Урилга иржээ. 1947 оноос хойш тогтсон заншил юм. Эрдэмтдийн санаачилгаар анх эхэлжээ. “Doomsday clock” буюу "Сүүлчиийн өдрийн цаг." Хүн төрөлхтнийг устах аюулаас сэрэмжлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа.

Энэ цагийг шөнө дунд болохоос өмнө, 24 цаг дуусах мөчөөс тооцож зарладаг. Тусгайлсан сонгосон эрдэмтэд, олон нийтийн зүтгэлтнүүд оролцсон бүрлэдхүүн ёслолыг үйлддэг.

 

 

сонин mn

 

 

Анх 1947 онд цагийн тохиргоог сүйрлийн аюул болоход 7 минут дутуу байна гэж үзжээ. Нийт 24 удаа цагийг хөдөлгөснөөс 8 хойшлуулж, 16 урагшлуулжээ. Аюулын зэрэглэлийг судалж, цагийн тохиргоо хийх ажлыг хариуцсан тусгай зөвлөл болон төрөл бүрийн төв, институт ажилладаг. Жилд 2 удаа судалгааныхаа дүнг авч хэлэлцдэг.

 

Хамгийн сүүлд 2020 оны 1 дүгээр сарын 23-нд "Doomsday" цаг болоход 100 секунд үлдлээ гэж зарлажээ. Түүнээс хойших үйл явдлын өрнөлийг харахад цагийг маш оновчтой тооцсон санагдана. 2021 болон 2022 онд цагийн тохиргоог өөрчлөхгүй байхаар тогтжээ. 2018 онд 2 минут, 2017-2.30, 2015-3, 2012-5, 2010-6, 2007-5, 2002-7, 1998-9, 1995-14, 1991-17, 1990-10, 1988-6, 1984-3, 1982-4, 1980-7, 1974-9, 1972-12, 1969-10, 1968-7, 1963-12, 1960-7, 1953-2, 1949-3, 1947-7 минут гэж тус бүр зарлаж байжээ. 

 

сонин mn

 

Дээрх цагийн тусламжтайгаар хөрст дэлхийд амьдрагч хүн бүр өөрийгөө аюулын түвшин ямар байхад төрсөн мөнхүү өдгөө ямар цаг мөчид амьдарч байгаагаа харж тооцоолж болно гэсэн үг. Гол нь шийдвэр гаргагчид, олон нийтэд өгч байгаа сануулга, сэрэмжлүүлэг юм. Технологи, нийгэм, биологи, экологи, сансар, шашин гэх олон чиглэлээр уг таамаг төсөөллүүд улам сайн нарийвчлалтай гарсаар байна. 

 

Хүн төрөлхтөнд сүйрэл хамгийн их ойртсон жилээр 1962 он тодордог. Тэр жил "Кубын цөмийн хямрал" болж, цөмийн дайны аюул бодитой нүүрлэсэн цаг, минут тохиосон. Уг аюул холдсоноор хүн төрөлхтөн хотлоороо уужирч, дэлхий сүйрлийн цагаа 1963 онд 5 минутаар сунгаж байсан удаатай. 

 

Харин 1980-аад онд хүйтэн дайны байдал улам хурцдаж сүйрлийн цаг урагшилсан боловч, 1991 онд хүн төрөлхтөн дахин уужуу амьсгаа авч цагаа 17 минут болгон уртасгасан. Цөмийн зэвсгийг хорогдуулах, туршилтыг зогсоох гэрээ АНУ болон ЗХУ-ын хооронд зурагдсантай дээрхийг холбон авч үздэг. 

Гэвч сүүлийн гурван арванд сүйрлийн хугацаа цагийн тохиргоо хийх бүрд багассаар байна. Хамгийн сүүлд 1 минут 40 секунд болж ойртжээ. Өнөөгийн цаг мөчийг манай цэнхэр гаригт соёл иргэншил үүссэнээс хойш хүн төрөлхтөн хамгийн эмзэг, аюултай үедээ амьдарч байгаа он жилүүд гэж үздэг. Аюулын хамгийн томд цөмийн, биологийн, цаг уурын шалтгаанууд нэрлэгдэж байгаа ч дараагийнхаар нь хиймэл оюун ухааны удирдлагын асуудал тодорч байна. 

 

1960-аад онд хүй цөглөсөн бидний үед цөмийн дайны аюулыг онцгой ноцтойд тооцдог байлаа. Учиргүй цөмийн дайн болж шарагдаж шатаж дуусах азгүй үеийнхэн мэт төсөөлдөг байв. Хүүхэд хөгшид ялгалгүй дайн, империализмыг эсэргүүцсэн жагсаал цуглаанд дайчлагддаг байлаа. 

 

-Дайн хэрэггүй гэж Алтан Тээлийн хөндийд улаан бүчтэй дарцаглаж явсан үе надад бий. Одоо энэ үгээ дэлхийд сонсгож хэлэх хувь тохиолоо. Хүн төрөлхтөнд "Doomsday" хугацаа чинь ийм үлдэж байна гэж үзүүлэх, тэр цагийн тохиргоог хийж сануулах цор ганц болдог үйл ажиллагаа. Тэр ёслолын нэр нүүр болох зургаан хүний нэгээр нэрлэгджээ. 2023 оны 1 дүгээр сарын 24. Вашингтон. 

 

"Өмнөх ёслол нь тухайн үедээ дэлхийд хамгийн их анхаарал татсан мэдээгээр тодорч байсан шүү" гэж уригч тал бас сануулж. Урилга иржээ. Очдог л байхдаа..

сонин mn

 

сонин mn