Орос Украины дайн цөмийн зэвсэг хэрэглэх хэмжээнд яригдаад ч багагүй хугацаа өнгөрлөө. Өнөө цагт цөмийн бөмбөгийн аюул зөвхөн Орос, Украинаар хязгаарлагдахгүй. Том гүрнүүдийн хөзөр болсныг эрхбиш бид харж, сонсож сууна.

Тиймээс хилийн цаана хэзээ мөдгүй цөмийн аюул үүсч болзошгүйг манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хөндөгдсөн мэдээлэл ч байна. Хэрэв аль нэг улс нь цөмийн зэвсэг хэрэглэвэл түүнээс гарах хор уршиг, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хамгийн чухал зүйл нь йод гэж байна. Тийм ч учраас дайн бүхий бүс нутгийн иргэд, захиргаагаараа йодыг их хэмжээгээр нөөцлөх болсон байгаа юм.

Манай сонин ч энэ асуудлыг хөндөн бичсээр байгаа. Йодыг монголчууд нөөцлөх боломж байна уу, дотоодод үйлдвэрлэж болох уу?

Тэртээ хол мэт сонсогдовч маргааш нэн тулгамдсан асуудал болчихсон байж мэдэх энэ сэдвийг бид онцгой анхаармаар байна.

Товчхондоо цөмийн цацраг хүний биед нэвтрэхдээ хамгийн түрүүнд бамбай булчирхайг ноцтой гэмтээдэг. Үүнээс йод хамгаалдаг. Йод гэхээр шарх сорви ариутгагч бус шахмалаар шууд ууж хэрэглэхэд зориулсан бэлдмэлийг хэлдэг. Цөмийн зэвсэгтэй улс орнууд болон Орос, Украинд ийм йодыг эмийн сангуудад өргөн хэрэглээгээр худалдаалж байдаг гэдэг.

Манай улсад худалдаанд йод байдаггүй. Манайд томоохонд тооцогддог эмийн сангуудаас гэхэд “Ази фарм” компани йодыг нунтэг хэлбэрээр худалдаалж байгаад нэлээд эртнээс тасарсан. Тиймээс одоо худалдаалахаа больсон гэх мэдээллийг өгч байсан билээ.

“Хүрмэн” эмийн сан гэхэд “Бодис нь тасарсан учраас үйлдвэрлэхээ аль эрт зогсоосон” гэсэн бол “Монгол эм импекс” компани “Йодыг манай компани худалдаалдаггүй” гэж байна. Харин “Монос” компанийн хувьд йод агуулагдсан “Йодмарин” гэх эмийг л худалдаалдаг гэж байгаа. Бамбай булчирхайн дутагдалтай хүмүүс энэ эмийг авч хэрэглэдэг. Тус эм нь цацрагийн аюулаас хамгаалах хэмжээний бүрэн йод агуулагдаагүй, бусад эмийн хольцтойгоор хэрэглээнд байдаг. Үүнээс харахад манай эмийн сангуудад йод худалдаалдаггүй, үйлдвэрлэдэггүй нөхцөл байдалтай байна гэсэн үг.

Маш товчхондоо Монгол Улсад йод алга. Тэгвэл энэ ажлыг хариуцах боломжтой Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс тодрууллаа. Тус хүрээлэнгийн тайлбарлаж буйгаар сүүлийн 30-аад жил йод үйлдвэрлэж, туршиж байгаагүй гэнэ. “Манай улс йодын түүхий эдийн хувьд хомсдолтой улс орны тоонд ордог. Йодыг далайн ус, далайн замаг зэргээс ялгаж авдаг. Манайд ийм боломж байхгүй учир дотооддоо үйлдвэрлэх нөхцөл бүрдээгүй” гэсэн тайлбарыг Хими, химийн технологийн хүрээлэн өгч байна.

Манай улсын хувьд йодгүй бүс нутаг гэдгийг ДЭМБ зарласан байдаг аж. Манай нийт газар нутгийн 80 хувь нь йодын дутагдлын бүсэд хамаардаг. Нэг ёсондоо бид уснаас, хөрснөөс йод авах боломжгүй. Тийм ч учраас йодын дутагдлын эмгэгт өртөх эрсдэлтэй гэж мэргэжлийн эмч нар тайлбарладаг. Монголчууд йодын хэрэгцээнийхээ 92 хувийг хүнснээс, найман хувийг агаар, уснаас авдаг. Сүүлийн үед бамбай булчирхайн эмгэгүүд дотроос дутагдалд орж байгаа нь дийлэнх байгаа бөгөөд энэ нь йодын дутагдалтай холбоотой гэдгийг ч мэргэжилтнүүд онцолж байгаа.

Цөмийн зэвсгийн аюулыг дэлхий нийтээрээ мэднэ. Ирээдүйд энэ төрлийн зэвсгийг дэлхийн улс орнууд ашиглах нь цаг хугацааны асуудал ч гэж нэг талаас үзэж болохоор. Ийм нөхцөлд Монгол Улс эрсдэлээс хамгаалах бодлого давхар явж байх учиртай. Үүний нэг бол яалт ч үгүй цөмийн зэвсгийн хор хохирлоос ард иргэдээ хамгаалах үйлчилгээтэй гол эмчилгээ бол йод болж байна.

Харин манай улсад йодын үйлдвэрлэл битгий хэл гаднаас импортоор оруулж ирж байгаа тохиолдол алга. Түүхий эд нь алга гээд зүгээр сууж боломгүй чухал эд энэ л болж байна. Төр засгийн хэмжээнд энэ тухайд анхаарал хандуулж байгаа зүйл алга. Нэг өглөө босоод ирэхэд л хилийн цаана цөмийн бөмбөг хаячихсан байхыг үгүйсгэхгүй.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эрхбиш амьдралтай ийм асуудал дээрээ анхаарах хэрэгтэй байна.