Нүүрсний асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын үеэр Тавантолгой компанийн дэд захирал П.Мөнхтуул асуулт тавив.

Тэрбээр "Сангийн сайдын тавьсан илтгэл дээр нүүрсний хулгайн багц гэсэн таван багц гаргаж ирсэн.Үүнд Тавантолгой ХК-тай холбоотой 340 мянган тонн нүүрс гэх тоо явж байна. Өнөөдрийг хүртэл нүүрсний уурхай гэдэг сэдвийн ард орон нутгийн Тавантолгой буюу жижиг Тавантолгойн нэр үргэлж хавчуулагдаад, чирэгдэж яваа.

Сангийн сайдын тайлбараас сонсоход үүссэн, шалгагдсан хэрэг байхгүй гэж хэлсэн мөртлөө нүүрсний хулгайтай холбоотой гээд яагаад олон түмэнд мэдээлж байгаа вэ?  340 мянган тонн гэдэг тоог төрийн байгууллага нь шалгаж тогтоогоод  нь гэмт хэргийн шинжгүй болохыг 2021.11.15-ны тогтоолоор танилцуулчихсан. Энэ тоог хангалттай шалгасан. Тавантолгой компанийн нүүрс гээд учиргүй том тоо явж байна. Бид хоёр сая тонныг арай гэж гаргаж байна. Бид тав, нэг саян тонн нүүрсийг хилээр гаргах хариуцлагыг хүлээж чадахгүй гэв. 

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа "Энэ хүмүүс юунд алга ташиж байгааг би ойлгосонгүй. 1,072 хувьцаа эзэмшдэг энэ компанийн эзэмшлийн талбайгаас нүүрс аваад явчихсанд баяр хүргэж байгаа юм уу. Та нэг зүйл дутуу хэлж байна. Хуулийн байгууллага одоо ч шалгаж байгаа. Тэр мэдээллийн үндсэнд таван бүлэг асуудлын нэг нь болгож оруулсан. 340 мянган тонн нүүрс алга болсныг хоёр компани хоорондоо "ойлголцсон" гэсэн акт үйлдээд төлөөд явж байгаа юм билээ. Одоо 260 мянган тонных нь өглөг авлага аль алиных нь баланс дээр байгаа юм билээ" гэв.