Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.  

Өнөөдрийн хуралдаанаар 21 асуудал хэлэлцжээ. Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэмийн талаар болон салбарын сайд нарынх нь хүсэлтээр зарим хүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын Авто бааз төсөвт үйлдвэрийн газар нь 164 авто тээврийн хэрэгсэлтэй 210 орчим ажилтантай. Жилдээ улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг байсныг цаашид 100 автомашинтай 105 ажилтантай, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгож байна" гэлээ. 

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу Авто бааз нь Улаанбаатар хотын хэмжээнд автомашины дуудлагын үйлчилгээ үзүүлэх бол орон нутагт Засгийн газрын томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцах аж. 

Орон нутгийн өмчит байгууллагуудаас ойрын хугацаанд 1,000 орчим автомашин татан төвлөрүүлнэ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 250 машиныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хураан төвлөрүүлсэн. Ойрын хугацаанд дахин 205 автомашиныг хураан төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, нийт 509 автомашиныг хураан төвлөрүүлж, автомашин зайлшгүй хэрэглэх шаардлага бүхий эмнэлэг, онцгой, цагдаа, хил хамгаалах, гаалийн байгууллагад хэрэгцээнд тохируулан тарааж өгнө. 

Харин төрийн байгууллага ашиглах боломжгүй, элэгдэл нь байх ёстой хэмжээнд хүрсэн автомашинуудыг дуудлага худалдаанд оруулна. Өнгөрсөн хугацаанд нийт 23 автомашиныг 120 гаруй сая төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оруулсан. Олон аж ахуйн нэгж дуудлага худалдаанд оролцож, нийт үнэлгээ нь 375 сая төгрөгт хүрсэн байна.

Үлдсэн автомашинуудыг хэрэгцээт байгууллага руу нь шилжүүлнэ. Мөн орон нутгийн хэрэгцээнд буюу сум, багийн эмнэлэгт шилжүүлнэ. Гэхдээ хуулийн хүрээнд УИХ-аар оруулж, тогтоол батлагдсанаар шилжүүлэх ажлаа хийх юм" гэлээ. 

Түүнчлэн орон нутгийн өмчит байгууллагаас 1,000 орчим автомашин татан төвлөрүүлэх юм байна. Эдгээрт үзлэг оношилгоо хийн, хэрэгцээ шаардлага хангах эсэхийг дүгнэнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ. Мөн "Орон нутгаас автомашины хэрэгцээ шаардлага үүссэн талаар 700 гаруй хүсэлт бий. Тэдгээрт дээрх автомашинуудыг шилжүүлэхээр ажиллаж байна" гэв. 

ШУУД ҮЗЭХ:

Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэмийн танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийлээ.

Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор Эрдэнэс Тавантолгой компанид зургаан сарын хугацаатай дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон. Тус компани энэ оны эцэс гэхэд 500 сая ам.долларыг татан төвлөрүүлэх үүргийг хүлээсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор бүрэн эрхт төлөөлөгч өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлэл өглөө. 

Түүний мэдээлснээр Эрдэнэс Тавантолгой компани 16.5 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, 3.4 их наяд төгрөгийн өртэй, гэрээний урьдчилгаа хоёр их наяд төгрөгийг авсан байдалтай байна. Нийт 82 гэрээгээр нүүрс худалдаалан борлуулдаг. Үүнээс дөрөв нь офтек гэрээ байдаг байна. 

Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоож, гадаадын валютын урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд Боомтын сэргэлтийн үндэсний хороог өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хуралдуулсан. Үүнээс өмнө Лхагва гарагт бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон юм. Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, урт, дунд, богинын тээврийн уялдаа холбоог сайжруулах хүсэлтийг тавьсан юм. Уг хурлаас 10 заалт бүхий тогтоол гарч, холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл өгөгдсөн.

Өөрөөр хэлбэл нүүрсний урт, дунд, богинын тээвэр хоорондын уялдаа холбоог хангах, БНХАУ-ын хил орчмын ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүсийн үйл ажиллагаанд эрсдэл учруулахгүйгээр үүнийг зохион байгуулах үүрэг өгөгдсөнийг хэлье.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Хууль зүй, Зам тээвэр, Уул уурхайн сайд болон бусад холбогдох албан тушаалтан хүлээж байгаа.

Эдгээр арга хэмжээг авсны үр дүнд өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгой компаниас Цагаан хад хүртэлх нүүрс тээвэр өдөрт 600 гаруй машинд хүрч, нэмэгдэж байна. Бидний зүгээс Цагаан хаданд буусан нүүрсийг цааш хилээр гаргах тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа" хэмээн ярилаа.

Энэ оны төгсгөл гэхэд гадаад валютыг татан төвлөрүүлэх үүрэг хүлээсэн Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт ТӨҮГ, Монголросцветмет, Эрдэнэс Силвер зэрэг компаниудын валютын нөөцийг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй танилцаж, шаардлагатай ААН-үүдэд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаар болж байгааг дуулгалаа.

Эрдэнэс Тавантолгой компанид Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон юм.