БНСУ Е-9, Н-2 ангиллын визтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг нэг жилээр сунгана
2022/03/29
БНСУ-ын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 13-наас 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд тус улсад хөдөлмөр эрхлэх визийн хугацаа нь дуусаж буй Е-9, Н-2 ангиллын визтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг нэг жил хүртэл хугацаагаар сунгах шийдвэр гаргажээ.
Энэхүү шийдвэрийн дагуу 3 жил болон 4 жил 10 сарын хугацаа нь дуусаж байгаа E-9, H-2 ангиллын визтэй гадаад иргэдийн визийг нэмэлт бүртгэлгүйгээр, зөвхөн ажил олгогчийн гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтэд үндэслэн шууд сунгагдана.
Харин өмнө визийн хугацаа дуусаж 1 жилээр сунгуулсан гадаад иргэдийн виз 2022 оны дөрөвдүгээр сарын 13-наас 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд дуусаж байгаа тохиолдолд зөвхөн 50 хоногоор сунгахаар шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС