Цагаан хаднаас ковид салахгүй байна гэх мэдээллийн цаана ямар учир байна вэ?
2022/03/31
Хүснэгтээс харахад, Цагаан хаданд өвчлөл хэт их, улсын хэмжээнд ганцаараа дэлбэрчихсэн байна. Яагаад жолооч нарыг олон сар тусгаарлан хорьж, төрийн маш олон байгууллагууд байгуулан өдөр шөнөгүй, баруун солгойгүй шалгаад байхад ийм гамшгийн байдалтай байна.
Дэлхий даяар “Ковид-19 дуусгавар шатандаа орсон, ердийн ханиадны төрөл гэж авч үзье” гэж зарлаад байдаг. “Ингэхэд, Цагаан хадны жолооч нар гэж яасан хийморь нь үхчихсэн, дархлаагүй болчихсон нөхдүүд вэ.Хийморийн сан ч тавиулчихгүй яасан арчаагүй хүмүүс вэ" гэж уур хүрч мэднэ. Зарим цайлган цагаан сэтгэлтэй хүмүүс “Хятад улс руу тээвэр хийхийн тулд жолооч бүр заавал ПСР-ын шинжилгээ өгөх шаардлагатай. Өдөртөө олон шинжилгээ авч байгаа учраас олон тохиолдол илэрдэг байх” гэж бодож мэднэ. Бодит байдал бол тийм биш, шал өөр байна. Цагаан хадны эрчүүд тийм хийморьгүй, дархлаа нь алга болчихсон нөхдүүд ч биш.
Тусгаарлалтад байгаа хэдэн жолооч нараас дахин дахин шинжилгээ авч байгаа болохоос, өөр өөр хүмүүсээс аваагүй, олон нийтийг хамарсан биш учир ковид илрээд байх нөхцөл ч байхгүй. Цагаан хаданд КОВИД байхгүй, алга болоод нэлээд удаж байна.
Цагаан хаданд ковид байхгүй болчихвол тэр ХӨСҮТ-ийн лабораторийг татан буулгаж, тэдгээр хүмүүс ажил орлогогүй, авлига авч чадахгүй болчихно гэж айгаад зохиомлоор эрүүл жолооч нарыг өвчтэй гэж худал шинжилгээний хариу гаргаад, нутагтаа барилдаад түрүүлсэн бөхөд “сумын заан” цол олгодог шиг, эрүүл жолоочийг “ковидтой” гэж цоллоод байна.
Цагаан хадны ХӨСҮТ-ийнхэн ковидыг тарааж, яаж ийгээд дуусгахгүй дэлгэрүүлээд байна. “Хулгайч, авлигачид баригдана даа, баригдана" гэж өөрийгөө хуураад, тайвширч болно. Харин, баригдах гээд ирэхээрээ КОВИД-ыг албаар тарааж мэдэхээр байна. Ганц контейнер дотор ХӨСҮТ-ийн олон хүмүүс суучихаад, олон шат дамжлагаар, бүх жолоочийг оруулж шинжилж байгаа нь байж боломгүй эрсдэлтэй зүйл юм. Шинжилгээ авч байгаа эмнэлгийн ажилчид нь бээлий, маскаа сольдоггүй харлачихсан байдаг болохоор жолооч нар сэжиглээд байгаа юм. Ядаж байхад яр гэгчээр төрийн албаныхан нэртэй хүн сүргүүд өдөр шөнөгүй шалгалт хийгээд кемпүүдээр яваад байдаг. Бид айж байна.
Цаашид хэзээ ч үнэн зөв шинжилгээний хариу гаргахгүй нь тодорхой байна. Ийм л маягаар Монгол Улсад ковид тархаж, арилахгүй байна даа. Цагаан хадны ХӨСҮТ-ийнхэн нэг бөмбөлгийг дэлбэлснээр “дэлбэлээд өгөөч” гэж гуйсан субьектүүдээс хэр зэрэг авлига авдаг, ашиг олдгийг нарийн мэдэхгүй ч жолооч нар дараах байдлаар ярьж, бичиж байна.
Эвгүй харьцах юм бол шууд ковидтой гэж хариу гарч бөмбөлөг нь дэлбэрдэг. “Чиний нэр хэн билээ" гэж асуусан л бол шууд дэлбэрсэн гэж хариу гардаг.
Бөмбөлгөө дэлбэлүүлэхгүй байх 2 арга байна.
• Нэгдүгээрт, бөмбөлөг доторх жолоочиин тоогоор таван сая төгрөг даатгал маягаар урьдчилан байршуулдаг. Эерэг гарсан жолоочийн тоогоор таван сая төгрөг суутгаж аваад бусад мөнгийг нь буцааж өгнө.
• Хоёрдугаарт, Хэрэв бөмбөлгийн жолооч эерэг гарвал бусад компаниуд мэдээгүй байхад нэн даруй Цагаан хадны ХӨСҮТ-ийнхэнтэй холбоо барьж, жолооч бүр найман сая төгрөг төлж дэлбэрэхгүй үлдэнэ.
Сүүлийн үед энэхүү хоёр арга нь гибрид маягаар улам боловсронгуй болж, авлигачид арай харгис болсон. Харгис гэдгийг хуучин нэг бөмбөлгийн 40 жолооч дотроос нэг жолоочийг ковидтой байна гэж цоллодог байсан бол өнөөдөр 20 жолоочийн гурвыг ковидтой байна гэж хэлмэгдүүлэн их мөнгөн дүнтэй авлига авдаг гэсэн утгаар хэлж байна л даа. Төр засаг минь эдгээр авлигачид болох нийгмийн шаар шавхруунуудыг цэвэрлээч ээ. Тэгэх үү, гуйя.
Уг нь Монголын төр Цагаан хаданд нүүрсний экспортыг нэмэгдүүлж, Монгол компаниудыг дэмжиж ажиллуулах зорилготой “Боомтын зөвлөл”, “Шуурхай штаб”, “Хилийн 031 дүгээр анги”, “ГС дахь Гаалийн газар”, МХГ, ГИХГ, АТҮТ, “Боомтын бүрэн эрхт захиргаа”, “Төрийн бүрэн эрхт биет төлөөлөгч”, “Цагдаагийн тасаг” гэх мэтийн маш олон төрийн байгууллагууд байгуулсан. Гэтэл эдгээр төрийн байгууллагууд нийлэн нэгдэж бөмбөлөг үүсгэх, хасах тал дээр ажиллаж ихээхэн авлига авсан. АТҮТ-ийн хурган дарга нар, Гашуун сухайтын Гаалийнхан гээд баахан хүмүүс авлигын хэргээр баригдацгаасан. Үүнээс хойш авлига авах аргаа өөрчлөхгүй бол хол явахгүй нь нэгэнт илэрхий болсон.
Иймээс Цагаан хадны ХӨСҮТ дээр авлига өгсөн бөмбөлгүүдийг тээвэрт явуулж, өгөөгүй компанийн жолооч нар дотороос ковид илэрсэн гэж худал дүгнэлт гарган, жолооч, компаниудыг хайр найргүй хохироон бөмбөлгийг нь дэлбэлж авлига аваад сууж байна. Төрийн өмнөөс ажиллаж байгаа нөгөө олон байгууллагууд яагаад ХӨСҮТ-ийнхөн улайм цайм авлига авч, эрүүгийн гэмт хэрэг хийгээд байхад таслан зогсоохгүй байна вэ.
Цагаан хадны ХӨСҮТ-ийнхний авлига, эрүүгийн гэмт хэргийг таслан зогсоох битгий хэл, тэд нартай нийлээд “Цагаан хадны ХӨСҮТ-өөс өөр газар шинжилгээ өгч болохгүй. Нэг жолоочийн шинжилгээг эерэг гэж худал хариу гаргахад, вандан пад, түүнийг дахин шинжилж, нягталж болохгүй. Цагаан хадны ХӨСҮТ дээр эерэг гээд худал шинжилгээний хариу гаргасан тул тухайн жолоочийг УБ-ын ХӨСҮТ-д хүлээж авч дахин шинжилж, нягталж болохгүй” гэсэн журам гаргаж Монголчууд, Монголын төрийн эрх ашгийн эсрэг ажилладаг бүлэг хулгайчууд болсон. Өөрөөр хэлбэл, тэд нарт найдах шаардлагагүй болсон. “Цагаан хад”-нд байгуулсан төрийн байгууллагууд бидэнд нэмэр болохоосоо илүүтэйгээр нэрмээс болж байгаа тул нэн даруй бүгдийг нь татан буулгах шаардлагатай байна. Хилээр орж гарсан бүх машиныг улсын болон арлын дугаар, бөмбөлөг, компаниар нь гаргуулж хамгийн олон рейс хийсэн авлигачдын машинуудын тээвэр хийх эрхийг цуцалмаар байна. Энэ эрүүгийн гэмт хэргийн улмаас хохирсон бөмбөлгүүдийг бусад бөмбөлгүүдтэй адилхан тоогоор рейс хийлгэмээр байна.
БИД ЮУ ХҮСЧ БАЙНА ВЭ?
Шинжилгээ авдаг лабораторийн бүх шат дамжлага, үйл ажиллагааг компаниуд болон жолооч нар нүдээрээ харж болохоор камержуулаад өгөөч. Бид мөнгийг нь гаргая. Өргөсөн тангарагтаа үнэнч эмч мэргэжилтнүүдээр үнэн зөв шинжилгээ хийлгэмээр байна. Худлаа дүгнэлт гаргаж, жолооч, компаниудад асар их хохирол учруулсан нийгмийн шаар шавхруу болсон авлигачдыг үндсээр нь цэвэрлээд өгөөч гэж төрд хандаж байна л даа.
ХӨСҮТ ковидтой хэмээн цоллож амьдралыг нь сүйрүүлсэн жолооч нараа бид хэзээ ч дуудаж ирээд дахин шинжилгээнд оруулахад бэлэн байна. Ковид туссан хүн 3-6 сарын дотор эерэг гардаг гэж ярьдаг ба тэр амьдралаараа тоглуулсан Монгол жолооч нар өнөөдөр ч сөрөг гарна. Энэ бол ХӨСҮТ худал хариу гаргаад байна гэдгийг баталж байгаа юм. Нэг жолооч эерэг гэж гарахаар дахин шинжилж нягталж болдог болгомоор байна. Бөмбөлөг дотроос эерэг гэж гарсан жолоочоос бусад жолооч нарыг Хятад талын шинжилгээнд хамруулан, тээвэрт нь явуулдаг болгомоор байна.
Цагаан хадны ХӨСҮТ-ийнхөн авлига авч, санаатайгаар ковидтой гэж цоллоод байгаа тул УБ-ын ХӨСҮТ-д бөмбөлөг өөрийнхөө автобусаар яваад хавьталд орохгүй шинжилгээ өгч болдог, эсвэл Цагаан хадны ХӨСҮТ-ийн шинжилгээ авдаг лабораторийн төхөөрөмжтэй яг адилхан лабораторийг хувийн хэвшлийнхэн Цагаан хаданд оруулаад ирсэн, “Говь генетик" гэсэн нэрээр шинжилгээ хийж байгаа тул тэнд шинжилгээ хийлгэхийг хүлээн зөвшөөрдөг болгохыг хүсч байна.
Ганцхан Хөгжлийн банкны хулгайг ярьж байгаа болохоос, төр оролцож байгаа бүх салбарт ийм хулгай явагдаж байна. Төр засаг маань ниргэсэн хойно нь хашгирав бололгүй, хулгай хийж байхад нь нэн даруй таслан зогсоож арга хэмжээ авдаг байхыг хүсч байна.
“Алтан шар зам" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Д.ТУЯА
Зочин · 2022/03/31
ТББ цаашаа.