15 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа
2022/04/11
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 15 тохиолдол шинээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Энэ нэг жил, хоёр сар гаруйн хугацаанд хоногт шинээр илэрсэн хамгийн бага тохиолдол болж байна. Хамгийн сүүлд 2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр 13 тохиолдол шинээр илэрсэн. Түүнээс хойш өдөр бүр 15-аас дээш халдварын тохиолдол бүртгэгдэж байв.
Өчигдөр шинээр илэрсэн тохиолдлуудын
- Найм нь Улаанбаатар хотод,
- Долоо нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 180 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 615 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 11 нь хүүхэд бол хоёр нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Эмчлүүлж буй иргэдийн 16 нь нэн хүнд, 38 нь хүнд, 81 нь хүндэвтэр, 45 нь хөнгөн оноштой байна.