Эдийн засагч, Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.


-Ам.долларын ханш явж өглөө. Ноён “ногоон”-ы өсөлтийг хязгаарлахад бодлогын ямар арга хэмжээ авах вэ?

-Доллар олох бодлого хэрэгтэй. Энэ бодлого нь экспортыг нэмэгдүүлэх бодлого байх болно. Тэгэхээр дэлхийн стандартыг хангасан бараа экспортлох судалгаа хийх хэрэгтэй. Ийм бараануудаа тодорхойлоод үйлдвэрлэх нөхцөлийг маш сайн хангах хэрэгтэй. Үүнд бага хүүний хувьтай зээлээр хангах, санхүүжүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх улс орнуудтай гэрээ хэлцэл хийхэд Засгийн газар нэгдсэн журмаар оролцох гэх мэт арга хэмжээнүүд авах нь зүйтэй л дээ.

-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн манай сонинд өгсөн ярилцлагадаа валютын нөөцөөсөө гарах урсгалаа нөхөж байна гэсэн. Энэ нь юу гэсэн үг юм бол?

-Экспортыг нэмэгдүүлэх тухай ярьсан байна. Бид импортоор бараа авч төлбөрийг нь доллараар төлдөг. Манай орноос валютын нөөц гадагшилж байгаа тул тэр гарч байгаа валютын гарах урсгалыг нөхөх тухай хэлж байгаа юм.

-Ам.доллларын ханшийн өсөлтийг авч үлдье гэвэл нэг бол валютын нөөцгүй болох, эсвэл ханшийн өсөлтийг сул тавиад валютын нөөцөө хэвээр хадгалах гэсэн хоёр сонголт байгаа гэх юм. Үүнийг тайлбарлаж өгөхгүй юү. Гадны улс орнуудад ингэдэг үү?

-Ам.долларын ханшийн өсөлт нь импортын барааны эрэлтээр тодорхойлогддог. Импортоор хэрэглээний 90 орчим хувийг хангадаг манай улсад импорт нэмэгдэх хэрээр нөөцөө алдах нь ойлгомжтой. Валютын нөөцийг хэвээр хадгалахын тулд дээр хэлсэнчлэн экспортыг нэмэгдүүлж доллар олж ирэх хэрэгтэй. Нөгөө талаар импортыг бууруулах бүхий л арга хэмжээг авах нь валютын гадагшлах урсгалыг багасгана. Импортын барааг орлуулах бараа үйлдвэрлэх үндэсний үйлдвэр чухал байгаа нь эндээс харагдаж байна. Засгийн газар олон улсын худалдааны дээрх бодлогыг байнга барьдаг. Гэхдээ хангалтгүй, хэрэгжихгүй байна гэж дүгнэж болно. Засгийн газар онцгой дэмжсэн бодлого барихгүй байна. Хамгийн наад зах нь аж ахуйн нэгжүүдийн өмнөөс манай барааны экспортыг нэмэгдүүлэх талаар улс орнуудтай гэрээ хэлцлийг хийж өгөх нь чухал. “Хөөрхий” аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо өрсөлдөөд л өөрсдөө гэрээ хэлцэл хийгээд л, бие биенийхээ үнэ ханшийг бууруулаад л яваад байгаа юм.

-Ханшийг тогтвортой байлгахын тулд нөөцөөсөө их хэмжээний ам.доллар гаргахаас өөр замгүй гэж Монголбанк хэллээ. Хэдий хэмжээний ам.доллар гаргаж байж үр дүнд хүрэх вэ. Манайд ямар боломж байна вэ?

-Ханшийг тогтвортой байлгахын тулд зах дээр валютын нийлүүлэлтийг нэмж өгөх нь зайлшгүй. Нийт Монгол Улсын импортын барааны үнийг тооцоолж манай улсын долларын нөөцийн хэмжээ гарна. Импортын бараанууд дотроос зайлшгүй бараануудын нийлүүлэлтийг тооцоолох хэрэгтэй болно. Жишээлбэл, эм, эмнэлгийн зайлшгүй хэрэгцээг тооцоолно гэсэн үг. Монголбанк энэ тооцоог байнга гаргаж байдаг бөгөөд импортын төлбөрийг хийх 11 долоо хоногийн валютын нөөцийг барьж байх бодлого барьдаг. Өмнө нь импортын зайлшгүй барааны нийлүүлэлтийг хангадаг 50 компанийн шаардлагатай валютыг тооцдог байснаа 100 компанийн хэрэгцээг тооцдог болсон байдаг түүх бий. Валютын нөөцөө барих манай боломж бол экспортыг нэмэгдүүлж, импортыг бууруулах л зам байна даа.

-“Төгрөгийн ханш өнөөдөр 15 хувиар суларсан нь хангалттай хэмжээнийх, үүнээс цааш сулрахгүй” гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч хэлжээ. Цаашид эдийн засаг сэргэхгүй бол төгрөгийн ханш хэдэн хувь хүртэл унах вэ?

-Энэ асуултад хариулахын тулд нэг зүйлийг хэлье. АНУ БНХАУ хоёрын хооронд гадаад худалдаан дээр юанийн ханшийн талаар байнга маргаан гарч байдаг л даа. АНУ, БНХАУ-ыг байнга Олон улсын худалдааны байгууллагад өгч гомдол гаргадаг. Маргааны гол санаа нь юанийн ханшийг Хятадын Засгийн газар, Хятадын төв банк зориуд бага сул байлгаж байна. Зах зээлийнх нь эрэлт ба нийлүүлэлтийнх нь зүй тогтлоор тогтоохгүй байна гэж гомдоллодог. Юанийн ханш байнга сул байдаг тул Хятадын экспортыг дэмждэг бодлого барьж ирсэн. Үр дүнд нь Хятадын бараа дэлхийн өнцөг булан бүрт хүрснээр харагдаж байна. Тэгэхээр манай төгрөгийн ханшийг сулруулах юм бол экспорт дэмжигдэх ба Монгол Улсын санхүүгийн зах руу доллар дотогшлох урсгал нэмэгдэнэ гэсэн үг.

-Ханшаа сул тавина гэдэг нь яана гэсэн үг вэ?

-Ханшаа сул тавина гэдэг нь валютын ханшийг түүний эрэлт нийлүүлэлтээр тодорхойлохыг хэлж байгаа юм. Долларын эрэлт нь импортын барааны эрэлтээр, харин долларын нийлүүлэлт нь манай улсын экспортын барааны эрэлтээр тодорхойлогдоно. Экспортод бараа гаргаж байгаа аж ахуйн нэгжийн дансанд доллар орж ирдэг. Энэ доллараа тухайн аж ахуйн нэгж төгрөг болгох үедээ банкиндаа хэлж, тэдний долларыг банк нь банк хоорондын зах дээр зарна.

Барааг импортоор авдаг аж ахуйн нэгж худалдан авсан барааныхаа төлбөрийг хийхийн тулд өөрийн харилцагч арилжааны банкиндаа доллар худалдан авах захиалга өгнө. Банк нь тухайн аж ахуйн нэгжид шаардлагатай долларыг банк хоорондын зах зээл дээрээс худалдан авна. Яг эдгээр үйл ажиллагааны явцад валютын ханш тогтоогдож байвал валютын ханшийг сул тавьлаа гэж ярина. Манайх энэ журмаар явдаг.

-Ер нь төгрөгийн ханш сулрахаар ямар үр дагавар гарах вэ?

-Төгрөгийн ханш суларна гэдэг нь долларын ханш чангарна гэсэн үг. Аливаа эдийн засгийн арга хэмжээ нь эдийн засагт үзүүлэх үр дүнгээрээ заавал эерэг, сөрөг гэсэн хоёр талтай байдаг. Дан ганц буруу, эсвэл зөв арга хэмжээ гэж байхгүй. Аль үр дагавар нь давамгайлж байна гэдгийг жигнэж байгаад шийдвэрээ гаргах ёстой гэхүү дээ. Тэгэхээр төгрөгийн ханш сулрах нь экспорт нь хямд төгрөгөөр үйлдвэрлэсэн барааг дэлхийн зах зээлд гаргаж үнэтэй доллараар зарахад хүргэнэ. Ингэснээр манайх руу орж ирэх долларын урсгал нэмэгдэнэ. Долларын ханш чангарснаар үнэтэй бараа импортоор орж ирэхэд хүргэх ба манай оронд инфляц өснө. Эндээс харвал хоёр талтай байгаа биз. Манай төгрөгийн ханш сулрах нь ийм л хоёр үр дагавар авчирдаг. Нэг талаас долларын дотогшлох урсгал нэмэгдэнэ, нөгөө талаас инфляци өснө. Манайх шиг импортлогч оронд инфляци өсөх үр дагавар нь давамгайлах талтай. Засгийн газар нөхцөл байдалд судалгаа хийсний үндсэн дээр бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Төв банк энд чухал үүрэгтэй оролцдог. Орон бүрийн нөхцөл байдал өөр учраас судалгаан дээр үндэслэн бодлогоо тодорхойлно гэдгийг дахин цохож хэлмээр байна.