Өнгөрсөн шөнө агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй утга Монгол орны нийт нутгийн 51 станц, өртөөдөд 1-7 градусаар эвдэгдсэн талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Тодруулбал, өчигдөр Яармаг, Сонгино орчмоор -39...-41 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -43...-48 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -36...-41 градус хүрч, хүйтэн хоносон юм.

Энэ нь 1975 оноос хойш ажиглагдаж буй тухайн өдрийн хамгийн хүйтэн шөнө байсан буюу 1975 оноос хойш тохиолдож буй хамгийн хүйтэн арваннэгдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 2022 онд тохиолоо.