Өнөө шөнө /2022.11.28/ Яармаг, Сонгино орчмоор -39...-41 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -43...-48 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -36...-41 градус хүрч, хүйтэн хононо хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээлэв. Иймд хол, ойрын замд гарахдаа дулаан хувцас, машин техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.

Түүнчлэн ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байх нь.

Огцом хүйтэрч байгаа тул нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хичээлийг өнөөдөр цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ хугацааг сунгах тухай яригдаагүй болохыг Нийслэлийн ЗДТГ-ын эх сурвалж хэлэв.

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-21 градусаар хүйтэрчээ. Тухайлбал Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -32...-41 градус хүрсэн бол Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25...-32 градус хүйтэн хоножээ.