АХБ-ны 30 сая ам.долларыг малчдын нэр барьж хувааж идчих гээд л энэ хэдэн гишүүн чичрээд байна аа даа
2022/03/28
УИХ-ын Төсвийн байнгын хороо Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн төслийн хэлэлцээрийг энэ долоо хоногт хэлэлцлээ. Нийт 30 сая ам.долларын зээлийг Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн дөрвөн аймгийн хил залгаа 20 суманд төсөл хэрэгжүүлэх замаар зарцуулах юм байна.
Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд 30 сая доллараар малын хашаа барина гэснийг онцолж хэрэлдэцгээлээ. Малчдад зориулан 14 мянган малын хашаа, хороог сайжруулснаар өвөлжилтийн эрсдэлийг бууруулах юм гэнэ. Харьяа яамны сайдынх нь хэлснээр малчдад мөнгөн дэмжлэг маягаар өгч, бэлчээрийн нөөц газрыг шинээр байгуулж, тэнд хашаа хороо шинээр барихад зориулж, сум орон нутагт нь дэмжлэг үзүүлэх юм байна. ХХААХҮЯ-ны газрын дарга Д.Батмөнх “Аймаг орон нутагтай гэрээ байгуулж гэрээний үндсэн дээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжилт олгоно” гэв.
Энэ хэлэлцсэн асуудлыг нь хөндлөнгөөс харвал 30 сая ам.долларыг задгай мөнгө болгоод малчдад хашаа барь гээд дэмжлэг нэрээр тараах юм уу даа гэсэн дүр зураг харагдаж байгаа биз. Гэтэл өнөөдрийн Монгол Улсад малын хашаанаас өөр чухал юм гэж байхгүй юу. Энэ төслийг УИХ дээр ингэж хэлэлцэхийн урьд өдөр Эрчим хүчний сайд салбарт нь аваарын горим ассан, 2022-2023 оны өвөл хязгаарлалт хийнэ, нөхцөл байдал хүнд байгаа тухай мэдэгдсэн. Эрчим хүчний асуудлаас гадна Дарханы зам өнөө л хагас дутуу хэвээр, ашиглалтад хэзээ орох нь тодорхойгүй, ард түмний амьжиргаа, улс орны хөгжлөөс чангаасан хэвээр л байна. Долларын ханшны уналт, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, хил хаалттай гээд улс орны хэмжээнд нөхцөл байдал уруудаж, хөрөнгө оруулалт зогссоноос эдийн засаг туйлын хүнд байхад яагаад энэ асуудлуудад анхаарч мөнгө төсөвлөхгүй байгаа юм бол. Гэтэл ийм хүнд цаг үед монголчуудад малын хашаа л ажлын байр, шатахуун, цахилгаан, амьжиргаанаас нь илүү хэрэгтэй байгаа юм уу? Хөрөнгө оруулалт яаралтай хэрэг болоод байгаа ажлууд гэвэл дээр дурдсан бэрхшээлүүдээс эхлүүлээд үй түмээрээ байна шүү дээ. Хөрөнгө мөнгөө хүлээгээд таг зогссон, гацсан төслүүд ч олон бий. Гэтэл хонины хашаа хэрэгтэй байна гээд УИХ-ын дээрээ хэрэлдэж байх юм, гишүүд нь. Эрчим хүчний сайд өвөлжилт хүндэрч тог цахилгааныг чинь тасална шүү гэж байхад гишүүд нь малаа сайн өвөлжүүлэхийн тулд хашаа барьж өгье гэсэн тэс хөндлөн юм яриад сууж байх ч гэж.
Тэр хашаа барих мөнгө нь хэнд очих юм бэ. Малчдад очно гэж байна. Малчид гэж ямархуу улс байдаг билээ. Хэтрүүлж хэлбэл, дундад зуунаараа байгаа улс шүү дээ. Ингэж хэлэхэд хэцүү ч малчдад нэр төр, хариуцлага гэж огт байдаггүй. Хашаа барилаа гээд эхний удаад хэдэн шон гозойлгож харуулаад инээмсэглэж зогсож байгаад мөнгийг нь авчихна. Хашаа барилаа гэхэд модоор хийвэл сугалж аваачаад түлчихнэ. Төмрөөр хийчихвэл тайрч аваачаад зарчихна. Ийм л юм болно. Дөрөв, таван жилийн дараа дээр нь хэрээ гуагласан хэдэн шон л үлдвэл үлдэнэ.
“Аймаг орон нутагтай гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжилт олгоно” гэж байгаа юм. Аймаг орон нутагт төслийн мөнгө очихоор яадаг билээ дээ. Эхлээд хашаагаа барихгүй. Эхлээд аймаг дээрээ аймгийн ойгоо нүсэр хийж, морь, мал, бөх байлж дэнж хотойлгож таарна. Суман дээр бол овоо шовооны наадам хийж, морь уралдуулна. Тэгээд үлдсэн хэдэн төгрөгөө малчдад өнөө яриад байсан хашаагаа барь гээд өгнө. Азийн хөгжлийн банкны 30 сая ам.доллар яг ингэж л гарын салаагаар урсах гэж байна. Энэ бол төсвийн мөнгө. Төсвийн мөнгө гэдэг чинь ажил хийж буй иргэдээс татаж авсан татварын мөнгө шүү дээ. Төсвийн мөнгийг УИХ-ын гишүүд, хэдэн аймаг, сумын Засаг дарга нар хувааж идсэн, малчид нь хашаа барьсан гэж дүр эсгэсэн ийм юманд мөнгө төгрөг зарж байхаар сургууль, эмнэлэгтээ зарцуул. Хавдар, халдвартын эмнэлэг хүнээ дийлэхгүй байна. Хүүхдийн эмнэлэг бол үнэхээр хэцүү байдалтай, хүрэлцээгүй. Хүүхдүүд эмнэлгийн хонгилд ээж аавтайгаа хүйтэн шалан дээр халууран хэвтэж, уйлалдаж байна шүү дээ. Ядаж хүүхдэд, хүүхдийн эмнэлэг барихад тэр их мөнгийг зарж болохгүй юу. Хүүхдүүд цэцэрлэггүй. Юун сургуулийн өмнөх боловсрол эзэмших вэ, сугалаанд азгүйгээрээ дуудуулж гэртээ зурагт ширтээд ганцаараа сууж байна. 30 сая ам.доллараар энэ бүгдийг шийдэхэд хүрэлцэхгүй ч малчдад тэгж зарцуулмааргүй байна. Тулгамдсан асуудал, хүүхдүүд, цэцэрлэг, сургуульдаа зарцуулчихвал дараа нь зээлийг нь эргэн төлөхөд ч урамтай юм даа. Дээгүүр хэдэн хүн хувааж идсэн юманд төсвийн мөнгийг үргүй зармааргүй байна.
УИХ-ын гишүүд ингэж малчид ч юмуу, нийгмийн аль хэсгийн нэрийг барьж зээл авдгаа болих болоогүй юу. АХБ-ны 30 сая ам.долларыг малчдын нэрийг барьж хувааж идчих гээд л энэ хэдэн гишүүн чичрээд байгааг ард түмэн анзаарчихлаа. Харин нэг авууштай юм нь зээлийн зарцуулалт, зориулалт дээр ингэж талцаж, хэрэлдэж байгаа нь сайн. Энэ ч яахав, алив хөрөнгө оруулалт, зээл орж ирэхэд ингэж хэлэлцэх ёстой гэдэг ийм хуультай болчихсонтой холбоотой л доо. Зөв хууль болж. Хэрвээ ийм хуульгүй байсан бол манай хэдэн гишүүн малчдад хашаа босгоно гээд л яаравчлуулаад шууд шийдчих байлаа л даа. УИХ-ын гишүүд улс орны өмнөөс дураараа ингэж дөвчигнөдгөө больцгоох цаг нь болсон. Ийм үйлдлүүдийг нь олон нийт сайн хянах хэрэгтэй байна. Монголын ард түмэн сонгож гаргаж ирсэн улстөрчдөдөө сүүлийн жилүүдэд боломжоо үргэлж булаалгаж байгаа. Энэ удаад ч тэд малчдын нэрийг барьж хийдгээ хийх гэж байж магад. Мөнгө дагасан ямарваа ажилд ард түмэн хяналтаа сайн тогтоо.
Мөнгө төсвийг захиран зарцуулж хувааж идэх гэсэн “Малын хашаа сайжруулна” гэсэн шошготой энэ удаагийн үйлдэл бол манай сайд, дарга, гишүүдийн хийдэг өнөө хулгайнуудын нэгэн сонгодог жишээ л дээ.
хүннү · 2022/03/28
Юуны чинь малын хашаа? Та нар чинь өөрснөө “мал” юм уу? АХБ ийм галзуу солиотой төсөл мөнгө өгөх л гэж байдаг? Ер нь гадны банк санхүүгийн байгуулагууд иймэрхүү “тэнэг” төслүүдэд бүү зээл өг. Сүүлд нь танай өрийг ард түмэн бид л идэх талхаа багасган байж төлнө.