Зам хөндлөн гарч явсан 12 настай хүү хүнд механизмд мөргүүлж амиа алдсан хэргийг шалгаж байна
2022/04/01
Зам хөндлөн гарч явсан 12 настай хүүхэд хүнд механизмд мөргүүлж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, гуравдугаар сарын 31-ний 11:45 цагийн орчимд Баянзүрх дүүрэг, 10 дугаар хорооны нутагт орших 62 дугаар цэцэрлэгийн урд авто замд Volvo маркийн тээврийн хэрэгсэл буюу хүнд механизмын жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан 12 настай хүүг мөргөж амь насыг нь хохироожээ.
Уг хэрэгт Тээврийн цагдаагийн алба мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Сануулахад, улсын хэмжээнд долоо хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 12 хүүхэд гэмтэж, нэг хүүхэд амиа алдсан байна.
Иймд жолооч нар хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаа ашиглахгүй байх, ялангуяа сургууль орчим, хороолол дундах хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжоо дээшлүүлж, хянуур байхаас гадна, явган зорчигчид зам тавьж өгөхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Мөн бага насны хүүхдүүд зам хөндлөн гарахдаа мөргүүлсэн осол олон гарсаар байгаа учир эцэг, эхчүүд хүүхдээ гараас нь хөтөлж, явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарах ёстойг сануулав.