“Нар хажид” сүмийн үүсгэн байгуулагч, тэргүүн Д.Мэндбаяр “ТВ 5” телевизийн “Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт оролцсоныг сийрүүлэн хүргэж байна.

Монгол Улсад байгаа буддын шашны сүм, хийдүүд нэгдэж шинэчлэл хийх талаар ярьж байна. Ямар учраас ингэж нэгдэх болов? Юуг шинэчлэх гэж зорьж байна вэ?

 

Бурхны шашны үзэл онол, түүний ном сургаалийг шинэчилнэ гэж бид яриагүй. Сүүлийн 30 жилд Монголын бурхан шашны салбарт үйл ажиллагааны шинэчлэлт эрс дутагдаж байсан байна. Үүн дээр санал нийлсэн хэсэг хүмүүс чуулганаа хийе гэж санал тавьсан. 1992 оноос хойш Монголын бурхан шашны чуулган хуралдсангүй. 30 жил боллоо. Уг нь 4 жил тутамд хуралдаж, чуулганаа хийж, бүтцээ зохион байгуулах ёстой. Тэр бүтэц нь бурхан шашны нэгдсэн удирдлага болдог, шашны хуулиа ярьдаг, бодлого, үйл ажиллагаагаа тодорхойлдог. Гэтэл ийм зүйлгүйгээр 30 жил явлаа. 

 

Дүрмээрээ 4 жилд нэг удаа хийх ёстой юм байна шүү дээ. Яагаад чуулганаа хийдэггүй юм бол?

 

Чуулганыг огт хийлгэдэггүй, хийлгэхийг хүсдэггүй бүлэг үүсчихсэн байна. Ловонгийн зөвлөл гэж байгаа нь сүүлийн хэдэн жил оромдсон үйл ажиллагаатай явж ирсэн. Чуулган хийвэл сонгууль болно. Сонгууль болох юм бол хэний эрх ашиг хөндөгдөх вэ? гэхээр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн удирдлагууд гэх хэдэн хүний эрх ашиг, ялангуяа Д.Чойжамц хамбын суудалд харшлах учраас л чуулганыг хийлгэдэггүй. Чуулган бүү хэл дотоод хурлаа ч хийдэггүй. Өнөөдөр тэнд ямар ч дүрэм журам алга. Шашны ч бай ямар ч бай бүх байгууллага өөрийн гэсэн дотоод дүрэм, журамтай байх ёстой. Тийм зүйл байхгүй. 1992 оноос хойш П.Очирбат тэргүүтэй тухайн үеийн Ерөнхийлөгч нарын оролцоотойгоор, төрийн гүйцэтгэх ажиллагааны шугамаар хийсэн Д.Чойжамцыг хамбаар тавьсан улстөрийн үйл ажиллагааны үр дагавар өнөөдөр 30 жилийн турш гарч байна. Бурхан шашинтны төв  ийм байхад бусдыг нь ярих хэрэг байхгүй. Дүрэм, журам байхгүй, хэдхэн хүний эрх ашигт үйлчилж байдаг. Үүнд санаа зовж, сэтгэлээ чилээж байгаа олон хүн бий. Гэтэл Гандантэгчинлэн хийдийн мафи маягийн хэдхэн хүний дарангуйлал тогтчихоод 30 жил болж байна. Эд нар нь улстөрийн, эдийн засгийн нөлөө бүхий хүмүүстэй холбоо, сүлбээтэй болчихсон байдаг юм байна. Бидний тэмцлийг дэмжиж байгаа хүмүүс их байна. Гэвч ил гарч, үгээ хэлж чадахгүй болчихож. Тэднийг мохоодог, дарамталдаг тохиолдлууд ч бий.

 

 

2014 онд Гандантэгчинлэн хийдийн дотоод лам нарын хурлыг тагнуул, хууль хүчний байгууллагын оролцоотойгоор тараагаад, хүмүүсийг нь хүчээр албан бичигт гарын үсэг зуруулж, зарим хамба нарыг гадагшаа хуралд явуулахгүй, Тагнуулын газарт аваачиж байцааж, мохоосон тохиолдол бий. Одоо тэр дарамтлуулсан хүмүүс нь байж л байна. Үүнийг ганц л хүн сөрж зогссон байдаг юм. Яагаад ийм хэмжээнд хүрчихэв гэдэг нь маш ноцтой асуудал.

 

 

 

Би энэ салбарт 40 жил зүтгэж байна. Үүнээс Гандантэгчинлэн хийдэд 10 орчим жил ажилласан. Ахмад хүний хувьд сэтгэл өвдөж байна. Үндэсний оюун санааны тусгаар байдал, үндэсний ижилсэл алдагдчихаж. 1990 онд Бурхны шашин 100 хувь байсан гэж үзвэл өнөөдөр 50-иас доош хувь болчихоод байгаа нь нууц биш. Хүн бүр ярьж байна. Гэтэл өнгөрсөн 30 жилд юу хийсэн бэ? гэхээр Д.Чойжамц хамба өөрийнхөө суудлыг бэхжүүлж, тэнд өөрийнхөө бүлэглэлийг бий болгох ажлыг л хийж. Д.Чойжамц хамба бид хоёрын хооронд хувийн асуудал байхгүй. Гэвч шашнаа гэсэн сэтгэлийн үүднээс өнөөдөр дуугарахаас өөр арга алга. 

 

Бурхны шашны шинэчлэл гэсэн хэр нь ганцхан хамбын суудал яриад байна гэж харах хүмүүс гарч магадгүй юм. Шинэчлэлийн хүрээнд яг юуг хийх гэж зорьж байна вэ? Энэ асуудлаар хаана хандсан бэ?

 

Хамгийн түрүүнд чуулганаа хийх хэрэгтэй. Бөхийн холбооны, олимпийн хорооны чуулган гээд болдог шүү дээ. Түүнтэй адилхан шашны тулгамдсан асуудлуудаа ярилцая. Эдгээр асуудлуудыг шийдэх, тал талаас цуглаж бүрдсэн удирдлага, бүтэц хэрэгтэй байна. Тэр бүтцэд хууль, дүрэм хэрэгтэй. Бодлого хэрэгтэй. Шашнаа хэрхэн хөгжүүлэх юм бэ? гэдгээ ярих хэрэгтэй. Шашин хөгжихөөр яадаг вэ? гэхээр ард иргэдийн оюун санааны нэгдмэл байдалд тустай. Энэ асуудал дээр 30 жил юу ч хийсэнгүй. Гэтэл энэ 30 жил чинь 7-8 удаа хуралдаад, асуудлаа ярилцаад, гарц шийдлээ олоод явчих хангалттай хугацаа шүү дээ. Яагаад Д.Чойжамц гэдэг хүнийг яриад байна вэ? гэхээр энэ хүн 30 жил зөвхөн өөрийн суудлаа л хамгаалж ирсэн. Суудлаа хамгаалахын тулд улстөрчдийг, УИХ-ын гишүүдийг ч ашигласан байдаг юм билээ. Энэ бүхэн баримттай. Хэдхэн лам нарын хэрүүл биш шүү дээ. Энэ асуудлаар бид хандаагүй биш хандсан. Төр сүмийн харилцааны тухай хууль гэж байдаг. Уг хуулийн ач холбогдол, нөлөө нь сүүлийн 30-аад жилд буурсан юм байна. Тийм учраас уг хуульд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гээд сонгууль болдог, тайлан тавьдаг болох гэх мэт зүйлүүдийг оруулсан хуулийн төсөл байж л дээ. Гэтэл уг хуулийн төслийг 2022 оны УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх байсанг хасаад, хэлэлцэхгүй болгочихож. Үүнд Д.Чойжамцын нөлөө орсон гэж үзэж байна. Үүнээс өмнө ч олон хуулийн төсөл явж байсан. Нэг нь ч хэлэлцэгдээгүй. Энэ бүхнийг яагаад хассан бэ? гэвэл аливаа удирдлагаа сонгуулиар сонгоно, сонгуультай байна гэдгээс айгаад байгаа юм. 

 

Одоогоор энэ асуудал хуульчлагдаагүй учраас л удирдлага нь солигдохгүй байгаа гэж ойлголоо. Уг асуудлаар УИХ-ын даргад ч юм уу, хандаж үзсэн үү?

 

Төрийн гурван өндөрлөгт албан бичгээ өгчихсөн. Үүсээд байгаа асуудлуудыг маш тодорхой хэлсэн. 2021 оны 12 сарын 22-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийт лам нарыг хүлээн авч уулзсан. Сүүлийн 10-аад жил ингэж уулзаж байгаагүй. Тухайн үед дотооддоо хурлаа хийгээд, асуудлаа шийд, нууцаар ч хамаагүй хуралд гэсэн. Гэвч хурал болоогүй. Ер нь энэ хурлыг болгохгүй, хийлгэхгүй юм шиг байна лээ. Үүнийг Д.Чойжамц, түүний удирдлага л хийж байгаа. Бидний хэсэг лам нар юу ч гэж дуугарлаа гээд Д.Чойжамц намайг яаж ч чадахгүй гээд суугаад байна.

 

Соёлын Яамнаас соёлын өвийг бүртгэх ажлын хэсэг байгуулагдаж байгаа юм билээ. Энэ ажлын хэсэг нь  цагдаа, хууль хүчний байгууллага, тагнуултайгаа хамтраад маш олон жил яригдсан соёлын өв, үнэт зүйлс алга болсон гэдэг яриануудын үнэн худлыг тогтоох хэрэгтэй. Санхүүгийн байдалд нь шалгалт хийх хэрэгтэй. Үүнийг төр, засаг гүйцэтгэх ёстой.

 

 

 

Шашин төр тусдаа гэж зарим хүмүүс ярьж магадгүй. Тэгвэл тусдаа биш юм байна. Үндсэн хуулиндаа шашин нь төрөө дээдлэх, төр нь шашнаа хүндлэх гэсэн заалт байна. 2014 онд болсон лам нарын дотоод хуралд Тагнуулын байгууллагаас оролцож байсан байдаг. Өндөр Богдын хийцтэй 200 орчим бурхан, тахил алга болсон байдаг. Эрдэнэсийн санд байсан 12 авдар зүйлийг хадгалуулдаг байсан. Намайг Гандантэгчинлэн хийдийн боловсон хүчин байхад жилдээ 12 кг мөнгөн эдлэл, 1 кг алтан эдлэл жил бүр хадгалуулдаг байсан. Анх 12 авдар байсан. Сүүлдээ 8 авдар болчихсон. Тэгээд бүр 6 авдар болоод, дараа нь түлхүүр нь алга болсон .Одоо бүр байхгүй. Үүнийг асуухаар төрийн нууц гээд байдаг. Г.Занданшатар дарга үүнийг сонсох хэрэгтэй. Яагаад үүнийг төрийн нууцад оруулчихсан юм. Шамшигдуулсан эзэн, холбогдогчдыг нь төрийн нууц гээд хамгаалж байгаа юм уу? 

 

Хэрэв бурхны шашны чуулган хуралдах болбол тал бүрээс, хөдөө орон нутгаас гээд бүх сүм хийдүүдийн төлөөлөл ирж оролцох байх. Иргэдийн шашинд шүүмжлэлтэй ханддаг, мөн шинэ лам нарыг бэлтгэх гээд тулгамдсан асуудлуудаа ярилцах уу?

 

Тийм. Түүнээс гадна өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрөөс хөрөнгө оруулсан Батцагаан, Жанрайсэг дуганууд, сүсэгтэн олны хандив гээд энэ бүхний тооллого, шилэн данс гээд ямар ч тайлан тооцоо байхгүй. Энэ талаар хэзээ ч тайлан тавьж байгаагүй. 30 жилийн турш хэдэн тэрбум төгрөг хэрхэн зарцуулсан нь тодорхой бус. Энэ бол маш ноцтой асуудал. 1944 оноос хойш Монголын ард түмэн Гандан хийдээ л гэж ирсэн. Гэтэл үүн дээр 30 жилийн турш хэдхэн хүн бугшчихсан. Энэ хооронд соёлын үнэт өв алга болгсон, судар ном шатааж үрэгдүүлсэн гээд олон асуудал байгаа. Сүүлийн үед бүр газрын наймаа ч сонсогдох болсон. Хүмүүс намайг худлаа ярьдаг гэж бодож магадгүй. Гэсэн ч би өөр дээрээ эрсдэл хүлээгээд үүнийг хэлэхээс өөр аргагүй. 

Энэ асуудал дээр түгшүүрийн харанга цохиоч ээ, төрийн байгууллагууд анхаарч ажиллаач ээ. Айж ичилгүй орж шалгаад, үнэн худлыг тогтоогооч ээ. Би шашнаа гэсэн, олноо гэсэн итгэл үнэмшилтэй учраас дуугүй сууж чадахгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувь хүний асуудал ярих нь зохимжгүй. Д.Чойжамц 30 жил Монголын ард түмнийг хуурч байсан юм билээ. Хэрэв хэрэгцээ, шаардлага гарвал ярих л болно. 

 

Эдгээр асуудлыг ил ярьдаг цөөн хэдхэн хүн л байдаг гэж ойлгогддог. Гэтэл ард нь маш олон хүн дэмждэг юм байна?

 

Айгаад дуугардаггүй. Бас нөгөө талд Д.Чойжамц хамбаас цалин авдаг юм уу, авилга авдаг юм уу, олон жил тэр хүний суудлын төлөө ажиллаж байсан хүн ч бий. Тэр хүмүүс итгэл үнэмшлээрээ ажилласан гэхэд хэцүү. Ийм ийм хүмүүс гээд би зааж чадна. Өөрсдийнх нь эсрэг юм ярьсан хүний үгийг холбируулж, олонд үнэ цэнгүй болгодог тийм тактик Д.Чойжамцын багт бий. З.Санждорж, С.Нэргүй гээд хамба нарыг бүгдийг нь тэр аргаараа олон нийтэд нэр хүндгүй болгох ажил хийсэн. Намайг хүртэл Д.Мэндбаяр 10-р Богдыг тодруулах ажилд саад хийж, гадны гар хөл болж байна гэж саяхан ярьсан байсан. Намайг гэмт хэрэгт гүтгэсэн байна. Төр, шашин тусдаа юм бол яагаад Д.Чойжамц өөрийгөө ҮАБЗ-ийн шинжээч гэж яриад явдаг юм бэ? Төрийн нууцтай холбоотой байдаг байгууллага яагаад Д.Чойжамц хамбаар шинжээч хийлгэдэг юм. Төр шашин ингэж холилдож болохгүй ээ. Хэрэв холилдох юм бол шалгаж холилдох хэрэгтэй. 

 

Ярилцлагын төгсгөлд миний асууж чадаагүй, таны хэлэх гэсэн зүйл байвал?

 

Бидний зан заншил, дадал шашинтай холбоотой байдаг. Оюун санааны нэгдмэл байдал ч үүнтэй холбоотой. Тусгаар тогтнолд ч нөлөөлж болох шашин гэдэг зүйл маш үнэ цэнтэй шүү. Шашин нь дотроо асуудлаа шийдээд, эв зүйгээ олоод явах юм бол бидний ирээдүй үед хэрэгтэй. Үүсээд байгаа асуудлыг шалгаж тогтоогоосой, ард түмэн минь шүүн тунгаагаасай гэж хэлье даа.