Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.

 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө:
-Тархины саажилт, уналт, таталтын өвчинтэй хүүхдүүдийн эмийн хангамж сүүлийн хоёр жилд тасарсан. Иймд ханамжийг нэмэх, эмийн төлбөрийг төр 100 хувь хангах асуудлыг зохицуулах үүргийг Эрүүл мэндийн сайдад даалгав. Мөн энэ төрлийн өвчтэй хүүхдүүдийн гадаадад очдог хийлгэдэг мэс заслыг дотоододоо шийдэн, хийдэг болох үүргийг Эрүүл мэндийн болон  ГХ-ны сайдад тус тус өглөө. Мөн сэтгэцийн өвчтэй хүүхдүүдэд зориулсан, тусгай асрамжийн газар байгуулах, үүний тулд ирэх оны улсын төсөвт шаардлагатай төсвийг оруулах үүргийг Сангийн сайд Б.Жавхлан болон надад даалгалаа.

Ирэх хичээлийн жилээс ЕБС-ийн бүх сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамран сургах талаар БШУ-ны сайдад Л.Энх-Амгаланд үүрэг өглөө. Гэвч хөдөлгөөний дутагдалтай хүүхдүүдтэй ангийн багш нарт туслах багш шаардлагатай. Мөн манай улс хөдөлгөөн засалчийн дутагдалд орсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нэг яамны асуудал биш. Эрүүл мэндийн, БШУ, НХЯ хамтран ажиллах шаардлагатай. Цаасан дээрх зохицуулалт их сайн боловч анхан болон дунд шатанд хэрэгжилт хангалтгүй байна. Иймд Засаг дарга аймаг тус бүрдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг Ерөнхий сайд даалгалаа.

НДШ-ийн 50 хувийг бага цалинтай буюу 1 хүртэл сая төгрөгийн цалинтай иргэдэд олгож эхэлсэн. Буцаан олголтыг нэг сарын  дараа олгодог. Урьдчилсан байдлаар манай улсад 400 мянган иргэн 1 хүртэл сая төгрөгийн цалин авч байна. Эдгээр иргэн нэг бүрийн дансыг авах ажил үргэлжилж байна. Тавдугаар сарын НДШ-ийг энэ сарын 25-ны дотор буцаан олгоно.   

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургаадугаар сарын 8-нд байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг, эхчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзсан. 

Уулзалтаас бүх шатны Засаг дарга нар, нийгмийн хэлтсийн дарга нарыг оролцуулан Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулах шийдвэр гарсан. 

Өнөөдрийн хуралдаанд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, мөн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нарыг байлцуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг шуурхай шийдвэрлэхийг даалгасан. 

Тус тэмдэглэлд 26 асуудлыг оруулснаас заримыг нь товч дурдъя.

Тархины саажилттай, уналт таталттай хүүхдүүдийн уналт таталтын эсрэг эмийн хангамжийг яаралтай шийдвэрлэж, төлбөрийг төрөөс даах, байнгын асаргаатай шаардлагатай хүүхдүүдийн түгээмэл хэрэглэдэг эмийн асуудлыг шийдвэрлэх талаар Эрүүл мэндийн сайдад даалгасан.

Мөн саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүд ёзоорын мэдрэлийг таслах хагалгаа хийлгэхээр гадаад улсыг их зорьдог. Энэхүү хагалгааг олон хүүхдэд хүртээмжтэй байлгахын тулд хоёр нэр төрлийн хагалгааг эх орондоо хийх, төлбөрийг төрөөс даах асуудлыг судалж, есдүгээр сард багтан танилцуулж, шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд болон Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа хөдөлмөр эрхлээгүй эцэг эхчүүдийн асуудлыг мөн хэлэлцэж, аль нэг эцэг, эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 18 нас хүртэл нь төрөөс даадаг байх зохицуулалтыг хуульд оруулахыг надад даалгасан" гэлээ.

 Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Тэрбээр "Насанд хүрэгч болон хүүхдийн уналт таталтын үед уудаг эмүүдийг улсаас даах шийдвэр гаргалаа. Ялангуяа тархины шалтгаант саажилттай хөгжлийн бэрхшээлтэй эмчилгээний асуудлыг шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн.  Энэ сарын 29-нд Швейцар улсаас энэ төрлийн зарим эмийг оруулж ирэхээр болсон. Ганцхан уналт, таталтын эм тасалдаагүй. Тээвэр, ложистикийн улмаас зарим эмийн импорт саатсан.

Сүүлийн үед манайхан гадаадын улсад очиж хийлгэж байгаа мэдрэлийн ёзоорыг тайрч, таталтыг багасгадаг хөнгөвчлөх мэс засал хийдэг байдлыг багасгахын тулд энэ намартаа багтаан Энэтхэг болон Турк улсын туршлагатай эмч нарыг багаар нь урьж авч ирэн улсдаа энэ төрлийн мэс заслыг хийдэг болгохыг зорьж, боломжийг бүрдүүлэхээр гэрээ байгуулах гэх мэт шаардлагатай шат дараатай ажлыг хийж байна. Тухайн багийн авч ирэхэд тодорхой нөхцөл, зарим тоног төхөөрөмжийг авч ирэх гэх мэт судалгааг шаардлагатай. Тархины саажилттай хүүхдэд хэд хэдэн төрлийн хагалгааг хийдэг ба энэ нь чангарсан дээд, доод булчинг суллах, нөхөн сэргээх эмчилгээг хийвэл зарим хүүхэд алхаж, гишгэх боломжтой болдог давуу талтай.

Халамж, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цогцоор нь үзүүлэх үүднээс Сонсголонд байрлалтай Хөгжлийн бэрхшээлийн сэргээн засах хөгжлийн төвийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр тусгай зөвшөөрөл, хүний нөөцөд дэмжлэг үзүүлэн ажиллахаар болж, ажлын хэсэг гаран ажиллаж байна" гэлээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдрийн Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл өглөө:

-Бид энэ онд 5 зорилт, 23 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээрийн дийлэнх нь эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэх зорилготой. Томоохон төслийн барилга угсралтууд эхэлсэн. Долоон аймагт дулааны станцын ажил эхэллээ. Баруун бүсэд буюу Ховд аймагт сэргээгдэх эрчим хүч 10 мегаватаар нэмэгдлээ. Маргааш Амгалан ДС-ын өргөтгөлийн ажил эхэлнэ.

Батарейн цэнэг хураагууртай болох бэлтгэл ажил бүрэн хангагдсан. ТТ ЦС-ын тендерийг хоёр дахь удаазарласан. Тендер нээн, үнэлгээний ажил эхэлнэ.

Бөөрөлжүүтийн ДС-ыг хувийн хэвшилтэй хамтран ашиглалтад оруулна. Энэ онд багтаад 300 мегаваттын  хүчин чадал бүхий станцын барилгын ажил эхэлнэ.

Эрдэнэбүрэнгийн усан ЦС-ын  нөлөөлөлд орох орон нутгийн  айлуудыг нүүлгэж дууссан. Нийт 1200 иргэнд нөхөн олговор олгоно. Хуульд зааснаар эдгээр иргэдийн үндсэн хөрөнгөд л нөхөн олговор олгох ёстой. Гэвч манай малчдад үндсэн хөрөнгө бага байдаг юм байна. Ингээд нэг иргэнд 15 сая төгрөг олгох саналыг ЭХЯ гаргасан. Энэ төслийг БНХАУ-аас зээл авч хэрэгжүүлнэ. Зээлийн ерөнхий хэлэлцээг тус улсын өндөр албан тушаалтнууд батлах шаардлагатай.

Багануурын уурхай “Эрдэнэс Монгол” компанийн харьяанд байдаг. Гүйцэтгэх захирлыг хуулийн байгууллага шалгаж байгаа тул түр орлон гүйцэтгэгч захирал томилон ажиллуулж байна.   

IV ДЦС-ын хүчин чадлыг мөн нэмнэ. Ер нь цаашдаа цахилгаан дулааны үнийг өртөгт нийцүүлэх шаардлагатай. Энэ тохиолдолд манай салбарын төслүүд гаднаас зээл авах бүрэн боломж бий. Цахилгаан дулааны эрэлт жилээс жилд өссөөр байна гэв.