Нүүрсний хулгайн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгээс мэдээлэл хийж байна. Уг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Ажлын хэсэг нь мөрдөн шалгах ажиллагаанд Засгийн газрын харьяа агентлагуудаас мэдээлэл гаргаж өгөх, гадаад улсаас хил гаалийн мэдээллийг өгөх, тусгай шинжээч нарыг томилох чиг үүрэгтэй ажиллана.

Өчигдөр ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулшгүй журмаар баривчилсан. Түүнийг ажиллах хугацаандаа өөрт давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Баривчлагдсан хүмүүсийн орон байранд нь үзлэг нэгжлэг хийгдэж байгаа" гэв.

 


 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Өнгөрсөн шөнө "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн ерөнхий захирал Б.Хишигдорж нарын найман иргэнийг хойшлуулашгүй журмаар баривчилсан.  

Найман хүнийг харвал, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн гурав, бусад нь “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хамаарал бүхий таван хүн байгаа. 

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Дээрх нэр дурдагдсан хүмүүсийн орон байранд үзлэг нэгжлэг хийгдэж байна. Мөн “Хишиг арвин индустрал" компанийн оффис, салбар оффист нэгжлэг хийгдэж байгаа.

“Хишиг арвин индустрал" ХХК нь Эрдэнэс Тавантолгой компани анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн хөрс хуулалт, олборлолт, операторын үйл ажиллагаа эрхэлж байгаа үндэсний томоохон компаниудын нэг гэх мэдээллийг авсан.

Тус компани болон хуучин захирал Б.Ганхуягтай холбоотой албан тушаал, авлигын гэмт хэргийн тодорхой нотлох баримт мэдээллүүд олдсон учраас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах,  хэргийн үнэн зөвийг тогтооход саад учруулж болзошгүй гэх үүднээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэх мэдээллийг дөнгөж сая АТГ-аас авлаа” хэмээв.

Энэ үеэр төв талбайд болж жагсаал цуглааны талаар дараах мэдээлэл өгөв. Тэрбээр "Иргэд олон нийтийн шаардлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа эрчимжиж байгааг хэлмээр байна. 

Харамсалтай нэг мэдээлэл байгаа нь төв талбайд зүрх сэтгэлийнхээ дуудлагаар нэгдэж, иргэдийн амьдралын сайжруулах төр засгийн бодлогыг үгүйлж шаардсан дийлэнх иргэд байхад захиалгатай улс төрийн тогтворгүй байдлыг бий болгохыг зорьсон, энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүс ч байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д сүүлийн жилүүдэд Монголын Оюутны Холбоо(МОХ)-ны үе үеийн удирдлагууд бүхий л удирдах албан тушаалыг хашиж ажилласан. 

Тухайлбал, МОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ганхуяг, н.Энхтүвшин, МОХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батсайхан мөн оюутны холбооны удирдах зөвлөл, ажлын албанд ажиллаж байсан хүмүүс энэ компанид олноороо ажилласан. Баг бүрдэж ажиллаж байсныг үгүйсгэхгүй.

Тэгвэл өнөөдрийн жагсаал цуглааныг зохион байгуулахад дээр дурдсан хүмүүсийн төлөөллөөс одоогийн Оюутны холбоо, их, дээд сургуулиудын Оюутны зөвлөлийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг Эрүүгийн цагдаагийн газраас шалган тогтоох ажил үргэлжилж байгаа" хэмээв.

Түүнчлэн тэрбээр "Олон нийтийн шударга ёс хүсэмжилсэн жагсаал цуглааныг өөрсдийнх нь нүүрсний хулгай, булхайг дэлгэх Засгийн газрын шийдвэртэй алхмыг сарниулах, магадгүй Төрийн ордон руу дайрч засаг төрийн хямрал үүсгэх гэсэн бусармаг жагсагчид байгаа тул иргэд хашир байгаарай" гэсэн юм.