Улсын ерөнхий прокурор Б.Жаралсайхан сэтгүүлчдийн асуулдтад хариулт өглөө.

-Нүүрсний хэрэгтэй холбоотой 17 хүнийг шалгахдаа хангалттай нотлох баримт байгаа гэж хэлээд та бүхэн нэрийг нь зарласан шүү дээ?

-Би зарлаагүй.

-Прокурор зөвшөөрөл өгөөгүй байхад АТГ нэрсийг зарласан гэсэн үг үү?

-Зөвшөөрөл өгсөн өгөөгүйг энд ярихгүй. Жагсаал цуглааны асуудал хурцадмал байдалд хүрсэн. Гэм буруу нь бүрэн тогтоогүй хүмүүсийн талаар прокурор мэдээлэл өгөхгүй. Харин АТГ эхний ээлжид энэ хүмүүсээс тайлбар авна, гэрчийн мэдүүлэг авах хүмүүсээ л зарлалаа гэж ойлгож байна.

-Цаана нь байгаа 22 нэрс дотор УИХ, Засгийн газрын гишүүд байгаа юу?

-Тэрийг мөрдөх байгууллага хариулах боломжтой.

-Мөрдөх байгууллагууд прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөхгүй шүү дээ. Танайхаас зөвшөөрөл өгөх үү?

-Би зөвшөөрөл олгохгүй. Энэ зөвшөөрөл өгөх асуудлыг хянаж байгаа прокурор өгнө. Мөрдөх байгууллагаас ч гэсэн хүсэлт ирээгүй байна. Тухайн хэргийг мөрдөж байгаа байцаагч, прокурор хоёр л мэднэ.

-БНХАУ-аас ямар, ямар хүмүүсийн нэр ирсэн бэ. Нэрсийг прокурорын газар зарлахгүй гэж тайлбарлаж байгаа үндэслэлээ та хэлж өгөөч?

-Прокурорын байгууллагад ямар ч нэр ирээгүй. Мэдэхгүй байна. 2019 онд хоёр эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлт явуулсан. Хариу ирээгүй.

Мөн тэрбээр "Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нүүрсний биш өөр хэргээр шалгаж байгаа" талаар хэллээ.