Засгийн газрын өчигдөр болсон ээлжит бус хуралдаанаар "Тавантолгой" ХК-д 6 сарын онц дэглэм тогтоож, онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон юм.

Иймд өчигдөр орой Шадар сайдын ахалсан ажлын хэсэг тус компани дээр очиж, ажлаа хүлээлцлээ. 

Шадар сайд С.Амарсайхан "Тавантолгой ХК нь 51 хувь нь орон нутгийн буюу төрийн өмчит, ямар нэгэн байдлаар олон асуудал хөндөгдөж байгаа. Зарим аман дээрх нүүрсний нөөцийг хүртэл хоорондоо өгөлцөж авалцсан асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлэсэн. Онц дэглэм тогтоож байгаа асуудлыг аль болох зөв талаас нь ойлгох хэрэгтэй. Үүний цаана маш олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа" гэв.

"Тавантолгой" ХК-д томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг "Эргэлзээтэй байдлыг тайлж, хуулийн хүрээнд ажиллана. Мөн уурхайн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангана. Миний авсан мэдээллээр өдөрт 150 машин гарч байх ёстой" гэлээ. 

Энэ үеэр сэтгүүлчид "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэнгээс зарим зүйлийг тодруулав.

"2.4 сая тонн нүүрсийг гадаад болон дотоодын зах зээлд борлуулаад байна"

- Энэ онд хэдэн төгрөгийн ашигтай ажиллаж байна вэ?

- Энэ оны гүйцэтгэлээр 2.3 сая тонн нүүрс экспортолж, дотоодын зах зээлд 117 мянган тонн нүүрс борлуулсан. Нийтдээ 2.4 сая тонн нүүрсийг гадаад болон дотоодын зах зээлд борлуулаад байна. Оны эхний есөн сарын байдлаар 154 тэрбум төгрөгийн цэвэр ашиг, 504 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна. 

-УИХ-ын гишүүн асан Л.Энхболд хэвлэлд ярилцлага өгөх үеэр "Тавантолгой" ХК-аас 340,000 тонн нүүрс алга болсон. Үүнийг хуучин ТУЗ-ийн дарга, аймгийн Засаг дарга Р.Сэддорж шатсан гэж тайлбарласан гэсэн. Танайд 340,000 тонн нүүрс шатсан асуудал бий юу?

- Ер нь бол нүүрс тодорхой түвшинд шатдаг асуудал байдаг.

- 340,000 тонноороо юу?

- Тийм

ВИДЕО: