УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Сонсголд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нар оролцож, УИХ-ын зарим гишүүдийн асуултад өгсөн хариултыг хүргэе.

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Өнөөдөр УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа болон өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсээс мэдүүлэг авсан уу? Сахал Эрдэнэбилэг гэдэг хүнээс мэдүүлэг авсан уу? Энэ хэргийг шалгахад ямар нэгэн улс төрийн дарамт нөлөө орж байна уу? Өнгөрсөн сарын хугацаанд Хөгжлийн банкны захирлуудыг бүгдийг хорьсон. Гэтэл тухайн үед Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар нэлээд олон жил ажиллаж байгаад одоо Монголбанкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаа Дөлгөөнийг хориогүй.

 

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: -Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаатын 12 хэрэг байна. Мөрдөн байцаалтын хэрэг гэдэг бол тодорхой үйлдэл нь нотлогдоод тодорхой хэрэг дээр яллагдагчаар татан шалгах үйл явц. 29 хэрэг дээр нотлох үйл ажиллагаа явагдаж байна гэсэн үг. Ялгамжтай хандаж байгаа зүйл байхгүй. Тодорхой нэр бүхий хүмүүс гадуур шалгагдаж байгаа гэж асууж байх шиг байна. Надад ирсэн мэдээллээр тэдгээр хүмүүс яллагдагчаар татагдан шалгагдаж багаа. Яллагдагчаар татлаа гээд заавал таслан сэргийлэх арга хэмжээ авагдахгүй. Нөхцөл байдлаас шалтгаалж мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор ямар таслан сэргийлэх арга хэмжээ авах вэ гэдгээ өөрийн хэмжээндээ ярилцаж шийддэг, үүнийгээ шүүхээр баталгаажуулдаг. Ийм л хуулийн зохицуулалттай. Хэд хоногийн өмнө сэтгүүлчид надтай уулзах үед 107 тэрбум төгрөгийн хохирол төлөгдсөн байсан. Өнөөдрийн байдлаар 110 гаруй тэрбум төгрөг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад төлөгдөөд байна.

 

Улс төрийн нөлөөлөл байхгүй. Ийм нөлөөлөл байх ч ёсгүй. Мөрдөх байгууллага, прокурорын байгууллага хуулийнхаа дагуу л ажиллаж байгаа. Ер нь АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, ерөнхий прокурор нь яг мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа үед шууд оролцдоггүй юм. Энэ бол цэвэр мөрдөгч, хянаж байгаа прокурор хоёрын харилцаа.

 

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа: -Улс төрд нөлөө бүхий хүмүүсийг асууж тодруулж байцаасан уу гэж асууж байна. Хэчнээн хэрэг шалгагдаж байгаа талаар сая Ерөнхий прокурор хэллээ. Яг одоогоор мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүд болон нэр дурдсан хүнийг одоогоор байцаагаагүй байна. Таны нэр дурдсан хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бодтой үндэслэл байгаа бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна. Энэ нь хуулийн дагуу хийгдэнэ.  

 

 

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Яагаад одоо хүртэл дуудаж байцаахгүй байгаа юм бэ?

 

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: -Яагаад одоо хүртэл байцаахгүй байгаа юм бэ гэж Доржханд гишүүн асууж байна. Энэ асуултыг мөрдөх байгууллагын дарга мөрдөгчөөсөө асууж чадахгүй, хяналт тавьж байгаа прокуророос би ч асууж болохгүй. Энэ бол бие даасан мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын бие даасан хяналтын ажиллагаа.

 

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан: -Нөлөө бүхий этгээд хэн хэн шалгагдаж байна вэ?

 

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа: -Хөгжлийн банкны холбоотой асуудлыг манайх хүлээж аваад сар орчмын хугацаанд шалгаж байна. Өмнө нь 2016 онд Хөгжлийн банктай холбоотой асуудлыг УИХ-ын ажлын хэсэг шалгаад нийтдээ 25 хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгагдаж байгаад 2018 онд 19 хэрэг нь хаагдсан байсан. Энэ 19 хэргийг сая Хөгжлийн банкнаас ирүүлсэн гомдлоор прокурор дээр хаагдсан байсан хэргүүдээс сэргээгдэж, одоо нийтдээ 29 хэрэг шалгагдаж байна. Энд 52 аж ахуйн нэгжийн зээлийг Хөгжлийн банкнаас манайд шилжүүлэн ирүүлсэн. Эдгээр 52 аж ахуйн нэгжийн 30-ийнх нь зээл дээр эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ ажиллагааны хүрээнд тодорхой аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг битүүмжлэх, баримт сэлт цуглуулах, нотлох баримтаар үнэлэх ажиллагаа явагдаж байна. Үүнд цаг хугацаа нэлээд ордог. Эдгээр ажиллагааны хүрээнд хохирол нөхөн төлөгдөж байгаа. Хөгжлийн банканд албан тушаал хашиж байсан хүмүүсийг хуульд заасан үндэслэл журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа. Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг яагаад дуудаж шалгахгүй байна вэ гэдэг дээр шалгалтын ажиллагаа явж байгаа.

Хэнийг хэзээ яаж дуудах вэ гэдэг нь мөрдөгч болон түүнд хяналт тавьж байгаа прокурорын эрх хэмжээний асуудал. Тодорхой ажлууд хийгдэж байгаа. Тэр үлдэнэ, энэ сугарна гэсэн асуудал байхгүй.

 

Ямар ч байсан 30 аж ахуйн нэгжийн зээлд тодорхой албан тушаалтнууд нөлөөлсөн байна, зээл хууль бусаар гарсан байна, давуу байдал олгосон байна, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна гэдгийг тогтоосон. Ямар нэгэн улс төрийн нөлөөгүйгээр манай байгууллага прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Бүх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа.