Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын цахилгааны тулгуур багана дээр нэг хүн согтуугаар гарсан, унаж болзошгүй байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 22-ны өдрийн 21:40 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Энэ дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид нэг км замыг туулан очиход тухайн иргэн согтуугаар Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан байжээ. Иймд Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хүчдэлийг 22:10 цагаас 00:30 цаг хүртэл тэжээлээс нь салгуулж, нийт гурван цаг ярилцлага хийн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.