Хөдөлмөрийн баатар, Геологий уул уурхайн сайд асан Ч.Хурц гуай нэгэнтээ “...Сая тонн нефть олборлочихоод импортын шатахуун авдаг тэнэг улс Mонголоос өөр байхгүй” гэжээ.

Үнэн л дээ. Ингээд л яваад ирсэн. Цаашдаа ч ингэсээр байх бололтой юм. Сая наадам дамнаад амарч явах хооронд дизелийн түлш, АИ95 шатахууны үнэ 4000 даваад явчихав. Харин АИ92 нь хэвэндээ үлджээ.

 

Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровыг ирэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуйж байгаад он дуустал хэвээр нь байлгахаар тохирсон гэсэн мэдээлэл байгаа юм. 2023 он гарахаар С.Лавров гуайн “ам” дуусна. Тэгэхээр АИ92 шатахуун Сингапурын биржийн ханшаар нэмэгдэж буй дизелийн түлш, АИ95 хоёроо дагаад талийх уу гэдэг асуулт гарч ирнэ.

 

Угаасаа Монголын амьдрал, амьжиргаа шатахууны үнээс шууд шалтгаалж байдаг л даа. Тийм учраас дизелийн түлш, АИ95 шатахууны үнийн өсөлт, бас АИ92 шатахууны үнэ ч тодорхой хэмжээгээр нэмэгдсэн зэрэг нь Засгийн газрын анхаарах ёстой асуудал болж байгаа юм. Засгийн газрын уржигдрын ээлжит хуралдаан дээр энэ талаар ярьсан байна. УУХҮ-ийн сайд Г.Ёндон нөхцөл байдлын талаар мэдээлэл хийжээ. Тэрбээр “...УУХҮЯ-наас “Роснефть” компанитай хэлцэл хийж, энэ оны 4, 5, 6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн АИ92 шатахууны хилийн үнийг тонн тутамд 840 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр дөрөвдүгээр сараас литр тутмын өртөг 3325 төгрөгт хүрэх тооцоололтой байсан. АИ92 шатахууны жижиглэнгийн үнийг 2390 төгрөг болгож тогтворжуулсан. 2022 оны долдугаар сард “Роснефть” компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны арванхоёрдугаар сарыг дуустал АИ92 шатахууны үнийг тонн тутамд 830 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрээд байна. Ингэснээр Сингапурын бирж дээр 1285 ам.долларт хүрсэн АИ92 шатахууны литр тутмыг 2390 төгрөгөөр он дуустал тогтвортой байлгах боломжтой болсон” гэжээ. 

 

Үүнээс гадна дээрх хуралдаан дээр манай шатахуун импортлогчид үнэ дээр тодорхой нэмэлт үүсгээд байгаа тухай яригджээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд шатахуун импортлогчдыг шахаж, дарамталсан өнгө аяс бүхий нэлээд ноцтой зүйл ярьжээ.

 

Тэрбээр “... Шатахуун импортлогчид тодорхой алдагдалтай явж байгаа нь үнэн. Гэхдээ АИ92 шатахууныг 830 ам.доллараар авахаар ярьж тохироод байхад үнэ нэмнэ гэж ярьж болохгүй. Шатахууны импортлогчид компаниуд үгсэн хуйвалдаж байгаа бол Засгийн газар “Роснефть”-д шууд борлуулах эрх олгож болно шүү. Угаасаа импртлогчид шатахуунаа нэг л үйлдвэрээс авдаг. Заавал дунд нь ашиг хийлгэх гээд царайчлаад байх шаардлагагүй. НИК-ийг хувьчилсан нь манай өнгөрсөн 30 жилийн бодлогогүй үйлдлүүдийн нэг байсан” гэсэн байна. Энэ нь шатахууны импортлогчдод албан ёсоор очсон эсэх нь одоогоор тодорхойгүй. Ямартай ч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид шатахуун импортлох үйл ажиллагаа эрхэлж буй үндэсний компаниудаа шахаж, дарамтлах бодлого барьж болзошгүй нь эндээс харагдаж байна.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин