Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлыг хоёр долоо хоногийн өмнө томилсон. Үүнтэй холбогдуулж тус компани цаашдаа цэвэр менежментийн компани болох ёстой. Энэ үүрэг чиглэлийн дагуу бүтцээ баталсан бөгөөд ажилчдын нээлттэй сонгон шалгаруулалтын талаар өнөөдөр мэдээлэл өгнө.

Түүнчлэн Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу УИХ, Засгийн газрын гишүүн, дэд сайд нарын хамаарал бүхий этгээдүүд нь тэднийг төрийн албанд ажиллаж байх хугацаанд төрийн өмчийн болон төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашдаггүй байх. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайд нарын өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдүүдийн компани нь төрийн тендер худалдан авалтын үйл ажиллагаанд ордоггүй байх зохицуулалтыг хийх үүрэг чиглэл өгсний дагуу ажил явагдаж байгаа" гэдгийг хэлэв. 

ВИДЕО: 

Монголын Хөрөнгийн Бирж олон нийтийнх болоход бэлэн болсон талаар МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн өмчийн бүтээмжийг, тэр дотроо засаглалыг сайжруулах том зорилго бий.

Энэ зорилтын хүрээнд Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит компаниудыг түүчээлэн олон нийтийнх болох Засгийн газар, УИХ-ын шийдвэрүүд гарсан. Энэхүү ажлын хүрээнд Монголын хөрөнгийн бирж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран IPO хийх бэлтгэл ажлаа хангасан. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох шийдвэр сая гарсан.

Үндсэндээ Монголын хөрөнгийн бирж ирэх долоо хоногийн Даваа гарагт IPO хийхэд бэлэн болсон" гэлээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол компани 89 орон тоотой, 7 газар, 7 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Өнөөдөр томилогдсон гүйцэтгэх захирлыг оролцуулахгүйгээр 88 орон тоонд сонгон шалгаруулалт хийх шийдвэр гарсан. Ур чадвартай мэргэжилтэнтэй, цалин хангамжийн хувьд Монголдоо топ компани байх учиртай.

Ахлах менежер буюу бидний хэлдгээр газрын даргын албан тушаалыг хасаж байна. Энэ компанид газрын дарга гэж байхгүй, ахлах менежер удирдана. Өнөөдөр ажиллаж байгаа хүмүүс хэвээрээ байгаа. Гэхдээ бүтэц өөрчлөгдөөд тусгай мэргэжил шаардсан ажлын байрууд бий болж байна. Одоо ажиллаж байгаа ажлын байр нь байхгүй болсон албан хаагчдад чөлөөлөгдөх мэдэгдлийг Эрдэнэс Монгол компанийн зүгээс өгнө.

2023 оны нэгдүгээр сарын 2-16-ны өдрүүдэд нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэл явагдана.

Тавигдах шаардлага:

  • Боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Нэг болон түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх

Ахлах менежерт тавигдах шаардлага:

  • Улсад 8 болон түүнээс дээш жил ажилласан байх
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил жил ажилласан байх.

Харин мэргэжилтэнд ажилласан жилийн шаардлага тавихгүй, мэдлэг, ур чадварыг үндэслэнэ.

Ажлын байранд бүртгүүлсэн иргэдээс хууль эрх зүй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр тестээр шалгалт авна. 1,000 орчин боловсон хүчин бүртгэгдэх байх гэж харж байна.

Шалгалтыг их, дээд сургуулийн профессоруудыг зөвлөхөөр оролцуулж, төрийн албаны зөвлөлийн шалгалтын системд суурилан зохион байгуулна. Нэгдүгээр шатанд болзол хангасан иргэдийг хоёрдугаар шатны буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар нүүр тулсан ярилцлагад оруулна.

Ярилцлага авах комисс их, дээд сургуулийн профессорууд, иргэдийн төлөөлөл, улс орондоо үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа томоохон групп, компаниудын төлөөлөл, МҮХАҮТ, төрийн төлөөлөл зэрэг 9 хүний бүрэлдэхүүнтэй байна.

Сонгон шалгаруулалтын хугацаа:

  • 2023 оны нэгдүгээр сарын 21, 22-нд тестийн шалгалт
  • 2023 оны нэгдүгээр сарын 23-28-ны өдрүүдэд нүүр тулсан ярилцлага хийгдэнэ.

Хоёрдугаар сарын 1-нээс Эрдэнэс Монгол компани олон нийтийн дундаас шалгарсан багаа бүрдүүлж, үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Цаашлаад Эрдэнэс Монгол компанийн 30 гаруй охин компанийн бүтцийг яг ийм зарчмаар ирэх оны эхний хагас жилд зохион байгуулна. 

Төрийн өмчийн компаниудад улс төрийн намын болон танил талын хүнээ ажилд оруулах буюу "шахааг" зогсоох ажлыг хийнэ" хэмээн танилцууллаа.