Улаанбаатар төмөр зам ХНН-ээс ачаа тээврийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийв. 

УБТЗ-ын тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан "Улаанбаатар төмөр зам нь нийт 84 өртөө зөрлөгтэй, үүнээс 39 өртөө зөрлөг нь ачилт буулгалтын үйл ажиллагаа явуулдаг. Мөн найман өртөөнд чингэлэгтэй ирсэн ачаа тээвэрт боловсруулалт хийдэг.

Цар тахал эхлэхээс өмнө Хятадын хилээр Замын-Үүд өртөөнөөс хоногт чингэлгийн галт тэрэг хоёрыг хүлээж авдаг байсан. Энэ оны гуравдугаар сараас эхлээд хоногт 250-300 орчим чингэлэг хүлээн авч байна. Үүнээс болоод чингэлгийн бөөгнөрөл үүссэн. Тодруулбал, 2019 онд 67,000 чингэлэг авчирч байсан 2022 оны эхний найман сард 68,000 чингэлэг авчирсан байна. Улаанбаатар төмөр замаар тээвэрлэгдэж байгаа импортын ачаа маш их өсөлттэй, өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 1.5-2.2 дахин илүү хэмжээний чингэлгийг оруулж ирсэн байгаа. Хэвийн үйл ажиллагаа явуулж байх үед бид хоногт хоёр галт тэрэг буюу 100 чингэлэг оруулж ирдэг байсан" хэмээн нөхцөл байдлыг танилцууллаа. 

 

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн үргэлжлүүлэн "Нийт өртөөний хүчин чадлын ашиглалтыг танилцуулъя. Толгойт өртөө нь хоногт 1,070 вагон боловсруулах хүчин чадалтай боловч хоногт 1,425 вагон боловсруулж байна. Энэ нь хүчин чадлаасаа 33 хувиар илүү ачаа боловсруулж байна гэсэн үг. Түүнчлэн 

  • Улаанбаатар өртөө 58 хувиар
  • Амгалан өртөө 57 хувиар
  • Замын-Үүд өртөө 40 хувиар илүү ачаа боловсруулж байна. Монгол Улс руу орж ирэх импортын тээвэр маш их өссөнийг үүнээс харж болно.

Өнгөрсөн жил Хятадын төмөр замд хоногт 14-15 галт тэрэг хүлээлгэж өгдөг байсан бол энэ жил 10 галт тэрэг өгч байна. Энэ дундаа экспортын хоосон чингэлэгтэй хоёрхон галт тэрэг хятадууд хүлээж авч байгаа. Үүнээс болж хоосон чингэлгийн хуримтлал бий болсон. Энэ хоосон чингэлгийн хуримтлалыг багасгахын тулд хоосон чингэлэг байрлуулах дөрвөн талбайг бий болгосон. Эдгээр талбайд терминалууд дээр байгаа хоосон чингэлгүүдийг бүгдийг нь гаргаж байрлуулсан.

Нийслэлд нийт 14 терминал бий. Үүний 12 нь гаалийн хяналтын бүс, хоёр терминал нь гаалийн хяналтын бүсээр зарлагдаагүй зөвхөн хоосон чингэлэг хураадаг талбай юм.

Наадмын үеэр буюу долдугаар сард ачаа олголт бараг явагдаагүй гэж хэлэхэд болно. Улмаар ачааны бөөгнөрөл үүссэн. Энэ үед ачаатай чингэлэг их байсан. Гаалийн татвар, гаалийн бүрдүүлэлт хийх зэрэг санхүүгийн асуудлаас үүдэн хүмүүс ачаагаа авахгүй байна. Улмаар талбай дээр маш их хэмжээний ачаа хуримтлагдаж, чингэлгийн бөөгнөрөл үүсэж байна. Талбай дээр байгаа ачаануудаа гаалийн бүрдүүлэлт хийгээд яаралтай авахыг иргэдэд уриалъя" гэсэн юм.