МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо (НАМЗХ)-ны залуус найрлан цэнгэж, ижилсэн гангарч байгаа бичлэг энэ өдрүүдэд нийгмийн дургүйцлийг хүргэж байна. Ард иргэдийн амьдрал уруудаж байхад эрх баригч намын дэргэдэх НАМЗХ-ны залуус НАМИЛЗАЖ байгаа нь үнэндээ монголчуудаар тохуурхаж байгаа хэрэг юм.

НАМЗХ-ны залуусыг ард түмэн “НАМИЛЗАХ-ын залуус” гэж нэрлэжээ. НАМИЛЗАХ-ын залуус ч мөн, “Намаа залгих залуус” ч мөн байж магад. Аль нь ч байсан дээрх гарчиг бол Монголын нийгмийн өнөөдрийн дүр зураг юм. Намилзахын залуусын амьдрал гэгээтэй байгаа байх. Харин намилзахгүй залуус амьдрахын төлөө алалцаж байна. Бусдын чинь амьдрал тэр чигээрээ баргар байгааг хэлье. Хар багаасаа нам дагасан, намын улаан хамгаалагч болсон, ирээдүйд дарга болохоос өөр хүсэл зорилгогүй эдгээр залуусын Найрамдал зуслан дахь цэнгэл нь Монголд өнөөдөр касстын систем хэдийнэ бүрэлдэн тогтсоны тод жишээ. Нам дагасан залуусын энэ байдал хоёр талтай ч муу тал нь дэндүү их давамгайлна. Залуус хүнийхээ хувьд хэн нэгэнд долигьнож байж дээшээ явдаг гэсэн үзэл бодлын суурь төлөвшилтэй болж байна. Дарга даамал хүн бүрт очиж наалддаг, тийм хүмүүсийг л хүн гэж үздэг, бусад хүмүүст нохой мэт ханддаг ийм нэг бүлэг залуус ирээдүйд Монголыг удирдана. Монголыг удирдахдаа тэд ард түмэндээ, эх орондоо яг л ийм үзлээр хандана. Тэднийг нэг талаас буруутгах арга бас алга. Учир нь тэдний үлгэр дуурайл болсон намынх нь том дарга ах эгч нар нь яг л ийм зан араншингаараа өнөөдрийн өндөрлөгт хүрсэн болохоор тэр юм. Сайн дагаж далдагнавал том дарга болно гэсэн үлгэрлэлийг дээд үеийнхээсээ авсан хүүхдүүд МАН-д олноор бэлтгэгдэж байна. Үүнийг бүр албан ёсжуулж саяхан МАН-ын генсекийн зүгээс “НАМЗХ бол “Мэргэжлийн улстөрч бэлддэг байгууллага юм” гэж тунхаглан зарласан юм. Бас л том байгаа биз. Томрох нь тодорхой, том дарга болох нь бүр ч тодорхой гэсэн үзлээр хүмүүжүүлэх нь. Өмнө нь ингэж хүмүүжсэнүүд нь улс орноо хэрхэн тонон дээрэмдсэний үр дүнд өнөөдрийн Монголын байж байгаа царайг хар. Өнөөдөр Монголд өөдтэйхөн явъя гэж байгаа залуу хүн бүр энэхүү НАМЗХ буюу НАМИЛЗДАГ-ийн гишүүн болохоос өөр зам байхгүй. Хуучин нийгэмд МХЗЭ гэж залуу коммунистууд бэлддэг газар байлаа. Улс төрийн товчооны гишүүд сүргээрээ сууж байгаад МХЗЭ-ийн хурал цуглаануудыг хөөргөн дэвэргэдэг байв. Хятадад бол улаан хамгаалагчид гэсэн нэртэй байсан л даа. Саяны НАМИЛЗАХ-ын залуусын цуглааныг харж байхад намынх нь том дарга нар бүгд очсон харагдана. Ерөнхий сайдаас эхлээд, УИХ-ын гишүүд...

 

“Хэмнэж амьдарцгаа” хэмээн ард түмэндээ тулгалт хийж байгаа дарга нь хүртэл оччихсон бут авч байна. Бүгдээрээ тусгай хувцас хийлгэж өмссөн харагдана. Ийм тансаглал иргэдэд лав байхгүй. Найрамдалд найр хөгжөөн болсон эдгээр НАМЗХ-ны гишүүн залуусын ихэнх нь МАН-ын том дарга нарын хүүхдүүд, ач зээ, үеэл, нагац, холдлоо гэхэд тэдний эрх ашиг, түрийвч нэгтнүүдийн хүүхдүүд байгааг нийгмийн сүлжээн дэх зургуудаас харж болно. Амьдрахын төлөө аргаа барж яваа ардын хүүхдүүд лав тэдний дунд байхгүй.

Намилзахын залуус наад зах нь Хятадын коммунист намын тэтгэлгээр урд хөршийн аль нэг их сургуульд намынхаа шугамаар сурчихна. Эргэж ирээд дарга болно. Энэ нь ардын мянга мянган хүүхдүүдэд боломжгүй зүйл. Ардын хүүхдүүдэд дарга аав ээж, ах эгч, эмээ өвөө байхгүй. Ардын хүүхдүүдийн боломжийн дээд хязгаар бол үсрээд дотоодын нэг их сургуульд сурах. Чадаагүй нь барилгын туслах ажилтан хийнэ. Арай дөнгүүрүүд нь Номин, Оргил... гээд худалдааны төвүүдэд заалны зохион байгуулагч хийнэ.

Нэгэнт ийм кастын систем Монголд тогтчихсон нь энэхүү НАМЗХ буюу НАМИЛЗАХ-ын залуучуудын байгууллагаас тод харагдаж байгаа биз. Эдгээр залуусын мөрөөдөл болсон гол дүр нь өнөөдрийн НАМЗХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал юм. Н.Учрал нь “Монголчууд НӨАТ-аараа амьдарч байгаа” гэж нийгэмд хэлээд зогсож байна. Энэ нь тэгээд амьдрал мэддэг, ард түмнээ ямар амьдарч байгааг мэддэг улстөрчийн үг мөн үү. Ийм л улстөрчдийг үлгэр дуурайллаа болгосон залуус энэ улсыг ирээдүйд удирдах нь.

Сая болсон НАМИЛЗАХ-ын цуглаан дээр нэгэн гишүүн бээр “Миний сонгогдсон дүүргийн Цагдаагийн газарт 100 ажлын байр эзэнгүй байна. Тэнд яагаад та нар ажиллахгүй байна” гэж хэлжээ. Тэдэнд цагдаагаар ажиллах нь их доошоо орсон хэрэг гэдгийг мань гишүүн тэрхэн зуурт мартсан бололтой. Гэтэл цагдаад ажиллах нь ардын хүүхдүүдийн хувьд насных нь мөрөөдөл, орж чадвал амьдралынх нь баталгаа шүү дээ.

Үнэндээ нам дагасан эдгээр залуус хэдүй их онгирч, сагсуурч, ажил голж, тансаглацгаана яг урвуу хамааралтайгаар ардын хүүхдүүд ажилгүй, орлогогүй, амьдрах аргагүй болж, тоо нь үржиж олширч байгаа нь өнөөдрийн Монголын эмгэнэл юм. Үүний баталгаа нь өнөөдөр Солонгос руу хар ажил хийх залуусын бүртгэл зарлангуут Монголын хэдэн мянган залуус хэрхэн алалцаж байгаагаас харж болно. Ардын хүүхдүүдэд байхгүй бүхэн НАМИЛЗАХ-ын залууст илүүдэж байдагт л энэ улсын эмгэнэл оршиж байна.

НАМЗХ-ы залуусын НАМИЛЗАХ нь ихэсвэл ямар эмгэнэлт хувь тавиланд хүрдгийг өнөөдрийн залуус нь мэдэж байх ёстой. “Хадгаламж” банкнаас эхлээд Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал хүртэл. Нэг хэсэг нь шоронд ордог, нөгөө хэсэг нь шороонд булагддаг. Энэ дундаас өөрсдийгөө зальжин авч гарч чадсанууд нь өнөөдөр Монголыг удирдаж байгаа юм. Тэд өөрсдийн явж ирсэн зам, хэрэглэж ирсэн технологи, хэрэгжүүлж гүйцэтгэдэг байгууллагаараа халаагаа бэлдэх нь тодорхой. НАМИЛЗДАГ-уудаас ирээдүйд ялтан ч төрнө, дарга ч төрнө, эрсдэл дүүрэн. Тэр дундаас дарга болохоосоо илүүтэй ялтан болох нь олон ч байж магадгүй. Гэрт нь дүүрэн МАН-ын дарга байсан, одоо ч байгаа аав ээж, эх эгч, өвөө эмээ нар дүүрэн айлын хүүхдүүд. Тэднээс ганцхан зүйлийг хүсье, та нар ардын хүүхдийн боломжийг 30 жил хулгайлж ирлээ, үүнийгээ цаашид битгий үргэлжлүүлээч ээ гэж. Төрийн байгууллагуудыг, төрийн өмчит компаниудын том жижиг дарга нарыг хар. Тэнд хэний хүүхдүүд дарга хийж, давхар стандарт тогтоож, ард түмнийг залхааж, төрийг сул дорой байлгаж, сорж мөлжиж байна вэ.

Энэ улс орныг там болгосон чинь одоо хангалттай шүү, МАН-ынхаан. Та нарын халааг авах залуус, том дарга нарын хүүхдүүд Найрамдалд намилзуулан найрлаж байгаа бол НАМИЛЗАХ боломжгүй ардын хүүхдүүд харь улсад ажил хийхээр алалцаж байна. Энэ улс оронд чинь хуулийн дагуу юм юу ч алга, том нь жижгийгээ барьж иддэг, дээрэлхдэг байгалийн хуулиар л амьдарч байна. Үүний тод жишээ наад НАМИЛЗАХ-ууд чинь шүү...