгээ чангалж, төгрөгийн өгөөжөө нэмэгдүүлж байж ханшийг тогтворжуулах боломжтой. Цаашид ам.долларын ханш хэрхэх нь эрэлт нийлүүлэлтээс хамаарна. Экспортоо хэр хэмжээнд нэмэгдүүлж чадсанаас ханш тогтдог шүү дээ.

-Монголбанкнаас тансаг хэрэг­лээ­ний зардлыг хязгаарлах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Энэ нь хэр дэмжлэг болох бол?

-Би хувь хүнийхээ хувьд дэмжихгүй байна. Яагаад гэхээр Монгол Улс зах зээлийн эдийн засагтай улс орон. Шууд тансаг хэрэглээг хорих боломжгүй. Харин эсрэгээрээ тансаг хэрэглээний импортын татварыг нэмэх нь илүү зохистой байх гэж бодож байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН