Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг хураах нь буруу
2022/03/30
Салхитаас эхэлсэн төрийн дээрэм Хөтөлийн цементийн үйлдвэр дээр үргэлжлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын орд дээр цэргийн хувцас өмсчихсөн, арми командлах нь холгүй сүржигнэж очсон бол Хөтөлийн цементийн үйлдвэрт өрнөсөн дээрмийн гол дүрд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга тоглолоо.
Төрийн дээрэм ингээд зогсохгүйг хэвлэлийн хуудсан дахь “Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шалгалт оруулна” гэсэн утгатай мэдээллээс харчихаж болно. Өнөө өрнөж буй үйл явцаас харахад төрийн дараагийн дээрэм Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өрнөвөл гайхах юм алга. Зарим улстөрчдийн мэдэгдлийг анзаарах нь ээ төрийн дээрэм дахиад ч үргэлжлэх байх.
“Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр мэдэлдээ авлаа, ард түмний өмч ард түмэндээ эргэж ирлээ, муусайн луйварчдаас төр өмчөө авснаар иргэдэд өгөөж нь ирнэ” гэсэн утгатай уянгын халилтай мэдээллүүдийн өмнөхөн Шадар сайд С.Амарсайхан дотоодын цементийн үйлдвэрүүд үнээ нэмээд байх юм бол гаднаас цемент авна гэсэн агуулга бүхий мэдэгдэл хийж байв. Мань эрийн тэр мэдэгдэл зүгээр ч нэг хийрхэл, цэцэрхэл төдий эд байгаагүйг өнөөдөр өрнөж буй үйл явдал нотолчихлоо. Эрх баригчид Хөтөлийн цементийн үйлдвэрт хийх дээрмийнхээ эхлэлийг Шадар сайдаар тавиулсан нь тэр байж. Төр төлөөлсөн сайд хүн үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлээ ингэж “заналхийлэх” нь яаж ч харсан зөвтгөмгүй үйлдэл. Тэр дундаа манайх шиг ардчилсан засаглалтай, чөлөөт эдийн засагтай улсад нүд орой дээр гарам хандлага. Ковидын хямрал дайны аюултай давхацсан өдий цагт хамгийн хүнд ачааг хувийн хэвшлийнхэн үүрч яваа. Тийм ч учраас Засгийн газар ирэх жилүүдийн бодлогодоо хувийн хэвшлийнхнээ дэмжиж томоохон төслүүдээ хөдөлгөнө гэдгээ тодотгож зарлаад буй. Ийм цагт Шадар сайд нь хувийн өмч, үндэсний үйлдвэрлэлээ адалсан өнгөтэй сүрдүүлэг хийгээд сууж байна гэдэг яаж ч бодсон ой тоонд буумгүй явдал.
Хөтөлийн цементийн үйлдвэрийн тухайд буруу үйлдэл, элдэв “но” бий эсэх нь тусдаа асуудал. Тийм байлаа гээд дээрэм хийх эрх төрд үгүй. Манайх шиг ардчилсан засаглалтай улсад хэн нэгний буруутай эсэхийг дэнслэх эрх шүүхэд л бий. Товчхондоо шүүхийн өмнөөс шийдвэр гаргаж, хувийн өмчийг хураах эрх төрд байхгүй.
Хөтөлийн цементийн үйлдвэрийг мэдэлдээ авснаа төр төлөөлсөн эрхмүүд “Банкны зээлээ төлөөгүй учраас” гэж тайлбарлаж байгаа. Энэ янзаараа манай төр иргэн Дорж, Дулмаагийн өмчийг банкны зээлээ төлөөгүй гээд хурааж авах нь л дээ. Ингээд харахаар “Муусайн баячуудын хөрөнгийг төр минь ард түмэн биднийхээ өмнөөс хурааж авлаа” гэж хөөрч алга ташиж зогсоо иргэдэд ч хувийн өмчөө алдах эрсдэл үүсчихсэн гэсэн үг. Мартин Нимёллерийн алдартай нэг үг бий. “Би коммунист биш болохоор нацистууд тэднийг баривчлах үед дуу хоолойгоо өргөөгүй. Би социал демократ биш болохоор тэднийг хорих үед бас л дуугараагүй.Би үйлдвэрчний эвлэлийн гишүүн биш учраас тэднийг баривчлах үед чимээгүй л байсан. Би еврей биш болохоор тэднийг хорих үед бас л чимээгүй байсан. Харин намайг баривчлахаар ирэх үед намайг хамгаалах хэн ч байсангүй” гэсэн үгийг яг энэ үед хэлмээр санагдаж байна. Хувийн өмчийг хуулиараа хамгаалсан улсад төр хувийн өмч рүү халдсаар байгаа нь, тэгж халдах бүрд олны алга ташилт улам чангарсаар яваа нь эмзэглэхгүй өнгөрөх аргагүй өнцөг.
Хөтөлийн цементийн үйлдвэрийн өмчлөгч нь хувь эзэмшлээсээ татгалзсан гэсэн мэдэгдлийг төр төлөөлсөн эрхмүүд хийж байв. Тэдний мэдэгдэл худал байсан нь өчигдөр илрээдэхэв. Хөтөл компанийг 100 хувь дангаараа эзэмшиж байсан М.Бөх-Очир агсны том хүү Б.Тулга news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Өвлөж авахаас татгалзсан удаа үгүй. Хуульд зааснаар өвлөх эрхээ алдах асуудал үүсээгүй. Би өвлөх эрхээсээ татгалзаагүй байхад эзэнгүй өмч байсан гээд төр миний өмчийг булааж авсанд гайхаж байна.
Хэрэвзээ намайг өвлөх эрхээсээ татгалзсан гэж байгаа бол тэр нь нотариатаар гэрчлэгдсэн байх ёстой. Тийм зүйл огтхон ч болоогүй” гэж мэдэгдээд байна. Төрийн зүгээс илт дээрэм хийснийг батлах өөр өчнөөн баримт жишээ хөвөрч мэдэхээр болчихлоо.
Ер нь төр өмчийнхөө хүрээг тэлсэн салбар бүр дампуурдаг. Төрийн мэдэлд очсон ямар ч компани эрхтэн дархтнуудын идэж завшдаг таатай талбар болоод дуусдгийг батлах жишээ өчнөөн бий.
Хөтөлийн үйлдвэрт өрнөсөн төрийн дээрмийн цаана хувийн хэвшлийн цементийн үйлдвэрүүдээ шахах далд санаархал нуугдаж байж ч мэднэ. Шадар сайдын хандлагаас анзаарахад тийм санаагаар Хөтөлийн цементийн үйлдвэр рүү онилсон байх магадлал хэтэрхий өндөр харагдаад байна. Хөтөлийн цементийн үйлдвэр төрд очсоны дараа МАК, Монполимет-ийн байгуулсан үйлдвэрүүдийг шахаж хавчихгүй гэх баталгаа алга.
Үндэсний үйлдвэрлэлээ хавчиж шахаж үгүй хийчихээд, эрхэм сайдтаны хэлснээр урд, хойд хөршөөс цементээ хямд үнээр авсан шигээ аж төрнө гэдэг шуудхан хэлэхэд мянгуужингийн үлгэр. Цар тахлаас үүдсэн хөл хорио хэзээ болтол үргэлжлэх нь тодорхойгүй ийм үед цемент байтугай бараа, бүтээгдэхүүн хил дээр гацаастай өчнөөн сарын нүүр үзэж байна.
Ц.БИЛИГ
Зочин · 2022/03/30
Shuuh hezeej uls awahiig zew gehgui yagaad gewel sahal erdenebilegiin humuus shuuhed baigaa ujiraas duuiguil huraaj aw darhanii temeriin uildweriig bas huraaj aw ter luiwarjidad uildweree aldjaad butcaaj awj bn huwi humuus.hulgai hiij awsan tedendn yliig n eg hulgain hergeer ard tumen hulgai hiiheer olon jil awdag deeguur hulgaij nart yagaad huuli uiljildeggui ym be ymar darhan erh baina tedend ted mongol humuus biz de
Зочин · 2022/03/30
Би ТӨРийн талд ч орохгүй , бас ХУВЬ хүний талд ч орохгүй гэдгээ хэлье .Яагаад гэвэл манай улс ардчилсан үндсэн хуультай орон . Юу ярих гэж байна гэхээр ХУУЛИЙН БУС аргаар аль нэгэн талд өгөхгүй байхыг хэлээд байна . Эзэнгүй өмч гэж төр зарлав.Гэтэл урьдах өмчлөгчийн хүүхэд 2 жил орчим өмчлөгч нь болно гээд хөөцөлдөв . Гэтэл төрийн банкны хүсэлтээр өмчлүүлэхгүй гэх баримт гараад ирэв . Ингэж болохгүй ээ.Банк ийм шийдвэр гаргадаг нь цаанаасаа захиалагатай юм шиг харагдаж байна . Банк ийм шийдвэр гаргах.эрхгүй .Харин зээлээ ямар нэгэн байдлаар төлүүлэх эрх л банкинд бий гэж ойлгодог. Ингэж шийддэг бол шүүх хууль гэж яриад ямар хэрэг байна. . Бүгдийг нийгэмчлээд буцаагаад төрдөө авчихаач .20 сая мал одоо 70 сая болчихжээ.Хуульгүй болоод шүлс чинь гоожоод байвал буцаагаад хувьчлаад авчихаачээ.ХУУЛЬ , ШҮҮХийн дээр ТӨР БАЙДАГГҮЙ юм аа. Шүүхээр шийдээч
Зочин · 2022/03/30
ардачлал гэж хулгай хийхийг хэлдэггүй юм гэд бүгд хувааж авсан элбэг тэгүүтэй луйварчид та нарт хэзээч сайн юм болохгшй сөнөцгөө
Зочин · 2022/03/30
Энэ бол хувийн өмч биш хулгайн өмч